Ногоон хөгжил гэхээр мод ургамал тарих, цэцэг навчаар өрөө тасалгаагаа чимэх төдий өнгөц ойлголт олны дунд бий. Мэргэжлийн хүмүүсийн хувьд зорилго зорилт нь тодорхой байж болох ч жирийн иргэдэд танил бус энэхүү хөгжлийн талаар энд өгүүлэхийг зорилоо. Эдийн засгийн үр өгөөж, ашиг орлогыг илүүд үзсэн өнөөгийн хөгжлийн бодлогыг “хүрэн эдийн засаг” гэж нэрлэдэг ажээ. Олон улсын байгууллагуудын зүгээс хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжихийн тулд юун түрүүн ногоон эдийн засгийг дэмжсэн үндэсний бодлогын шинэчлэл хийх, ногоон эдийн засгийн урамшуулал ба хөшүүргүүдийг бий болгох, санхүүгийн болон эрх зүйн орчныг бий болгох зэрэг ажлыг эхэлж хийхийг сануулж байна. Монголчууд эртнээс нааш байгаль эхтэйгээ хүйн холбоотой аж төрж ирсэн. Энэхүү сайхан уламжлалыг дэлхий нийт ногоон хөгжлийн үндэс суурь нь хэмээн харж байгаа юм байна. Арабын орнууд шиг ард нийтээрээ баяжиж хөлжсөн түүх үгүй ч байгалиа унаган төрхөөр нь авч үлдэх, үр хойчдоо уул устай, ургамал ногоотой нь өвлүүлэх мэргэн ухаанд балчир ахуйгаасаа суралцсаар ирсэн.
Нийт хүн амын 27,4 хувь нь ядууд тооцогддог, хөдөөд ядуурал, ажилгүйдэл их, дэд бүтцийн хангамж муутайгаас нийслэлдээ нийт хүн амын 41,5 хувь нь төвлөрөн амьдарч байна. Үүнээс болж хөдөө нутаг эзгүйрэхэд хүрсэн бол Улаанбаатар хот ачааллаа дийлэхгүй хорт утаа, тоосжилтын хэмжээгээр дэлхийд дээгүүрт жагсч байна. Гэхдээ монголчууд хот, хөдөөгийн хаана ч амьдарсан байгаль дэлхийгээ гэх сэтгэл нь ор мөргүй арчигдчихаагүй байгаа дээр ногоон хөгжлийн талаар ярилцаж эхэлж байгааг азтайд тооцох гадны зочин цөөнгүй байна. Ногоон хөгжил гэдэг нь байгаль орчны салбараас бусад салбарууд нь байгаль орчинд ээлтэй, хор хөнөөлгүй, үр ашиг өндөр, ач холбогдол ихтэй үйл ажиллагаа явуулахыг хэлдэг ажээ. Бас хамгийн өндөр үр ашигтай, хэмнэлт гаргаж чадаж байгаа загварыг ногоон эдийн засаг буюу ногоон хөгжил гэж ойлгож болно. Энэ бүгдийг монгол хүний эх нутгаа гэсэн сэтгэлгээнд үндэслэн цогцлооход хамгийн хялбар гэж экспертүүд үзэж байгаа юм.
Өнөөдөр дэлхийн зарим улс орон устаж үгүй болсон унаган байгалиа сэргээх, ургамал амьтдаа генетикийн аргаар гарган авахын тулд асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарж эхэлжээ. Мөн дэлхий нийтийн хэмжээнд дулаарал нүүрлэжээ. Хүн төрөлхтөний сүүлийн 250 жилийн хөгжлийн сөрөг үр дагавар нь озоны давхаргын нимгэрэл, хүлэмжийн хийн нэмэгдэл болж байна. Үүний нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт явагдаж, дэлхийн дулаарал дунджаар 0,7-аар нэмэгдсэн бол Монгол Улсад түүнээс гурав дахин их буюу 2.1 хувиар нэмэгджээ. Энэ нь манай улс бусад улсын үйлдвэрлэлийн хөгжлийн нөлөөнд хохирч байгаагийн илрэл юм. Хөгжлийг ногооруулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэнэ.
Тэгвэл та бид ногоон хөгжилд яаж оролцох хэрэг вэ хэмээн уншигч та гайхаж байна уу. Өрөө тасалгааны илүүдэл гэрэл болон ажиллаагүй компьютерийг унтраахаас эхлээд энгийн боловч их хувь нэмэр бий гэнэ шүү. Гэрлийнхээ чийдэнг сүүн гэрлээр сольж, цаасыг хоёр талаар нь хэрэглээд хэвшчихвэл ногоон хөгжилд оруулж буй таны хувь нэмэр юм. Бичиж буй зүйлээ 12-тын шрифтээс 11 болгон өөрчлөхөд л 12 хувийн хэмнэлт гардаг гээд бод доо. Ингэснээр 100 ширхэг цаас хэрэглэх байсан бол 88-ыг хэрэглэж 12 ширхэг цаас хэмнэнэ гэсэн үг. Угтаа 12 ширхэг цаасаа та ирээдүйд үлдээж байгаа төдийгүй 100 мод тайрах байсны 12-ыг нь үлдээлээ гэсэн үг юм.
Харин улс орны хэмжээнд ДНБ-ий хоёроос доошгүй хувийг ногоон хөгжилд зарцуулж, байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэн, эдийн засгийн салбаруудын нүүрстөрөгчийн бүтээмжийг дээшлүүлэх, нөөц ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх ногоон хөрөнгө оруулалтыг өсгөх зорилт дэвшүүлээд байгаа юм. Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжиж, ногоон технологид суурилсан боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, нийт аж үйлдвэрийн салбарт эзлэх хувийг 2020 онд 40 хувь, 2030 онд 55 хувьд хүргэхээр зорьжээ.
Өнөөдөр дэлхий нийтээрээ тэмдэглэж буй байгаль орчны өдрийн 2013 оны уриа нь “Хүнсний хэмнэлттэй хэрэглээ буюу Бодъё, хэрэглэе, хэмнэе. Хоол, хүнсний хаягдлыг багасгая”. Хүнс хоолыг бид дэлхий нийтийн асуудал гэж бодож байсан бил үү. Хүмүүс өөрсдийнхөө халаасан дахь мөнгөндөө тохируулан хэрэглэдэг зүйл гэж ойлгодгоос хөршийнхөө тогоог ч өнгийхийг цээрлэдэг. Гэтэл өдгөөд дэлхийн долоон тэрбум хүнийг хоол хүнсээр хангана гэдэг глобал асуудал болсон төдийгүй харилцан хамааралтай, гинжин урвалд орж байдгаас дээрх уриаг дэвшүүлэн тавьсан байна.