Талибууд охидын боловсролыг хэзээ ч зөвшөөрөхгүй

Хуучирсан мэдээ: 2013.06.05-нд нийтлэгдсэн

Талибууд охидын боловсролыг хэзээ ч зөвшөөрөхгүй

ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ БОЛОВСРОЛГҮЙ БАЙЛГАХ БОДЛОГОД УЧИР БИЙ

Өнгөрсөн даваа гарагт Аф­ганистаны 550 гаруй дунд сур­гуулийн хичээлийг завсарлуулав. Учир нь тус улсын хойд нутагт байрлах Маймана болон Бехсуд хотын охидын сургуульд хорт хий цацсан байна. Дунд сургуулийн 97 охин хорт хийд угаартан ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн аж. Мужийн эмнэлгийн эмчийн хэлж буйгаар охидын бие тааруу байгаа бөгөөд заримынх нь гэр бүлийн гишүүдийг дуудсан аж.

Маймана хотод 77 охин хордсон бол Бехсудад 20 охин хорджээ. Хичээл орж байсан анги руу хорт хийг шахсан болохыг мэргэжилтнүүд олж тогтоосон аж. Орон нутгийн зарим хэвлэлээр “Охидын сургууль бохир, агааргүй байсан тул 97 охин ухаан алдаж уна­жээ” гэх мэтээр мэдээлсэн байна. Үүнийг тус улсын Боловсролын яамны төлөөлөгч үгүйсгэж, ийм ташаа мэдээлэл цацсанд харамсч буй­гаа илэрхийлсэн юм.

Охидыг боловсрол эзэмшихэд саад болсон дээрх халдлага нь талибуудын анхны үйлдэл биш. Эмэгтэйчүүдийн эрхийг уландаа гишгэсэн арабын зарим орны хувьд иймэрхүү хэргийг төдийлөн анхаардаггүй билээ. Афганистаны Боловсролын яам ямар учраас 550 дунд сургуулийн хичээлийг зав­сарлуулсан нь хачирхал төрүүлэм. Урьдаас зохион байгуулалттай хий­сэн ч байж болох юм. Тали­бууд охи­дын сургууль руу хорт хий цацан, хэсэг охидыг золиослон хичээлийг завсарлуулах. Мөн энэ талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээллийг тараах зорилготой.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны  дөрөвдүгээр сарын 18-ны өдөр тус улсын Тахар мужийн нэгэн дунд сургуулийн 100 гаруй эмэгтэй багш, сурагчид  ундны  усанд  хордсон. Багш сурагчдыг санаатайгаар хор­дуу­лан, хичээлийг сүүлийн улирлаас ес-дүгээр сар хүртэл түр зогсоосон үйл явдал гарсан. Тухайн үед ундны усны дээжийг шинжилгээнд өгсөн ч ямар ч сөрөг зүйл гараагүйд бүгд гайхаад өнгөрсөн. Ундны усанд хордсон охид, эмэгтэйчүүдийн тол­гой нь эргэж, дотор нь муухайрч бөөлжиж байв.

Дээрх хэрэг болж өнгөрсний дараа тавдугаар сарын 31-ний өдөр Тахар мужийн Талукан хотод 160 гауй охид, эмэгтэйчүүд ангид бэлдсэн байсан хорт бодист хордсон билээ. Хоёр сарын дотор тус улсын эмэгтэйчүүдийг хороох, охи­дыг нь хордуулах гэсэн хоёр удаагийн оролдлого НҮБ-ын анхаа­ралд өртөв. Хордсон охидын зарим нь хэдэн цаг эмчлүүлээд эдгэсэн бол ихэнх охидын биеийн байдал хүнд байдалтай сар гаруй болсон.

Иймэрхүү төрлийн гэмт хэрэг гарах бүрт Цагдаагийн газраас “Та­либан хөдөлгөөнийхөн охид эмэг­тэйчүүдийг боловсрол эзэм­шүүлэхийг эсэргүүцдэгийг бүгд л мэддэг. Тэд иймэрхүү төрлийн халдлага, гэмт хэргийг өмнө нь ч хийж байсан. Одоо ч хийж байна. Тэд 1996-2001 оны хооронд Афган охидыг сургуульд сурахыг хориг­лох тухай дүрэм баталж байсан. Харин АНУ-ын цэргүүд манай улсад нэвтэрснээс хойш охид боловсрол эзэмшиж эхэлсэн. Бид байнга охидын аюулгүй байдалд санаа тавьж чадахгүй. Энэ бол Засгийн газрын мэдэх асуудал” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Гадны орнууд ч Афганистан, Па­кистан зэрэг талибан хөдөлгөөний нутаг дэвсгэрт байрлах дунд сургуулиудад хөрөнгө санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэж, боловсролд нь анхаарал хандуулж эхэлсэн. Их Британийн Олон улсын хөгжлийн яам 2009-2010 онд 12 сая паундыг Афганистаны боловсролын салбарт хөрөнгө оруулсан. Гэвч энэ хөрөнгө охидын боловсрол бус, ном ширээ, багш нарын цалин, сургуулийн засварын ажилд зарцуулагдаад  дууссан  талаар  тухайн үед хэвлэлээр гарч байв.

Дайн  байлдааны  нөхцөл  бай­далд боловсрол эзэмших нь хүндрэл­тэй. АНУ-ын арми Афганистанаас 2014 он гэхэд цэргээ бүрэн гаргаж дуусна. Дунд сургуулийн 8-9 дүгээр ангийн сурагчид бүрэн дунд боловсролоо шахуу үзэж, хичээлийн жилийг амралтгүй өнгөрөөх хүсэлтэй байгаа ч илэрхийлж байсан. Ийм байдлаар боловсрол эзэмших хүсэлтэй эмэгтэйчүүд, охи­дын ирээдүй тун бүрхэг бай­гаа нь дээрх жишээнээс харагдаж буй. Эцэг эхчүүд “Хүний эрхийг зөрчдөг юм гэхэд охидыг тайван боловсрол эзэмшүүлж болдоггүй юм уу” хэмээн талибуудад хандан уцаар­лаж байжээ.

Он гарсны дараа Афганистаны Бамиан мужийн Гондак тосгонд охид бүсгүйчүүд суралцдаг сур­гуулийг талибууд дэлбэлсэн талаар “Итар-Тасс” агентлаг мэдээлж байсан. Сурагчдыг өглөө хичээлдээ ирэхээс өмнө террорист этгээдүүд сургуулийн барилгыг дэлбэлсэн байжээ. Ингээд сургуульд суралцдаг 350 гаруй охид хичээл үзэх боломжгүй болсон удаатай. Талибуудын нутаг дэвсгэрт 360 сургуульд 135 мянган охид сурдаг аж. Эдгээрээс тал хүрэхгүй хувь нь энэ жилийн хичээлдээ дээрх халдлагуудаас болж сурч чадаагүй.

Дэлхийн   одод   ч   энэ   байдалд бага ч гэсэн тусалж дэмжихийг эрмэлздэг билээ. Хэдийгээр хичээл хийж, боловсрол эзэмших нөхцөл байдлыг талибууд хаахыг оролдсоор байгаа ч одод сургууль барьж өгөх хөрөнгийг гаргаж өгөх хүсэлтэй байсаар байна. Хамгийн анх Анжелина Жоли Афганистаны охидын боловсрол анхаарал хандуулж, сургууль барих хөрөнгийг гаргаж өгөхөө амласан. Шинэ дунд сургууль тус улсын Кабул хотноо нээгдэх юм байна. Сургууль эхний ээлжинд 200-300 эмэгтэй сурагч элсүүлэх бөгөөд аажимдаа сурагчдын тоог ихэсгэх төлөвлөгөөтэй аж. Сургуулийн аюулгүй байдлыг анхааралдаа авахыг тус улсын эрх баригчдаас хүссэн билээ.

Охид бүсгүйчүүдийн боловсролд ялгавартай ханддаг шиг тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг дэлхий нийт харж байгаа талаар BBC агент­лаг мэдээлсэн. Сургуульд ихэвчлэн хөвгүүд боловсрол эзэмшиж, охид нь гэртээ гэр цэвэрлэж, хоол хийж байгаа нь үнэн аж. Тиймээс энэ байдлыг тэнцвэржүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах болно гэдгээ Х.Карзай 2012 оны хоёрдугаар сард мэдэгдэж байжээ.

Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж