Нийгмийн халамжийг баялгийн хуваарилалтаас ялгаж үзэхийг Дэлхийн банк сануулав

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Нийгмийн халамжийг баялгийн хуваарилалтаас ялгаж үзэхийг Дэлхийн банк сануулав

2009 он улиран одоод  хоёр саргаруйн хугацаа өнгөрч байгаа ч Дэлхийн банкнаас өнгөрсөн оны эдийн засгийн байдлын талаарх тайлан болоод энэ оны төлөв байдлыг  өнөөдөр танилцууллаа.Өнгөрсөн онд дэлхийн ядуусын тоо 64 саяар өсч, хөгжиж буй орнуудын төдийгүй хөгжингүй орнуудын хувьд ч хүндрэл учирсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин энэ удаа 2010 оны төлөв байдал ямар байх талаарх Дэлхийн банкны таамаглалыг уншигчдадаа хүргэе.

Хөгжиж буй орнуудын ДНБ дэлхий нийтийнхээс давна

Өнөөдрийн байдлаар нийт хямралын хүнд үеийг ардаа үлдээжээ. Дэлхийн хэмжээнд хөрөнгийн зах зээлд сэргэлт ажиглагдаж эхэлсэн төдийгүй хөгжиж буй оронд гаргаж байгаа бондын хүүг 0,8 хувиас 0,3 хувь болгон бууруулсан байна. Гэвч энэ бол хэврэг сэргэлт гэдгийг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед сануулж байлаа. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 2010 онд 2,7-2,8 хувийн, 2011 онд 3,2 хувийн өсөлттэй гарах магадлалтай гэнэ. Энэ бол тун даруухан тооцоо гэж мөн онцолсон. Хөгжиж буй орнуудын ДНБ-ний өсөлт дэлхийн өсөлтийн хэмжээнээс нэг дахин өндөр буюу 5,2 хувьтай байхаар төлөв ажиглагджээ. Үүнд Хятад, Энэтхэг хоёрын нөлөө тун их ажээ. Хэрэвзээ энэ хоёр орныг хасч тооцох юм бол хөгжиж буй орнуудын ДНБ-ний өсөлт эсрэгээрээ  -2,2 хувьтай байж ч болох юм гэсэн дүгнэлтээс дээрх хоёр орны нөлөө бүс нутагтаа хэчнээн хүчтэйг харж болохоор байгаа юм. Зүүн Азийн орнуудын эдийн засгийн сэргэлтийн хурд өндөр байгаа бөгөөд энэ бүст инфляци зургаан хувь байх бол Европ, Төв Азид эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаагаас инфляцийн хэмжээ 10-12 хувьд хүрч болзошгүйг Дэлхийн банк анхаарууллаа.
2009 оны 7,8 дугаар сард дефляци ажиглагджээ
Дэлхийн банкны эдийн засагчдын судалгаагаар өнгөрсөн оны долоо, наймдугаар саруудад Монголын эдийн засагт дефляцийн үзэгдэл ажиглагджээ. Энэ нь төв банкнаас мөнгөний бодлогоо чангаруулсны дээр арилжааны банкууд зээлээ хязгаарласантай холбоотой юм байна. Харин 2010 оны нэгдүгээр сарын хувьд 2009 оны дөрөвдүгээр улирлын дүр зураг үргэлжилжээ. Дуулууштай нэг сайн мэдээ гэвэл нэгдүгээр сарын байдлаар төсвийн орлого нэмэгджээ. Энэ нь 2009 онд явуулсан зардал хэмнэх бодлогын үр дүн ажээ.

Ойрын хоёр жилдээ Монгол Улсын төсөв хүндрэлтэй хэвээр байна
Ийм дүгнэлтийг Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аршад Сайед хэлж байна. Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв дунд хугацаандаа эерэг үзүүлэлттэй байх төлөвтэй ч ойрын 2-3 жилдээ төсөвт хүндрэл ажиглагдсан хэвээр байх ажээ. Монгол Улсын төсвийн багагүй хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувийг эзэлдэг гэнэтийн ашгийн татварыг цуцалсан нь төсвийн хүндрэлийн эх сурвалж  юм байна. Гэхдээ 2010,2011 онд ДНБ-ний өсөлт 7-8 хувьд хүрэх боломжтой ажээ. Монгол Улс ойрын буюу богино хугацааны зорилго зорилтоо зөв тодорхойлсон эсэхээс олон зүйл шалтгаална гэдгийг ноён Аршад Сайед яриандаа онцолсон юм. Үүнд төсвийн хүрээ, орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, төсвийн төлөвлөгөөг нямбай хийж, мөнгөний бодлогодоо мониторинг хийх, нийгмийн халамжийн бодлогоо тодорхой болгох зэрэг хийх ажил их байгааг мөн сануулав. Нэн ялангуяа эрдэс баялгаас ард олондоо хувь түгээх гэдгийг нийгмийн халамжийн бодлогоо салангид байлгахын дээр энэ цаг үеийн иргэдээс гадна ирээдүй хойч үеийнхэн ч баялгаас хувь хүртэх эрхтэй гэдгийг мартаж болохгүй гэсэн юм. Ирээдүйд зориулан хөрөнгө төвлөрүүлэх туршлагаараа Чили улс дэлхийд тэргүүлдэг ажээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж