Грэммийн шагналт “Озоматли” хамтлаг монголд

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Грэммийн шагналт “Озоматли” хамтлаг монголд

Лос Анжелес хотоос дэлхийн тавцанд гарсан “Озоматли” хамтлаг Монголд бие даасан тоглолтоо хийлээ. Хот газрын латино, хип хоп, салса, кумбия, самба, фанк, мэрингей, компарса, зүүн Лос Анжелесийн R&B, Ямайка, энэтхэгийн рагга, нэрд гарсан урбан-латино бас бус төрөл бүрийн өнгө аяс… Энэ бол тэдний имиж.  Тэдний хөгжмийн урт удаан хугацаанд тууштай баримталж ирсэн нэг зарчим нь Лос Анжелес хотоор аялсан хэний боловч сонорыг бүх дэлхийг тойрсон мэт олон үндэстний төрөл бүрийн дуу хөгжмөөр мялаах чин эрмэлзлийг удридлага болгодогт оршино. “Озоматли” хамтлагийн энэ зарчим түүнийг дэлхийн хэмжээний хамтлаг болгосон бөгөөд 2009 онд энэ нь илүү тод биелэлээ олсон юм. Соёлын элч, Гремийн гурван удаагийн шагналт, Латино хитийн хоёр удаагийн шагналт  хамтлаг, соёлын элчийн үүргээ гүйцэтгэн бие даасан тоглолтоо зургадугаар сарын 4-нд Монголд үнэ төлбөргүй хийн нэгэн үдэш монголын залуустай Сүхбаатарын талбайг доргиолоо. Тоглолт 19.00 цагаас “L Guards”, “The Lemons”, “Fire” гээд монголын рок хамтлагуудын ая дуугаар эхэлсэн юм. Хэдийгээр цаг агаар хүйтэн байсан ч талбайг зорьсон олны хөл тасралтгүй үргэлжилсээр л байв. “Озаматли”-ййн тоглолт монголын морин хуурч Н.Жигжиддорж, хөөмийч А.Даваасүрэн нарын тус хамтлагтай хамтарсан уран бүтээлээр эхэлсэн нь бүгдийг гайхашрууллаа. Үүний дараа л 21.00 цагаас алдарт “Озоматли” хамтлаг тайзан дээр гарч ирэн цугласан олонд тоглолтын бэлгээ дэлгэлээ. Монгол аялгуу, латин америк аялгуутай хослон хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэв. Холын Америкийн хамтлаг эхний дуугаараа л монголчуудыг дэнслүүллээ.  “Озоматли” хамтлагийхан  чадварлаг бүжигчид тайзыг эзэгнэн латин америк, хип хоп бүжгээрээ байлдан дагууллаа. Хөгжмийн олон төрлийн зэмсгээр тоглон, ая дуугаа өргөн, латин Америк цоглог хэмнэлийг мэдрүүлсэн тус хамтлагийнхан Монголын  морин хуурч Н.Жигжиддорж, хөөмийч А.Даваасүрэн нартай  хамтран тоглосон хэсэг тоглолтын оргил хэсэг нь байсан юм. Тус хамтлагийн дуучин, хөгжимчин Асдру Сиерра хөөмийч А.Даваасүрэнтэй тайзан дээр халз тулж хархираа, хөөмий хослуулан тоглосон нь цугласан олныг үнэхээр гайхуулж чадсан. Тоглолтын тайзан дээр бяцхан үзэгчдийг  “Озоматли” урин гарган ирж хамтдаа бүжиглэхэд нэгэн жаалхүү “beat box” хийж үзүүлсэн нь тус хамтлагыханд барьсан санаандгүй гэнтийн бэлэг болов. Тоглолт цаг гучин минут тоглогдон өндөрлөхөд үзэгчидийн уухай тэднийг сонсохыг хүссэн дуу хоолой “Озоматли” хамтлагийг тайзан дээр дахин дуулуулж чадсан юм. Тэд монгол жанжин малгай өмсөн ижилсэж гарч ирсэн нь их л содон харагдаж байлаа. 

Соёлын элч  “Озоматли” хамтлаг
АНУ-ын элчин сайдын яамны соёлын элч хөтөлбөрийн  хүрээнд Азид хийж байгаа айлчлан тоглолтоороо манайд ирсэн тус хамтлаг нь 1995 онд Лос Анжелес хотод эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсэг болон байгуулагдан нийгэмд шударга ёсыг  бэхжүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвисаар иржээ. Байгуулагдсан цагаасаа хойш 14 жилийн хугацаанд Лос Анжелес хотын урлаг, соёлын амьдралын нүүр царайг илтгэж ирсэн тус хамтлагийн нэр хүнд орон нутгаасаа хальж, “Соёлын элч” хэмээх өргөмжлөлийг АНУ-ын Төрийн департментаас хүлээж авсан билээ. Озоматли хамтлаг төрөлх хотынхоо дуу хоолой болохын сацуу даяаршсан өнөөгийн ертөнцийн иргэд гэдэг үндсэн дүр төрхийг ямагт тод томруун илэрхийлж ирсэн. Хамтлаг өөр, өөр улсын найман гишүүний бүрэлдэхүүнтэй, үүгээрээ олон талт соёлын тод тод илэрхийлэл болж байдаг онцлогтой юм. Хамтлаг бүрэн хэмжээний дөрвөн ч цомог гаргаж, эцэс төгсгөлгүй аялан тоглож, олон тооны шоу зохион байгуулсны үр дүнд хөгжмийн шинэ давалгаа болтлоо алдаршин үзэгч сонсогчдыг байлдан дагуулж асар их нэр хүндийг олсон.  Тэдний дуу хоолойн цар хүрээ, хүч чадал 2007 онд дэлхий дахинд дуурссан. Тус хамтлаг Японоос эхлээд Хойд Африк, Австрали хүртэл дэлхийн өнцөг булан бүрт очин тоглон, олон орны үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн. Хамтлагийн хөгжмийн бүтээлүүд нь Африк, Латин Америк, Ази, Ойрхи Дорноын уламжлалт соёлыг шингээж, өөр хоорондоо сайтар зохицолдуулан нийлүүлснээр цар хүрээний хувьд улам бүр олон үндэстний шинжтэй болжээ. “Озоматли” хамтлаг Тунис, Энэтхэг, Иордан, Балба зэрэг улсуудад үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн тоглолтыг олон нийтэд үнэгүй тоглоод зогссонгүй, хөгжмийн урлагийн олон төрөл чиглэлээр сургалт семенар явуулж, урлагийн төв, зуны зуслан, залуучуудын нөхөн сэргээх төвийг ажиллуулжээ.
 
Хамтлагийн бүрэлдэхүүн
Тус хамтлаг нь дуучин Asdru, бөмбөрчин Jiro, дуучин хөгжимчин Jastin, саксфон, кларнет хөгжимчин Uli, бөмбөрчин Mario, дуучин гитарчин Raul, гитарчин Wil-Dog  нарын бүрэлдхүүнтэй. Хамтлагийн дуучин, хөгжимчин Асдру Сиерра “Хөгжим бол аливаа соёл заншил, ахуй амьдралын гол үндэс, харилцан оылголцлын эхлэл гэдгийг би ямагт мэдэрч ойлгодог. Хөгжим нь улс төрөөс ч илүү түгээмэл хэл” гэж хэлсэн бол харин тус хамтлагийн саксфон, кларнет хөгжимчин Улисес Белла “…Энэ хамтлаг Лос Анжелес хотоос ондоо газарт бүрэлдэн бий болж чадахгүй байсан болов уу. Бурхан минь, түм түчигнэж, бум бужигнасан Лос Анжелесийн дүр төрх, олон соёл, ястан үндэстнүүдийн нэгдэл  болсон энэ хот л биднийг  яг гүүр мэт холбодог ” хэмээн ярьсан билээ.   “Одоо цагт зүгээр л өөрөөрөө байж, хийж буй зүйлээ дуу хөгжмөөрөө илэрхийлэх нь улс төрийн асар их агуулгатай болж байна. Залуус биднийг тайзан дээрээс харахдаа, өөрсдийгөө олж таньдаг. Тиймээс, хамтлаг хөгжилтэй, шоу хэлбэрээр ихийг хийж бүтээхэд үнэхээр хялбар  болж байна. Хамтлагийн хувьд хэчнээн хүчтэй, дуу хоолой маань ямар тод болохыг, бас түүнийг ашиглах нь хэр чухал болохыг бид одоо ойлгож эхэлж байна” гэж баргил гитарчин Уил-Дог Аберс ярьсан. Тодруулж өгүүлвээс, энх тайван, харилцан ойлголцлын үзэл санааг сурталчлахын тулд дуу хөгжмөө ашиглан “өөрчлөлтийн төлөөх дэлхий нийтийн уриалга”-д хариу барихад тэдний зорилго чиглэдэг байна. “Хамтлагийн хөгжмийн бүтээлийг Лос Анжелес хотын мэргэжлийн бейсболын баг, мэргэжлийн сагсан бөмбөгийн  “Лос Анжелесийн хурдан хөлөг онгоц” багууд авч хэрэглэдэг болсон ба тэдний 2007онд бичүүлсэн “Сахиусан тэнгэрийн хот” хэмээх дуу нь Лос Анжелес хотын шинэ дуу болсон. Ийнхүү нэг л мэдэхэд Лос Анжелесын “Озоматли” хамтлагийн нэр хүнд дэлхий нийтэд түгэн тархжээ. Тэд энэ удаад холын Лос Анжелесоос Монголд хүрэлцэн ирж, монголчуудтай хамт нэгэн үдшийг доргио өнгөрүүллээ. Тэдний дараагийн аялан тоглолтоороо БНХАУ-ыг  зорилоо.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж