
Соёлын элч “Озоматли” хамтлагАНУ-ын элчин сайдын яамны соёлын элч хөтөлбөрийн хүрээнд Азид хийж байгаа айлчлан тоглолтоороо манайд ирсэн тус хамтлаг нь 1995 онд Лос Анжелес хотод эсэргүүцлийн хөдөлгөөний нэг хэсэг болон байгуулагдан нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвисаар иржээ. Байгуулагдсан цагаасаа хойш 14 жилийн хугацаанд Лос Анжелес хотын урлаг, соёлын амьдралын нүүр царайг илтгэж ирсэн тус хамтлагийн нэр хүнд орон нутгаасаа хальж, “Соёлын элч” хэмээх өргөмжлөлийг АНУ-ын Төрийн департментаас хүлээж авсан билээ. Озоматли хамтлаг төрөлх хотынхоо дуу хоолой болохын сацуу даяаршсан өнөөгийн ертөнцийн иргэд гэдэг үндсэн дүр төрхийг ямагт тод томруун илэрхийлж ирсэн. Хамтлаг өөр, өөр улсын найман гишүүний бүрэлдэхүүнтэй, үүгээрээ олон талт соёлын тод тод илэрхийлэл болж байдаг онцлогтой юм. Хамтлаг бүрэн хэмжээний дөрвөн ч цомог гаргаж, эцэс төгсгөлгүй аялан тоглож, олон тооны шоу зохион байгуулсны үр дүнд хөгжмийн шинэ давалгаа болтлоо алдаршин үзэгч сонсогчдыг байлдан дагуулж асар их нэр хүндийг олсон. Тэдний дуу хоолойн цар хүрээ, хүч чадал 2007 онд дэлхий дахинд дуурссан. Тус хамтлаг Японоос эхлээд Хойд Африк, Австрали хүртэл дэлхийн өнцөг булан бүрт очин тоглон, олон орны үзэгч, сонсогчдын талархлыг хүлээсэн. Хамтлагийн хөгжмийн бүтээлүүд нь Африк, Латин Америк, Ази, Ойрхи Дорноын уламжлалт соёлыг шингээж, өөр хоорондоо сайтар зохицолдуулан нийлүүлснээр цар хүрээний хувьд улам бүр олон үндэстний шинжтэй болжээ. “Озоматли” хамтлаг Тунис, Энэтхэг, Иордан, Балба зэрэг улсуудад үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн тоглолтыг олон нийтэд үнэгүй тоглоод зогссонгүй, хөгжмийн урлагийн олон төрөл чиглэлээр сургалт семенар явуулж, урлагийн төв, зуны зуслан, залуучуудын нөхөн сэргээх төвийг ажиллуулжээ.
Хамтлагийн бүрэлдэхүүн
Тус хамтлаг нь дуучин Asdru, бөмбөрчин Jiro, дуучин хөгжимчин Jastin, саксфон, кларнет хөгжимчин Uli, бөмбөрчин Mario, дуучин гитарчин Raul, гитарчин Wil-Dog нарын бүрэлдхүүнтэй. Хамтлагийн дуучин, хөгжимчин Асдру Сиерра “Хөгжим бол аливаа соёл заншил, ахуй амьдралын гол үндэс, харилцан оылголцлын эхлэл гэдгийг би ямагт мэдэрч ойлгодог. Хөгжим нь улс төрөөс ч илүү түгээмэл хэл” гэж хэлсэн бол харин тус хамтлагийн саксфон, кларнет хөгжимчин Улисес Белла “…Энэ хамтлаг Лос Анжелес хотоос ондоо газарт бүрэлдэн бий болж чадахгүй байсан болов уу. Бурхан минь, түм түчигнэж, бум бужигнасан Лос Анжелесийн дүр төрх, олон соёл, ястан үндэстнүүдийн нэгдэл болсон энэ хот л биднийг яг гүүр мэт холбодог ” хэмээн ярьсан билээ. “Одоо цагт зүгээр л өөрөөрөө байж, хийж буй зүйлээ дуу хөгжмөөрөө илэрхийлэх нь улс төрийн асар их агуулгатай болж байна. Залуус биднийг тайзан дээрээс харахдаа, өөрсдийгөө олж таньдаг. Тиймээс, хамтлаг хөгжилтэй, шоу хэлбэрээр ихийг хийж бүтээхэд үнэхээр хялбар болж байна. Хамтлагийн хувьд хэчнээн хүчтэй, дуу хоолой маань ямар тод болохыг, бас түүнийг ашиглах нь хэр чухал болохыг бид одоо ойлгож эхэлж байна” гэж баргил гитарчин Уил-Дог Аберс ярьсан. Тодруулж өгүүлвээс, энх тайван, харилцан ойлголцлын үзэл санааг сурталчлахын тулд дуу хөгжмөө ашиглан “өөрчлөлтийн төлөөх дэлхий нийтийн уриалга”-д хариу барихад тэдний зорилго чиглэдэг байна. “Хамтлагийн хөгжмийн бүтээлийг Лос Анжелес хотын мэргэжлийн бейсболын баг, мэргэжлийн сагсан бөмбөгийн “Лос Анжелесийн хурдан хөлөг онгоц” багууд авч хэрэглэдэг болсон ба тэдний 2007онд бичүүлсэн “Сахиусан тэнгэрийн хот” хэмээх дуу нь Лос Анжелес хотын шинэ дуу болсон. Ийнхүү нэг л мэдэхэд Лос Анжелесын “Озоматли” хамтлагийн нэр хүнд дэлхий нийтэд түгэн тархжээ. Тэд энэ удаад холын Лос Анжелесоос Монголд хүрэлцэн ирж, монголчуудтай хамт нэгэн үдшийг доргио өнгөрүүллээ. Тэдний дараагийн аялан тоглолтоороо БНХАУ-ыг зорилоо.
Г.Даша