
Монголын говьд буй Тавантолгойн коксжих нүүрсээр “хөгшин” Европыг дулаацуулах сонирхол Германд бас бий. Түүнчлэн зөвхөн Европ тивийг эрчим хүчээр хангаад зогсохгүй Азийг бүлээцүүлэх хүслийг ч Япон тээж явааг үгүйсгэх аргагүй юм. Усан тивийн хүмүүс гэж тэднийг нэрлэж болохоор. Тэд Монголоос нүүрс худалдан авах сонирхлоо хэзээд илэрхийлсэн байгаа. Гэвч Тавантолгойн нүүрс гуравдагч зах зээлийг зорих цагийн саад даан ч их. Үүнийг туулах аваас Тавантолгой улам үнэд орох бус уу.
Их наран улсад дотоодын нүүрсний нөөц гэж бараг байхгүй. Зах зээлийн хэрэгцээгээ Австрали, Канад улсаас хангаж ирсэн. Тухайлбал, 2011 онд тус улс эдгээр улсаас 100 сая тонн нүүрс импортолж, дотоодын зах зээлээ хангасан байдаг. Япон Улс нүүрсний томоохон импортлогчийн хувьд нүүрсний экспортлогчиддоо нүүрсийг тогтоосон хугацаанд, найдвартай нийлүүлэх шаардлагыг тавьж ирсэн. Мөн үнийн хувьд тун боломжийн санал тавьдаг. Учир нь зах зээлийн үнийг өндөр байлгах үүргийг тэд давхар хүлээдэг.
ХБНГУ нүүрс олборлох уурхайнуудаа өнгөрсөн оноос хааж, эдийн засгийн хувьд үр ашиггүй гэж үзсэн. Тиймээс нүүрсний хэрэгцээгээ импортоор хангаж байна. Тус улс 2011 онд 58 сая тонн чулуун нүүрс, 53 сая тонн хүрэн нүүрс импортолж, дотоодын хэрэгцээгээ хангажээ. Харин дотоодын уурхайгаас дөнгөж чулуун нүүрснийхээ гурван хувь буюу 1.75 сая тонныг олборлосон байна.
Герман Улс нийт хэрэгцээт эрчим хүчнийхээ 25 хувийг нүүрснээс гарган авдаг. Мөн нар, салхины сэргээгдэх эрчим хүчний салбар өндөр хөгжсөн орны нэг. Тиймээс нүүрсийг гүн боловсруулж, шингэн түлш, металлургийн кокс гарган авах чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологийг эзэмшсэн. Энэ нь олон улсын зах зээлд нүүрсний технологи нийлүүлэх, нүүрс худалдан авах мөнхийн сонирхолд хөтөлж байна.
Эх сурвалж: www.mongolianeconomy.mn
