Далай аварга хэмээх цол бий болсноор хамгийн их хохирсон хүн нь бол Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын Даян аварга Г.Өсөхбаяр юм. Бөх сонирхогчид улсын наадамд дөрвөнтээ түрүүлсэн түүнийг “Дархан аварга хүн” гэдэг. Хуучин цагт байсансан бол дөрөв түрүүлсэн амжилтаараа дархан аварга цол хүртчих байв. Харин далай аварга цол гарч ирснээр түүнд дахин нэг түрүү хэрэг болсон юм. Хэдийгээр шинэ дүрэм гарч ирсэн ч Г.Өсөхбаяр аваргад монгол бөхийн оргил цолыг хүртэх боломж байсан уу гэвэл байсаан. Тэрбээр 2001 онд Ардын хувьсгалын 80, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800, хоёр жилийн өмнө болсон Ардын хувьсгалын 90 жил гэсэн гурван түүхт ойн наадмын аль нэгт нь 9 даваад үзүүрлэхэд өдийд “Дархан аварга” хэмээн дуудуулах байв. Эдгээр наадамд 512 бус 1024 бөх зодоглож, 10 даваатай наадам болсон билээ. Эсвэл 2010 онд Ардын хувьсгалын 89 жилийн ойгоор үзүүрлэх биш түрүүлсэн бол дархан аварга цолыг гуйж биш гуядаж авах байлаа. Өөрөөр хэлбэл “Өндөр аварга” 2001, 2006, 2010 онд даваагаа нэгээр л ахиулсан бол хүсч мөрөөдөж байсан цолондоо хүрэх байв. Харин өдгөө ингээд хуульд өөрчлөлт орж, далай аварга цолыг хасбал дархан аварга хэмээх агуу цолонд хүрэх нь.
Зарим хүн “Р.Гончигдорж нутгийнхаа дүүд зориулсан хууль батлуулах нь” гэж байгаа. Хэдэн жилийн өмнө түрүүлэх бөхийн нэрийг барагцаалж болдог байсан бол өдгөө тийм боломж үгүй болсон. Тэгээд ч бөх үе үеээрээ байдаг. Өөрөөр хэлбэл жил өнгөрөх тусам Г.Өсөхбаяр аваргын дахин түрүүлэх магадлал багасч байгаа юм. Тиймээс УИХ-ын дэд дарга нутгийн дүүгээ наадмын зүлэг ногоон талбайд биш юм аа гэхэд Төрийн ордонд дархан аварга болгочих санаатай зүтгээд байгаа гэсэн хардалт олон хүнд төрсөн нь лавтай.
Энэ төслийн бас нэгэн сул тал нь 4 түрүүлсэн аварга Дархан аварга болохоор болж байгаа ч түүхт ойгоор түрүүлэн шууд аварга болсон бөх 4 биш 3 түрүүлээд Дархан аварга болох нь.Бодит жишээ нь: С.Мөнхбат. Залуу аварга энэ төслөөр бол одоо нэг түрүүлж даян аварга болоод дахиад нэг түрүүлээд дархан аварга болох сайхан боломжтой болно гэсэн үг. 3 түрүүлээд Дархан аварга болох нь арай л чамлалттай санагдаж байгаа байх та бүхэнд.
Би хувьдаа тав түрүүлчих аварга төрнө гэдэгт итгэдэг. Тэр байтугай Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ гэсэн агуу аваргууд шиг 10, 11 түрүүлэх аварга төрнө гэдэгт итгэдэг. Сая дурдсан хоёр бөхөөр монгол бөхийн агуу аваргуудын нэр дуусна гэвэл дэндүү харамсалтай. Хэзээ нэгэн цагт монгол бөхөд маань агуу аварга бөхийн эрин үе эхлэнэ биз ээ.
Гол зүйлдээ оръё. Дээр дурдсан “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлд улсын арслан цолтой бөх наадамд хоёр үзүүрлэвэл аварга цол өгнө гэж тусгасан байна. Аварга хэмээх агуу том цолыг хоёр үзүүрлэсэн бөхөд дүйцүүлж олгоно гэж үү. Цолны үнэ цэнэ хаачсан юм бэ. Яагаад чанараас тоо руу шилжих гээд байна вэ. Цол бол их эмзэг сэдэв. МҮБХ бөхчүүдтэйгээ хуралдаж байж, тогоон дотор нь байдаг улсууд энэ асуудлаа ярих ёстой. Түүнээс хэн нэгэн улстөрч ярих учир дутагдалтай. Аварга цолтон үеийн үед цөөн байсан, цөөн төрсөн. “Аварга аваргаараа төрдөг” гэж үг бий. Энэ үгний дотор ямар их утга агуулагддаг билээ. 1024 бөхөөс ес давж үзүүрлээд арслан цол хүртсэн бөх дараа нь 512 бөх барилдахад хоёр удаа найм давж үзүүрлээд аварга болох хэрэг үү. Энэ хуулиар бол улсын баяр наадамд хоёр түрүүлэх нь байтугай нэг ч түрүүлж үзээгүй бөх аварга гэсэн том цолыг хүртэх нь. Ховор юм ховроороо байх сайхан. Улсын наадамд түрүүлж үзээгүй бөх Аварга цолтой болж болох уу.
Савны амсар хувь заяа гэж айхтар юм бий. Спортын бичигдээгүй хууль гэж байна. Дээр үеийн бөхчүүд хэлдэг. “Надад бол заан цол тохирсон байсан”, “Арслан ахдах байсан”, “Би начин байхаар л хүн”, “Аваргууд гэдэг чинь тусдаа төрсөн онцгой амьтад байдаг юм шүү дээ” гэх мэтээр. Тэртээ тэргүй түүхт ойгоор 1024 бөхөөс 10 давж түрүүлсэн бөхөд шууд Аварга цол өгч байгаа шүү дээ. Үзүүрлэсэнд нь ес давсан үзүүлэлтээр нь арслан цол өгч байгаа. 1024 бөхөөс ес давж үзүүрлээд арслан болсон бөх дараа нь 512 бөхөөс ес давж түрүүлээд аварга болж болно. Энэ бөх хоёр удаа ес давснаас гадна улсын наадамд түрүүлсэн учраас.
Түүнчлэн гурван удаа найм давж үзүүрлэсэн бөхөд арслан цол өгнө гэнэ. Одоо арслан цолтой хэдэн бөх байгаа билээ. Дүйцүүлж олгох ямар шаардлага байна вэ. Цаана нь ямар ашиг сонирхол нуугдаж байгаа болоод Р.Гончигдорж гэдэг хүн ийм юм гаргаж ирэв. Спорт, бөх сайн мэдэхгүй улсууд мэдэхгүй сэдвээ оролдоод байх ямар хэрэг байна вэ. Монгол бөхөд шийдэх асуудал их байна. Найраа, допингоо нэг мөр шийдэж чадахгүй байхад дээрээс нь нэрмээс болж болохгүй баймаар. Саяхан бид бүхэн төв цэнгэлдэхэд биш төрийн ордонд цол авсан бөхчүүдийг харсан шүүдээ.
Аймгийн цолтой залуу өнгөрсөн жилийн улсын наадамд түрүүлж энэ цаг үеийн бөхчүүд ямар жигд байгаа нь анзаарагдсан. Хэн ч түрүүлж мэдэхээр байгаа өнөө үед ес давж түрүүлээд болзлыг нь биелүүлсэн шиг биелүүлээд Арслан цолыг авчих бөхчүүд цаашид олон төрнө. Ийм байхад Арслан цолыг дүйцүүлэх гээд зүтгээд байх нь утгагүй. Үндэсний бөх бол спорт. Спортын нэг төрөл. Их спорттой харьцуулбал чөлөөт бөх, жүдо бөхийн ДАШТ-д гурван удаа ч юмуу тэрнээс олон удаа мөнгөн медаль хүртсэн бөхөд алтан медалийг нь дүйцүүлж өгдөггүй биз дээ. Спортод амжилтыг нь дүйцүүлэн харж алдар цол өгнө гэдэг бол гажуудал юм.
Хуучин нийгмийн үед улсын наадамд түрүүлэх нь байтугай үзүүрлэж үзээгүй бөхөд арслан цолыг олгож байсан үнэн түүх бий. Бид ийм бүдүүлэг алдааг мэдсээр байж дахин давтмааргүй байна. Одоогийн МҮБХ-г шүүмжилдэг улс их бий. 1990 онд байгуулагдсан. Тэд өдийг хүртэл сайн ч зүйлс хийсэн, саар ч зүйл хийсэн. Холбооны сайн үйлсүүдийн дотор хуучин нийгмийн үед цолыг үзэмжээр дураараа олгож байсан явдлыг цэгцэлж, Цолны асуудлыг дүрмэндээ тусган шийдэж чадсан юм. Улсын наадамд гурван удаа дөрөв давсан аймгийн цолтонд начин, гурван удаа тав давсан начинд харцага, гурван удаа зургаа давсан харцагат заан, гурван удаа долоо давсан заанд гарьд цол өгөхгүй нь ойлгомжтой байж /угаасаа ингэж өгч болохгүй/ монгол бөхийнхөө язгуур ухаанаа уландаа гишгэх гээд байгаа нь зүйд нийцэх үү. Төр засаг бөх рүү өнгийж хутгалдаад сэвтүүлсэн бодит түүх байгаа юмсан. МҮБХ бөхөө мэддэг, хариуцдаг байвал зүгээр юмсан. Ганцхан жишээ хэлэхэд 1939 оны наадамд М.Лхагваа арслан Б.Түвдэндорж аваргыг хаясан боловч дайны жил гээд Маршал Х.Чойбалсан Булганы цэрэг хүүг түрүүлсэнд тооцуулж байсан. Тэгээд М.Лхагваа арслан “Маршалын маань мэлмий муудчихаа юу даа” гэж хэлснийхээ төлөө хэцүү нэртэд хэдэн жил хатсан гашуун түүх байдаг билээ.
Улс төрийн хар сүүдэр монгол бөхөөс хол байж, Монгол бөхийн босоо цагаан хийморь өнө мөнхөд өөдөө байг.