УИХ-ын 76 гишүүнээс өнөөдөр 58 нь ажилдаа ирсэн ч өнөөдөр хуралдах байсан дөрвөн ч байнгын хорооны хуралдаан хойшлов. Гадаадад томилолттой нэг гишүүн байгаа нь Батлан хамгаалах сайд Д.Бат-Эрдэнэ юм байна. Харин Р.Гончигдорж, А.Бакей, Д.Батцогт, Ж.Батзандан, М.Зоригт, Д.Оюунхорол, М.Сономпил, Ж.Энхбаяр нарын гишүүд өнөөдрөөс зургадугаар сарын 19 хүртэл орон нутагт ажиллах томилолттой яваа аж. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнэ сонгууль хүртэл буюу зургадугаар сарын 24-ний өдөр хүртэл чөлөө авчихжээ. Мөн О.Баасанхүү, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, З.Баянсэлэнгэ, Ц.Цолмон, С.Эрдэнэ нар томилолтгүйгээр ажлаа тасалжээ. Мөн хоёр гишүүн өвчтэй байгаа гэхээр нийт 17 гишүүн ямар нэг байдлаар ажилдаа ирээгүй болж таарлаа.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор гишүүд тойрогтоо “ухуулга” хийх үүрэг аваад байгаа учраас ийнхүү томилолттой, томилолтгүй ажлаа цалгардуулж буй бололтой. Ер нь бол энэ долоо хоногт ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэх асуудлаа хойшлуулсаар байгаагаас үзвэл зургадугаар сарын 10-24-ний хооронд чуулганы хуралдааныг завсарлуулна гэсэн нь тодорхой бололтой.
Ш.ОЧ