ЭЗБХ-ны хуралдааныг хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

ЭЗБХ-ны хуралдааныг хойшлууллаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс шалтгаалж тодорхойгүй хугацаагаар хуралдаанаа хойшлууллаа. Тус байнгын хорооны хуралдаанаар Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтуудад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Эрчим хүчний сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөөд байсан юм. Мөн Эдийн засгийн байнгын хорооноос өнгөрсөн онд тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтийн талаарх Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн сайдын мэдээлэл сонсохоор төлөвлөөд байв. Гэвч эл асуудлыг хэзээ хэлэлцэн шийдвэрлэх нь тодорхойгүй байдалд орж хүлээлтэд оров.

Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын Аюулгүй, байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болох байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас цуцалсны зэрэгцээ тус байнгын хороод тусдаа хуралдах байсан нь мөн цуцлагдсан юм. Энэ байдлаас үүдэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал хүлээгдэж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Маргааш УИХ-ын чуулганыг хүчлэн байж хуралдууллаа гэхэд баасан гаригт болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал байхгүй ээлж өнгөрөөх зорилгоор Засгийн газрын цагаар мэдээлэл сонсоод оромдоод өнгөрч болзошгүй болоод байна.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж