-Өмнө нь авлига хэрээс хэтрээд байсан нь үнэн. Харин одоо нэг үеэ бодвол харьцангуй багассан гэж бодож байгаа. Ер нь төрд ажилладаг хүмүүс авлига авах боломж байсан байна. Тиймээс авлигыг багасгах, үгүй болгох олон арга байгаа. Тухайлбал, төрд ажиллаж байгаа хүмүүсийн цалин, хангамжийг өндөр болгох шаардлагатай. Эхлээд тэдгээр хүмүүсийн цалин өндөр болж байж, тухайн хүмүүс ард иргэдээс авлига авахгүй үйлчлэх болно. МАХН-ын дарга Н.Энхбаярыг шийтгэсэн нь төрийн авлига авдаг олон томчуудад нэлээн сайн сануулга болсон болов уу гэж бодож байгаа. Тиймээс авлигын гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдвол буух ял нь хүнд, чанга байх хэрэгтэй. Хэрэв тийм байж чадвал авлигын хэрэг эрс багасах болно гэж бодож байгаа.
Авлига хамгийн их байгаа салбарыг судламаар байна
Баянгол дүүргийн иргэн З.Пүрэв:
-Авлигын эсрэг олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Гэхдээ хүн бүрийн амьдралд мэдэгдэхүйц багасч чадахгүй байна. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар авлигын эсрэг хийж байгаа ажлуудаа улам эрчимжүүлж ажиллах шаардлагатай байна. Миний бодож байгаагаар Газрын албыг маш сайн шалгавал зүгээр байх. Тухайлбал, Зайсангийн тусгай хамгаалалттай газар яагаад тэгж их хэмжээний газрыг зүгээр л ямар ч хяналтгүй өгчихсөн байдаг юм бэ. Энэ мэт асуудлыг шалгаад, авлига хамгийн их байгаа салбарыг судлаад тухайн салбарыг нь авлигагүй болгох бүх шатны ажлыг зохион байгуулах хэрэгтэй байх. Нэг үеийг бодвол ахиц дэвшил гарч байгааг хэлэхгүй өнгөрч болохгүй байх аа.
-Авлига төрийн албаны дунд шатны ажилчдын дунд буурахгүй байна. Харин дээгүүр төрийн дээд албан тушаалтнуудын дунд багасч байх шиг харагдаад байгаа юм. Гэхдээ Авлигатай тэмцэх газар байгуулагдаад хийж хэрэгжүүлж байгаа ажил нь тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байна. Энгийн иргэд бидэнд мэдэгдэхгүй байгаа ч мэргэжлийн хүмүүс нь судалж шинжилж үзээд багасч байна гэж тогтоогоод байгаа. Ер нь энэ талын гэмт хэрэг багасвал улс орон хөгжих том гарц гэдгийг олон хүн хэлдэг. Тиймээс авлигагүй нийгэмд амьдрах хүсэлтэй л байгаа бол иргэн бүрийн зүтгэл хэрэгтэй гэж бодож байна. Учир нь эрүүл мэнд, боловсролын салбарт иргэд өөрсдөө сайн дураараа их бага хэмжээгээр авлига өгөөд байгаа. Энэ мэт байдал үгүй болчихвол авлига цэцэглэн хөгжих орчин үгүй болох болно.
Авлига байгаа салбарт авлигатай тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлье
-Авлигатай тэмцэх газар сайн ажиллаж байгаа. Гэхдээ төрийн захиргааны байгууллагууд нэн ялангуяа цагдаа, шүүхийн байгууллагын дунд авлигын төвшин тийм сайн буурахгүй байна гэж харагддаг. Тиймээс авлига их байгаа байгууллагуудад дээр нь авлигатай тэмцэх тусгай хөтөлбөр гаргаад хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Шинэчлэлийн Засгийн газар авлигагүй нийгмийг бий болгохын тулд нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Энэ эрчээрээ ажиллаад байвал авлигын эсрэг хийж байгаа ажлууд нь тун удахгүй үр дүнгээ өгөх байх.
Баянзүрх дүүргийн иргэн Б.Эрдэнэ:
-Миний хувьд авлига эрс багассан гэж ойлгож байгаа. Учир нь ямар ч ажил бүтээхэд ямар нэгэн байдлаар авлига их, бага хэмжээгээр өгдөг байсан үе ард үлджээ. Харин боловсролын салбарт авлига амь бөхтэй байгаад байна уу гэж харагддаг. Тиймээс энэ салбарт анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн хөрөнгө чинээтэй баян хүнийг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд оруулж өгсөн, оюутан сурагчдад дүн тавихдаа мөнгө авсан багш, болон сургуулийн захиралд хатуухан хариуцлага тооцдог байх шаардлагатай. Хэрэв тэгж чадвал тус салбарын авлига эрс буурах болно гэж бодож байна. Ер нь сүүлийн үед авлигатай эрчимтэй тэмцэж байгаа учир удахгүй авлига гэдэг үг ард хоцорно гэж бодож байна.
Ажлаа шат дараалалтай хийе
Сүхбаатар дүүргийн иргэн В.Нарантуяа:
-Авлига аль ч Засгийн газрын үед буурахгүй байсан. Сүүлийн үед авлига буурч байгаа гэж яриад байгаа ч ард иргэдэд нүдэнд нь харагдаж, гарт нь баригдтал хийгдээд байгаа зүйл алга. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, шүүх, цагдаа, төмөр зам гээд төрийн ихэнх байгууллагууд дээр авлига байсаар л байгаа. Тиймээс Авлигатай тэмцэх газрын одоо ажиллаж байгаа хэлбэрт нь жаахан өөрчлөлт оруулах хэрэгтэй. Мөн авлигын гэмт хэрэгтэнд тооцох хариуцлага өндөр болгох шаардлагатай. Хэрэв энэ мэт ажлыг шат дараатай хийж чадвал бүр алга болохгүй ч гэлээ тодорхой хэмжээнд багасна шүү дээ.
-Авлига боломжийн төвшинд хүртэл буурахгүй байна. Телевиз, радиогоор сүүлийн үед авлигын индекс буурсан гэж яриад байгаа. Үүнийг би ойлгохдоо мэргэжлийн хүмүүс нь хийж нарийн судалгаа хийж үзээд л тэгж яриад байгаа гэж бодож байна. Учир нь бидний амьдралд авлига байсаар байна. Гэхдээ буураагүй гэж шууд хэлж болохгүй л дээ. Авлигын эсрэг хийж байгаа олон ажлуудыг үгүйсгэх аргагүй. Ер нь төрөөс хийж хэрэгжүүлж байгаа ажил иргэдийн нүдэнд харагдахгүй байгаагийн гол саад нь төрийн дунд шатны байгууллагуудын хүнд суртлын асуудал юм. Тиймээс авлигыг багасгахаар ажиллаж байгаа хүмүүс энэ шатны үйл ажиллагаанд хяналтаа сайжруулах хэрэгтэй гэж бодож байна.
Авлига зарим салбарт бараг байхгүй болчихож
Чингэлтэй дүүргийн иргэн Б.Баяраа:
-Авлига зарим салбарт бараг үгүй болсон байна. Харин зарим салбарт амь бөхтэй оршсоор байна. Тухайлбал, төрийн гэх тодотголтой бүх байгууллагад авлига их, бага хэмжээгээр байна. Авлигатай тэмцэх газар сүүлийн үед овоо дүн дүнтэй ажиллаж байгаа. Гэхдээ 100 хувийн үр дүн гарахгүй байгаа. Учир нь төрийн өндөр албан тушаалтнууд тийм боломжийг олгохгүй, хаагаад, боогоод байна. Тэгэхээр яаж ажил хийх юм бэ. Энэ байдлыг л цэгцлэх хэрэгтэй байна гэж бодож байгаа.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин