Төрийн ордны зүүн талын энэ барилгыг танихгүй хүн бараг үгүй ээ. Хуучин “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн барилга байсан энэ байшин одоо хотын төвийн “Балгас” гэдэг шинэ нэртэй болсон. Ямар сайндаа л саяхан Монголд болсон Ардчилсан орнуудын уулзалтын үеэр ягаан балгасыг цэнхэр “даавуу”-гаар бүтээж, гадны зочдоос нууж байхав.
Гэтэл ирсэн зочид буцахтай зэрэгцэн нуусан байшингийн бүтээлэг салбайж урагджээ. Хотынхны “оёж” өгсөн цэнхэр дээл нь урагдаж, хаврын хавсарга шуурганд талаар нэг тарсан байна. Хэвлэх үйлдвэрийн хувьчлалын асуудал маргаан дагуулж, барилгынх нь эзэд эзгүй байгаа ч хэзээ болтол ингэж хотын төвдөө хогтой балгастай байх юм бол доо. Эсвэл ингэж өнгө өнгийн даавуугаар бүтээсээр байх юм болов уу.