Х.Баттулга ХАА-н биржийн арилжааг эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Х.Баттулга ХАА-н биржийн арилжааг эхлүүллээ

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүний нөөц, үнийг тогтвортой байлгах, ченжийн дамжлагыг халах зорилгоор Хөдөө аж ахуйн биржийн арилжаа хийж эхэлснээс хойш хоёр сарын хугацаа өнгөрчээ. Харин өнөөдөр гурав дахь сарын арилжааг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нээлээ.

ҮХАА-н сайд Х.Баттулга өнөөдөр арилжааны цан цохихын өмнө “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийг эдийн засгийн нэгдсэн зохицуулалтад оруулж, ХАА-н бараа, түүхий эдийн нийлүүлэгчид болох малчид, малчдын хоршоо, тариаланчдын орлогын хуваарилалтыг зохистой болгох, үйлдвэрлэл эрхлэгчид чанартай түүхий эдийг олон шат дамжлагаар дамжсан элдэв нэмэгдэл өртгөөр бус, илүү хямд өртгөөр бэлтгэх боломжийг бий болгоно. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн үнэ ханшид нөлөөлөх дотоод, гадаадын нөлөөллийг эрс багасгах давуу талтай юм. Мөн цаашид боловсон хүчин бэлтгэх, түүхий эдийн тээвэрлэлт гэх мэт анхаарах асуудал олон байгаа” хэмээн онцолсон юм.

Хөдөө аж ахуйн уламжлалт худалдаа, наймааг шинэчилж буй биржийн арилжааг хийдэг болсноос хойш нийт 260 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Ингэхдээ  Сүхбаатар, Хэнтий, Дорнод болон төвийн аймгуудыг хамруулан ноолуурын арилжаа хийсэн юм. Тодруулбал, өнөөдрийн байдлаар биржээр дамжуулж 4286.0 тонн ноолуур, 24 тонн тэмээний ноос буюу 260 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Ноолуур худалдах, худалдан авах бүх захиалга брокер компаниар дамжих бөгөөд ХАА-н биржид 32 брокер үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн байна. Арилжаа эхний өдрүүдэд авах захиалга их байсан бол яваандаа авах, зарах захиалга тэнцүү болох хандлага харагдаж байгаа тухай  брокериуд хэлсэн юм.

Одоогийн байдлаар биржийн арилжаа брокерийн компаниудаар дамжуулан, хөдөө орон нутгаас утсан холбоо болон программ ашиглан холбогдож, ноолуур авах, зарах захиалгаа нэгтгэж буй ч 2014 оноос үнэт цаасны зах зээлийн арилжаанд ашигладаг шиг зориулалтын программ нэвтрүүлэх ажээ. Арилжаатай холбоотойгоор хүнс экспортлогч нарт сануулахад, цаашдаа биржээр арилжих жагсаалтад орсон хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн, түүхий эдийг экспортоор гаргахдаа заавал биржээр оруулсан байх шаардлагатай болж байна.
Ийнхүү туршилтын арилжаагаар ноолуурыг л оруулж байгаа бол цаашдаа хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг арилжих нэр төрлийг улам нэмэгдүүлж, хүнсний бүтээгдэхүүнийг худалдах юм байна. Уг шууд бус худалдаагаар аливаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг шинээр нь, хүссэн хэмжээгээрээ эрэл сурал болохгүйгээр худалдаж авах боломжтой гэж буй. Биржээ амжилттай ажиллуулахын тулд зөвхөн бүтээгдэхүүний нэр төрөл, брокер, нийлүүлэгчдийн тухай ярихаас гадна арилжааны төрлүүдийг шинээр нэвтрүүлэх ажээ. Үүний нэг бол “фьючерс” буюу ирээдүйд биелэх арилжаа ажээ. Хүмүүс тэдий хугацааны дараа тийм хэмжээний бараа, бүтээгдэхүүн худалдан авна гэсэн захиалгаа өгч, түүгээр арилжаа хийгдэж байх арилжааны тогтвортой байдлыг хангасан төрлийг ашиглана гэж албаныхан хэлж байсан. Ямартай ч хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдснаар малчдад бараа, түүхий эдийн үнэ, зах зээлийн талаарх ил тод, бодитой мэдээллийг шуурхай, тасралтгүй авч болох ажээ. Салбартаа онцлог энэхүү арилжаа амжилттай үргэлжилбэл малчид, түүхий эд боловсруулагчид  хөдөлмөрийнхөө үр шимийг бодит үнэлүүлэх бөгөөд түүхий эдээ хэрхэн борлуулах тухай бодох шаардлагагүй  болж, өрхийн орлого тогтворжих боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж