Ойн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Ойн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. УИХ-аас өнгөрсөн онд Ойн тухай хуулийг шинэчлэн баталсан ч зарим зүйл орхигдсон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Баярцогт, Н.Батцэрэг, Л.Цог, Ж.Эрдэнэбат нарын 11 гишүүн ойг түймрээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Засгийн газраас хуулийн төслийг дэмжсэн юм байна.

Статистик мэдээллээр жилийн нийт түймрийн 95 хувь нь хүний хариуцлагагүй, галтай болгоомжгүй харилцдаг, хууль мөрддөггүй зэрэг шалтгаанаас үүдэж гардаг байна. Тиймээс төсөлд түймрийн аюултай буюу хуурайшилтын үед иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс хориглох үйлдлүүдийг тусгаж, зөрчсөн тохиолдолд захиргааны хариуцлага ногдуулахаар заажээ. Тодруулбал, ойд явж байгаад түүдэг асааж түүнийгээ бүрэн унтраагаагүй, мөн автомашинаа арчсан тостой даавууг ойд үлдээснээс болж түймэр гарсан нөхцөлд аж ахуйн нэгжийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хувь хүнийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулахаар зааж өгчээ.  Өнөөдрийн мөрдөж байгаа Ойн тухай хуульд иргэд, нөхөрлөл ойг цэвэрлэж, түлшний мод хэрэглэх тохиолдолд сумынхаа ИТХ, Засаг даргад хандаж зөвшөөрөл авдаг байна. Гэтэл сумаасаа алс хязгаар амьдардаг иргэдэд зөвшөөрөл хүсэхээр очиход нь тухайн хүмүүс нь байхгүй ахин дахин очиж цаг алдаж хүндрэлтэй тулдаг. Тэгвэл дээрх төсөлд ойг цэвэрлэж түлшний мод бэлтгэвэл тэрхүү түлшний зориулалтаар бэлтгэгдэх модны зөвшөөрлийг байгаль хамгаалагч нь өгдөг байхаар, таван жил тутамд ойн тооллого явуулах, ойн нөөц ихтэй сумдад иргэд оролцсон ойн нөхөрлөл байгуулж ойг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх, хөнөөлт шавьжтай тэмцэх хөрөнгийг мөн тусгаж өгөх зэрэг заалтууд энэхүү төсөлд тусгажээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Түймэр гарах нөхцлийг бүрдүүлсэн аж ахуйн нэгжийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах нь хэтэрхий бага байна. Торгуулийн хэмжээг нэмэгдүүлж болдоггүй юм уу” гэж байв.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн дарга Ц.Банзрагч “Хуулийн төслийг ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх шатанд торгуулийн хэмжээг нэмэгдүүлж болно” гэсэн хариулт өгсөн юм. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Түлшний зориулалтаар хэрэглэх модны зөвшөөрлийг байгаль хамгаалагч өгдөг байхаар хуульчилж өгөх нь одоо хэрэгжиж байгаа хуулиас нэг их ялгарах юмгүй. Нэг даргын эрх мэдлийг нөгөөд шилжүүлснээс ялгарах зүйлгүй болж хувирна. Тиймээс иргэдийн оролцоог хангаж зөвшөөрөл олгогддог байх талаас томъёолж өгөх ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Хэрэглээний болон ахуйн зориулалтаар ашиглах модны зөвшөөрлийг тухайн сумынх нь ИТХ –ын хуралдаанаар хэлэлцэн улмаар Засаг дарга зөвшөөрөл олгож байж, мод авах эрх үүсдэг. Ийм байтал дан ганц байгаль орчны байцаагчид модны эрх олгох нь эргээд Засаг захиргааны нэгжийн тухай хуультай зөрчилдсөн хэрэг болно” гэж байлаа. Харин энэ асуудалд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Зөвхөн ойг цэвэрлэж, хэрэглээний мод авах эрхийг байгаль орчны байцаагч өгдөг байхаар заалт тусгасан. Бусад ахуйн зориулалтаар ашиглах мод авах эрх одоо хэрэгжиж байгаа хуулийн хүрээнд батлагдаж үлдэнэ” гэж тодотгосон юм.

Ингээд Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад олонхи гишүүн дэмжсэнээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж