цувралын 4 дэх тоглолтыг шууд үзэж чадсангүй. Монголчууд гэлтгүй дэлхий
нийтээрээ, твиттэр, фэйсбүүк хуудсуудаар дүүрэн шүүгчдийг муулсныг
хараад ухарааж нэг үзье гэж бодоод үзлээ. Үнэхээр ч шүүгчид алдсан л
байна. Тэр бол байх зүйл, гэхдээ тоглогчдын "жүжиглэлт"-үүдийг хараад
үнэхээр залхав. Тайзан дээрхи тамирчид гэнэ үү, талбай дээрхи жүжигчид
гэнэ үү өөрсдөө мэд, ямартай ч шүүгчдийн нүдийг хуурч, алдаа авах гэсэн
оролдлого хэрээсээ хэтэрсэн юм шиг санагдлаа. Бас шүүгчдийг өмөөрмөөр
гэнэт санагдлаа.
Юуны түрүүнд шүүгчдийн тухайд бол тэд алдах нь алдсан. Споелстрад "хүчээр" завсарлага өгч, Рэй Аллэний гарыг цохиод гарсан бөмбөгийг удаашруулаад ч харалгүй өнгөрч, ЛеБронд тоглолтын 4-р үед хоёр "эргэлзээтэй" алдааг үлээж тоглолтоос хөөсөн. Хиббэртийн шидэлт цагаригт хүрээгүй гэдэг дээр бол талбайн гурван туршлагатай шүүгчид маань бүр ичмээр алдсан. Та аль багийн фэн байхаас хамаараад энэ бүх шүүлтэнд өөрсдийн дүгнэлтийг өгсөн байх. Би харин шүүгчдийн талд нэг ороод үзье!
Би нээх сайн сагс тоглодоггүй. Мэргэжлийн тамирчин биш ч гэсэн Спрайт Лигт 5 жил тоглохдоо нэг удаа Аварга нь болж, нэг удаа Шилдэг Хамгаалагчийн шагналыг авч байсан хөөрхөөн амжилттай. Өндөр үсэрч, хурдан хөдөлж чадахгүй ч хамгаалалтанд амиа тавьдаг над шиг тоглогчийн хувьд бол шүүгчдийг хуурах, өрсөлдөгчөө шатаах нь оноо авахаас илүү кайфтай байдаг л юм. Шүүгчтэй харьцах харьцаа, өрсөлдөгчийнхөө эсрэг хийх тоглолтын арга барил хожил, хожигдлын хоорондох бяцхан ялгаа болж өгдөг гэдэгтэй сагсан бөмбөг тоглодог хэн ч санал нэгдэх л байх.
NBA-д иймэрхүү төрлийн сэтгэлзүйн тоглолт дээд зэрэгтээ хөгжиж, бараг л урлаг мэт болсныг өчигдөрийн тоглолтыг ухраан үзэхдээ би ухаарлаа. Цувралын 3 дахь тоглолтонд Лэнс Стифэнсон шүүгчдийн өмнө хэд хэдэн удаа "жүжиглэж", Дуэйн Уэйд алдаа авах гэж өөрөө унаж байхыг хараад нэгийг бодсон ч гэсэн өчигдөрийн тоглолтонд жүжиглээгүй хүн бараг байхгүй байсныг хараад шүүгчдийг л өрөвдөж суулаа. ЛеБрон, Дэвид Уэст хоёрыг бие биенээсээ алдаа авах гэж хоёр тийш унаж байгааг хараад элэгээ хөштөл инээлээ. Дараа нь бодлоо… Талбай дээрхи 10 тоглогчдоос хэнийг нь жүжиглэж байгааг ялгаж мэднэ гэдэг хэцүү, хэнийх нь алдаа болохыг тов тодорхой харна гэдэг бэрх, хэнд нь ямар шийтгэл оноохыг шийднэ гэдэг ээдрээтэй.
NBA-гийн зүгээс шүүгчдийн ажлыг хөнгөвчилж, шүүлтийг шударга болгох зорилгоор үе бүрийн төгсгөлийн 2 минутанд эргэлзээтэй шийдвэр гарсан бол удаашруулсан бичлэгийг харж болохыг зөвшөөрсөн. Энэ дүрмийн ачаар шүүгчид мөн ч олон хэл амнаас зайлсхийсэн нь мэдээж. Гэхдээ сагсан бөмбөгийн тоглолтыг удаашруулахгүйн үүднээс ихэнхи тохиолдолд шүүгчид өөрсддөө итгэлтэй, шийдэмгий шүүлттэй, багийн тоглолттой байх ёстой. Энэ тал дээр NBA-гийн шүүгчдээс илүү нь гэж үгүй. Гэхдээ л хүн юм болсон хойно алдаа гаргана. Гаргасан алдаандаа хариуцлага тооцуулна. Гэхдээ яагаад өчигдөрийн тоглолтыг шүүсэн шүүгчид түмний хараалыг тэгэж их хүртэв?
Леброн Жеймс Плейоффын карьертаа дөнгөж 2 дахь удаагаа зургаан алдаа авч хөөгдсөнөөр Майами Хит хожигдсон гэхэд болно. Тоглолтын дараа ЛеБрон гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй мэдэгдлийг хийсэн. Сошиал медиагаар дүүрэн шүүгчдийн гаргасан алдаануудын бичлэг, зураг, постууд нийтлэгдсэн. Мөн Майами Хит багийн фэнүүдийн тоон дээр нэмэх нь тэдний үзэн ядагчид, тэнцүү NBA-гийн ихэнхи фэнүүд: тэд бүгд шүүлтийн талаар бичсэн, ярьсан, жиргэсэн. Миний уншсан нийтлэлүүд дотроос шүүгчдийн харин өмөөрсөн нь ганц ч байсангүйд их л гайхлаа. NBA-гийн зүгээс хүртэл энэ асуудлыг чухалчлан авч үзэж, ЛеБроны 6 дахь алдааг шүүгчдийн зөв шүүлт, харин Пол Жоржийг довтлоход түүний гаргасан 4 дахь алдааг эргээд харна гэв.
Мэдээж тоглолт шийдэгдсэн, Пэйсэрс хожсон. Цуврал 2-2 болсон. Хэн ч юу ч яриад энэ байдал өөрчлөгдөхгүй. Шүүгчдийг хэн нэгний талд шүүсэн, шүүгчдээс болж тэр баг нь хожигдсон гэдэг утгагүй яриа битгий гараасай гэсэндээ би энийг бичиж сууна. Майамиг энэ цувралд хожигдоно гэсэнгүй, Индианаг энэ цувралд ялна гэсэнгүй, зүгээр л битгий дэмий зүйлийг ярьж, цагаа үрээсэй гэсэндээ анхааруулж байгаа юм шүү. Шалтаг тоочих гээд хэл чинь загатнаад байвал доорхи шалтгаануудыг юу ч гэсэн уншаад үз:
-Шүүгчид аль нэг талд шүүгээгүй, яагаад гэвэл тэд хоёр багт хоёуланд нь алдаа гаргасан – Рэй Аллэний гараас гарсан бөмбөгийг Хитэд үлдээсэн, ЛеБронд алдаа өгсөн, Хиббэртийн цагаригт хүрсэн бөмбөгийг тооцоогүй, ЛеБронд довтолгооны алдааг өгсөн;
-Эрик Споелстрад завсарлагааг хүчээр өгсөн, яагаад гэвэл тэр тоглолтын талбайд ороод ирчихсэн байсан – энэ нээх том асуудал биш байсан ч бас л ярианы нэг сэдэв байсан юм. Timeout захиалах үедээ дасгалжуулагч талбай руу шууд алхаад ороод ирдэг. Түүнтэй адил Споелстра талбайд нилээн орж ирчээд "timeout" гэж хэлсэн гэж бодсон шүүгч завсарлагааг л заасан;
-Рэй Аллэн биш Дэвид Уэстийн биеэс бөмбөг гарсан гэж шийдсэн, яагаад гэвэл удаашруулсан бичлэг үзээд Уэстээс гарсан үгүйг шийдэх аргагүй байсан тул дүрмийн дагуу талбай дээрхи шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Аллэний гарт бөмбөг хүрснийг шүүгчид мэдээж бичлэг үзээд харсан, гэхдээ Уэстэд хүрсэн үгүйг харж болох камерийн өнцөг байсангүй.
-ЛеБронд буруу заслоныг тавьсан гэж довтолгооны алдааг өгсөнөөр ЛеБрон тоглолтыг чөлөөлөв, яагаад гэвэл ЛеБрон заслон тавихдаа зүүн хөлөө Стифэнсоны зүг хөдөлгөж, замд нь саад болсон. Энэ бол байдаг л довтолгооны алдаа, Стифэнсон ч гэсэн сайн жүжиглэсэн мэдээж.
-Дуэйн Уэйдийг явалт хийсэн гэж бөмбөгийг хураав, яагаад гэвэл удаашруулсан бичлэгийг үзвэл Уэйд бөмбөгийг барьсан хойноо хойш хоёр алхамтыг хийж байгаа нь харагдана. Үүнийг явалт гэдгийг нь харж чадсанд нь тэр шүүгчийг харин ч магтах хэрэгтэй юм болов уу даа.
-Хиббэртийн шидэлтийг цагаригт хүрээгүй хэмээн, Индианагийн довтолгоог хурааж авав. БУРУУ ШИЙДВЭР хэдий ч тухайн үед удаашруулсан бичлэг үзэх эрх байгаагүй бөгөөд гурван шүүгч гурвуулаа бөмбөг цагаригт хүрэх эсэхийг биш самбар доорхи биеийн хүчний өрсөлдөөнүүдийг, тэр олон "жүжиглэлт"-үүдийг хянаж байгаад алдсан байж бололгүй яахав. Талбайн шүүгчид биш харин цагний шүүгчийн хариуцлагагүй явдал гэхэд болно.
Юу ч гэсэн миний хэлэх гээд байгааг тунгаан бодож үзээрэй. Шүүгчдийн буруу гээд Майами Хитийн талд орох гэсэнгүй. Шүүгчдийн зөв гээд Индиана Пэйсэрсийг дэмжих гэсэнгүй. Ширүүн өрсөлдөөнтэй, айхтар хоёр багийн тулааныг шүүнэ гэдэг хэцүү. Жүжиглэлт сайтай, сэтгэлзүйн тоглолт хийхээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг ялгаж, салгаж танина, шүүнэ гэдэг бэрх. Хашгирч орилсон үзэгчдийн талд орох уу, харааж зүхсэн бусдых нь талд орох уу гэдэг ээдрээтэй. Хүн юм болсон хойно шүүгчид алдаа гаргана. Гаргасан алдааг нь битгий харин "улстөржүүлж" дэвэргээч л гэж хүсье! Харин оронд нь тэр олон жүжигчдийг сагсаа тогло гээд нэг зэмлээд өгөөч та нар!!!
by: Г.Идэр-Ууган /2013.05.30/