
Хамтарсан Засгийн газрын баталсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдан зургаан хувийн хүүтэй зээл авахаар шийдвэр нь гарсан ч Засгийн газраас олгох 50 сая төгрөгийн санхүүжилт олгогдоогүйгээс хохирсон иргэд Сүхбаатарын талбайд жагслаа. Эл хөтөлбөрийн дагуу орон сууцаа худалдсан барилгын компаниудын хувьд ч байдал хүнд байгаагаас иргэдийг орон сууцны үлдэгдэл мөнгөө яаралтай өгөхийг шаардаж, өгөөгүй тохиолдолд зургадугаар сарын 1-ний өдөр гэрээг цуцлан байрнаасаа албадан гаргана гэж мэдэгдсэн байна. Тиймээс иргэд байр орон сууцгүй үлдэхэд хүрч аргагүйн эрхэнд жагссан. Асуудал шийдэгдэхгүй сунжраад байвал жагсаалаа өлсгөлөн болгоно хэмээн тэд хэлж байсан ч хэсэг хугацаанд чимээ тасрав. Тиймээс бид зургаан хувийн зээлд хамрагдан хохирсон иргэдтэй холбогдон байдлыг тодрууллаа. Тэд хэлэхдээ “Биднийг жагсаал хийсний маргааш Ерөнхий сайдын зөвлөх барилгын компанийн төлөөлөлтэй уулзан зургаан хувийн зээлээ аваагүй байгаа иргэдийг байрнаас нь бүү хөөгөөч гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Саяхан ерөнхий журам гарсан. Энэ долоо хоногийн сүүлчээр нарийвчилсан журам гарна. Түүнийг гармагц асуудлыг шийднэ. Тиймээс ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл гэрээгээ цуцлалгүй хүлээхийг хүссэн болохоор компаниуд биднийг хөөхгүй байгаа. Харин энэ нь урьд өмнөх шиг сонгуулийн шоу битгий байгаасай гэж хүсч байна. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрмөгц өөр зүйл яриад эхлэх вий гэж болгоомжлох хүмүүс ч бий. Гэхдээ найман хувийн зээлийн журам гарвал бидэнд хамгийн түрүүн зээл өгөх байх гэж итгээд хүлээж байгаа” гэлээ.
Д.ЦЭЦ