Уул уурхай, логистикийн үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Уул уурхай, логистикийн үзэсгэлэн нээгдлээ

АНУ-ын “Universal expo group”, МҮХАТ хамтран  “Нүүрс боловсруулах, уул уурхайн технологи ба тээвэрлэл, логистик” үзэсгэлэнг энэ сарын 4-5 нд зохион байгуулж байна.

“Universal Expo Group”-ийн Маркетингийн менежер Кэн Карделл “Монголд уг үзэсгэлэн анх удаа болж байгаад баяртай байна. Цаашид уламжлал болгохоор ярьж байгаа. Учир нь Монгол шинэ зах зээл. Тиймээс уг зах зээл дэлхийн нийтийн анхааралд байна. Бид 100 гаруй жилийн туршлагатай хамт олон учраас дараа жил үзэсгэлэнгийн цар хүрээг хоёр дахин нэмэх боломжтой гэж бодож байна. Энэ удаад бид өөрсдийгөө танилцуулах мөн Монголтой танилцах зорилготой” гэсэн юм.
 
Үзэсгэлэнг зохион байгуулагчид Австрали, Франц зэрэг орны төлөөлөгчдийг үзэсгэлэнд оролцох санал тавьсан хэдий ч тодорхойгүй шалтгааны улмаас ирээгүй аж. Тиймээс үзэсгэлэнд DHL, “Монголиан прокюрмент ажент”, “Трансгейт” зэрэг гадаадын хөрөнгө оруулалт бүхий Монголд үйл ажиллагаа явуулдаг логистикийн болон бусад төрлийн 20 гаруй компани оролцсон юм. “Бриз Прожект”-ийн гүйцэтгэх захирал Йохан П.Дрейгэр “Монголд болдог уул уурхайн ихэнх үзэсгэлэн техник, технологийн талдаа байдаг. Харин энэ удаа уул уурхай, логистик хоёрын уялдаа холбоог сайжруулах тухай байгаагаарай онцлог” гэв.
 
Мөн үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-д үйл ажиллагаагаа явуулдаг “VRC mining” компани танилцуулгаа хийж, “Монголын экспортлогчдын холбоо”-ны тэргүүн Д.Галсандорж илтгэл тавьсан юм. Тэрбээр “Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын асуудалд амин чухал зүйл бол логистик. Тиймээс энэ асуудлыг ярих хэрэгтэй. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах нь логистикийн зарим нэг хүндрэлийг алга болгож болно” гэх санаа дэвшүүлсэнтэй олон хүн санал нэгдэж байсан юм.

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж