Г.Баярсайхан гишүүдээ “командлав”

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Г.Баярсайхан гишүүдээ “командлав”

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болох үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд юу болоод байгаа талаар салбар хариуцсан сайд, яамны холбогдох хүмүүсээс мэдээлэл сонсъё” гэсэн горимын санал гаргасан юм. Харин үүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Энэ асуудлаар мэдээлэл сонсох бол Улаанбаатар хотын удирдлага, Хууль зүйн яамны холбогдох албан тушаалтнуудыг байлцуулах ёстой” гэдэг тайлбар дагуулав.

Харин УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан “Танай яам энэ асуудалд ямар байр суурь барьж байгаагаа хэлчихвэл болно шүү дээ” гэхэд С.Оюун сайд “Бид бол Ботаникийн цэцэрлэгээ хэвээр нь авч үлдэх байх суурьтай байгаа” гэсэнд гишүүд дор бүрнээ инээлдэж нэлээд шуугиад авсанд Г.Баярсайхан дарга “Гишүүд дуугай аядаарай. Хурал болж байна шүү” хэмээн дуугаа өндөрсгөн, Байнгын хороодын гишүүдээ командлаад авав. Насаар нь хөөвөл тус Байнгын хороонд харьяалагдах гишүүдийн олонхи нь Г.Баярсайхан даргаас ах хэдий ч байнгын хорооны даргын албан тушаал, дээр нь хурал удирдах дэг гэдэг хатуу болохоор гишүүдээ ийн удирдахаас яалтай билээ.

Хуралдаан эхлэхийн өмнө тус байнгын хорооны гишүүд ирц гүйцэхийг хүлээх зуураа дэвэн дэлхийн сонин хачин хамж шимж ярилцана лээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүдэд хандан “Киргизэд аймаар том юм болж байна аа” гэхэд нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Юу болоов” гэж лавлатал “Киргизүүд алалцаж байна. Орд газрын хувь эзэмшлээс болоод хоёр хуваагдчихаад байгаа юм шиг байна” гэж хариулсан юм. Энэ үеэр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас гишүүдэд Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа олон улсын чанартай хуралдааны талаарх мэдээллийг тараахад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэрхүү мэдээлийг багтаасан торыг нэлээд сайн ухаж, малгайг нь эргүүлж тойруулж харж байснаа буцаагаад торонд нь хийчихэв. Түүнээс өөр сонирхол татах зүйл торонд байгаагүй бололтой. Ийнхүү нэлээд хөөрхөн цаг нөгцөөсний эцэст замд яваа гишүүд нь Байнгын хорооны даргад очиж яваагаа мэдэгдсэнээр энэ өдрийн хуралдааныг эхлүүлсэн юм. Сонгууль ойртох тусам л Байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн тоо улам багасах шинжтэй.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж