Драмын театрынхан 21 аймгийг тойрон аялжээ

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Драмын театрынхан 21 аймгийг тойрон аялжээ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын сүүлээр жуулчдад зориулсан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Энэ талаар УДЭТ-ын маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэлээс тодрууллаа.

-Драмын театраар сонин юу байна?

-Манай театрын уран бүтээлчид өнгөрсөн тавдугаар сард нэлээд ажилтай байлаа. Төв аймагт театрын өдрүүдийн аялан тоглолтоо хийгээд ирлээ. Гол зорилго нь төр, засгаас баримталж байгаа соёл урлагийн бодлогыг хэрэгжүүлэх, хөдөөгийн хэрэглэгчдэд мэргэжлийн байгууллагын уран бүтээлийг хүргэх, орон нутгийн театр, төвийн мэргэжлийн театрын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд 2002 оноос орон нутгийн аялан тоглолтоо сэргээсэн юм. Бид энэ хугацаанд 21 аймагт аялан тоглолтоо хийхээр төлөвлөж ажилласан. Төв аймаг эцсийн зогсоол байлаа. Энэ жил Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байгаа учраас нэлээд өргөн цар хүрээнд хийсэн байгаа.

-Аяны богцоо ямар уран бүтээлээр дүүргэсэн бэ?

-Аялан тоглолтын хүрээнд хийсэн нэг ололттой зүйл гэвэл Төв аймгаас төрөн гарсан ахмад алдар, цолтой уран бүтээлчдэд аймгийнхан нь хүндэтгэл үзүүлж, хүлээн авсан байгаа. Гавьяат жүжигчин Лха.Долгор, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Ардын жүжигчин А.Очирбат, Ардын жүжигчин Г.Мягмарнаран нарыг Төв аймгийн удирдлага, иргэд хүндэтгэл үзүүлэн хүлээн авсан. Уран бүтээлийн хувьд бид уран сандаа байгаа жүжгүүдээсээ төрөл бүрээс нь сорчлон сонгосон. Үүнд, түүхэн жүжгээс Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, сонгодог бүтээлээс Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл”, орчин үеийн жүжгээс В.И.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”, Ц.Балдоржийн  “Хайрын виз”, хүүхдийн уран бүтээлээс Ксения Драгунскаягийн “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгүүдийг Төв аймгийн үзэгчдэд толилуулсан байгаа. Бид эдгээр уран бүтээлүүдээ 50 хувийн хөнгөлттэй үнээр тоглож, бэлэг барьсан. Бидний аялан тоглолтод Төв аймгийн удирдлага болон орон нутгийн 40 гаруй байгууллага дэмжин хамтран ажилласан.

-УДЭТ-ын уран бүтээлчид аялан тоглолт хийх бүртээ уран бүтээлчидтэй хийх уулзалт хийдэг. Энэ удаад ч мөн Төв аймгийн үзэгчидтэй уулзсан гэсэн?

-Тийм шүү. Бид тоглолтоосоо гадна ЕБС-ийн сурагчид, иргэдтэй уран бүтээлчдийн уулзалт зохион байгуулж, халуун дотно яриа өрнүүлсэн. Мөн Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай Төв аймгийн Лүн сумын харьяат. Тэрээр ойгоо тохиолдуулаад Лүн сумын иргэдэд “Найрын ширээний ууц” жүжгээ үнэ төлбөргүй тоглож, бэлэг барьсан байгаа. Бид өмнө нь аялан тоглолтынхоо хүрээнд 30 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй явдаг байсан бол энэ удаад 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, театрын маань дарга, дэд дарга, ерөнхий найруулагч, найруулагч, уран бүтээлчдийг хамруулсан. Бидний аялан тоглолтыг дэмжин  ажилласан Төв аймгийн удирдлагууд болон “Монгол туургатан” театрын хамт олондоо баярлалаа гэж хэлье.

-Өнгөрсөн тавдугаар сар хүүхдийн жүжгийн сар байсан. Мөн театрын уран бүтээлчид  “Норовын намтар” хүүхдийн шинэ жүжиг тавихаар ажиллаж байгаа. Бэлтгэл ажил ямар шатандаа явна?

-Бид сар бүр онцлон нэгэн сэдвийн дор уран бүтээлээсээ дээжлэн хүргэж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард “Сонгодог жүжгийн өдрүүд”, дөрөвдүгээр сард “Хайрын жүжгийн өдрүүд”, тавдугаар сард “Хүүхдийн жүжгийн өдрүүд” болгон зарлаж бяцхан үзэгчдээ баярлууллаа. Үүнд, “Лусын дагина”, “Тэмүүжин”, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгийг тоглон Хүүхдийн баярын өдөр эдгээр жүжгээсээ үзэгчдийн дунд илүү эрэлттэй байгаа “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгээр бэлэг барьсан байгаа. Энэ уран бүтээл нь 2007 онд БСШУЯ-аас зарласан хүүхдийн уран бүтээлийн уралдаанд шалгарсан бүтээл юм. Найруулагч Б.Хишигзаяагийн найруулсан уг бүтээлийн гол дүрд жүжигчин Д.Ганцэцэг, Б.Нармандах нар тоглосон. Эцэг эхчүүд ч бидэнд энэ уран бүтээлийн талаар маш их санал, сэтгэгдлээ хэлсэн.

Дараагийн шинэ уран бүтээл бол “Норовын намтар” хүүхдийн жүжиг байгаа. Уг жүжгийг энэ сарын 16-нд уран сайхны зөвлөлд хяналтад өгөхөөр бэлэн болсон. УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин уг бүтээлийг хүүхдийн бэсрэг найраглалаас орчин цагт зориулан  зохиолыг нь шинэчлэн бичиж, мюзикль хэлбэрээр тайзнаа найруулан тавьж байгаа. Гол дүрд нь, манай театрын маркетингийн албаны менежер Чингүүн маань тоглож байгаа.

Жүжгийн нээлтийг бид  ирэх есдүгээр сарын 1-нд буюу эрдмийн баяраар хийхээр төлөвлөөд байгаа.

-Энэ сард драмын театрын тайзнаа ямар уран бүтээл үзэгчдийн хүртээл болох вэ?

-Зун цаг ирж, жуулчны улирал эхэлж байна. Бид гадаад зах зээл рүү хандсан, гадаадын үзэгчдэд уран бүтээлээ толилуулъя гэсэн үүднээс өнгөрсөн жил ССАЖЯ-тай хамтарч, “Цагаан сар”, “Монгол эмэгтэйн хуримлах ёс” гэсэн сэдвээр театрчилсан тоглолт бэлтгэн хүргэсэн. Үүнийг зөвхөн жүжигчилсэн хэлбэрээр тайзнаа үзүүлснээс гадна Монголын ёс заншил, үндэсний хөгжмийн зэмсгүүд, морин хуур, бие биелгээ, ардын дуу гээд бүгдийг нь харуулсан уран бүтээл хийсэн. Энэ театрчилсан тоглолтын зохиолыг Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичиж, Ч.Түвшин найруулагч тайзнаа тавьсан. Жуулчдад зориулсан уг тоглолтоо энэ сарын сүүлээр тайзнаа тавихаар төлөвлөөд байгаа. Одоогоор эцсийн байдлаар батлагдаагүй байгаа.

Театрын уран бүтээлчид маань Үндэсний их баяр наадмын арга хэмжээнд оролцоод, долдугаар сарын сүүлээр амарна. Гэхдээ эрт ажилдаа орно. Учир нь дэлхийн сор болсон сонгодог бүтээл  “Дон Кихот”-ыг шинээр тайзны бүтээл болгох гэж байгаа. Мөн драмын театрын аялан тоглолтоо говийн бүсийн аймгуудад хийнэ. Маш их ажил байгаа учраас намрын ажилдаа эртлэн орно доо.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж