Япон Бразилийг зорих анхны эрхийг авлаа

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Япон Бразилийг зорих анхны эрхийг авлаа

Бразильд 2014 онд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн бүсийг төлөөлөн Японы шигшээ баг хамгийн түрүүнд эрхээ авлаа. Японы шигшээ баг өчигдөр хүчирхэг Австралийг талбайдаа хүлээн авч, 90+1 дэх минутад торгуулийн цохилтоос гоолдож, тэнцсэнээр Бразилийг зорих эрхтэй болжээ. Дэлхийн аваргад оролцох эрхийн буюу Японы шигшээ багт тэнцээ авчирсан гоолыг Кэйсүкэ Хонда оруулсан юм. Японы шигшээ баг 1998 оноос хойш хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож буй билээ.

Хөлбөмбөгийн ДАШТ-д Азийн бүсийг төлөөлөн, дөрвөн орон оролцдог. Азийн бүсээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд 10 улс А, В гэсэн  хоёр хэсэгт хуваагдан өрсөлдсөн. Японы шигшээ багийн хувь В хэсэгт сугалаа таарсан. Одоогийн байдлаар Азийн бүсийн шигшээ багууд 6-7 тоглолт хийгээд байна.

Азийн бүсийн В хэсгийг Япон шигшээ 15 оноотойгоор тасархай тэргүүлж байгаа бол Австрали, Йордан долоо, Оман зургаа, Ирак таван оноотойгоор эхний таван байрт бичигдэж байна.

Харин А хэсэгт хамгийн ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Энэ хэсгийг Өмнөд Солонгос, Узбекстаны шигшээ багууд 11 оноотойгоор тэргүүлж байна. Харин гуравдугаар байрт 10 оноотой Ираны шигшээ бичигдэж байна. 

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж