Оюутан тамирчдыг нэгтгэх “Универсиад-2013”

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Оюутан тамирчдыг нэгтгэх “Универсиад-2013”

Оюутан тамирчдыг нэгтгэх “Универсиад-2013”
Универсиад наадмын хугацаа, хэдэн хүн орох вэ

Оюутны “Универсиад” 27 дугаар наадам 2013 оны 7 сарын 6-17-ны өдрүүдэд ОХУ-ын Казань хотноо Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) ивээл дор болох гэж байна. Наадамд тив, тивийн 200 орчим орны их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг 17-28 насны 13,500 төлөөлөгчид, оюутан тамирчид спортын 22 төрөлд, 11 өдрийн туршид 351 багц медалийн төлөө хүч чадал, ур чадвараа сорин  өрсөлдөнө.

Казань “Универсиад”-ын эрх авсан тухай

ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны Бельги улсын Брюссель хотноо 2008 оны 5 сарын 31-ны өдөр явагдсан хурлаар буюу 5 жилийн өмнө Дэлхийн оюутны спортын 27 дугаар зуны “Универсиад” их наадмыг ОХУ-ын Казань хотноо зохион байгуулах эрхийг олгосон.

Хуучин ЗХУ-ын  нийслэл Москва хотноо 1973 онд дэлхийн оюутны “Универсиад” 7 дугаар наадам зохиогдож байсан бол ийнхүү 40 жилийн дараа энэхүү наадам шинэ ОХУ-д тэр тусмаа Казань хотноо явагдахаар болжээ. "Универсиад- 2013" наадмын эрхэм зорилго бол дэлхийн оюутан залуучуудыг нэг дор нэгтгэн цуглуулж, олон үндэстэн угсаатны өв соёлыг таниулах, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор өрсөлдөн шилдэг тамирчид, шинэ одуудыг төрүүлэн гаргаж, оюутны спортыг сурталчилах явдал юм.


Татарстан улс ба Казань хотын тухай

ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улс нь Москва хотоос зүүн зүгт 800 км зайтай оршдог. Волга болон Кама голын эрэгт байрладаг. Эдийн засаг, нийгмийн хөгжлөөрөө ОХУ-ын БНУ-д дотроо тэргүүлэх байр суурьтай явдаг. Казань нь Татарстан улсын нийслэл юм. ОХУ-ын эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын томоохон төвүүдийн нэг болж сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хот билээ.  Казань хот үүсэн байгуулагдсаны түүхт 1000 жилийн ойг 2005 онд ОХУ-ын ард түмэн, тус БНУлс, хотын иргэд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлжээ. Казань хотод хэл ёс заншил, соёл, шашин шүтлэг зэргээрээ ялгаатай 100 гаруй үндэстний 1.143.500 хүн амьдардаг. Газар нутаг нь 613.3 кв метр юм. Энэхүү хот нь ОХУ-ын хамгийн цэвэр цэмцгэр, ногоон байгууламж ихтэй, тайван хотуудын нэг ажээ. Тус хотын "Баумений гудамж" нь жуулчдын явж үзэх дуртай газруудын нэг билээ. Казань 60 гаруй зочид буудалтай, нэг ээлжиндээ 7 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай гэнэ.

Казань хотод Москва болон хуруу дарам цөөн хотод байдаг нэгэн сонирхолтой байгууламж бий. Тэр нь Казаний Кремль юм. Энэхүү ордон нь  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн санд бүртгэгдсэн. Учир нь энэ цогцолбор дотор эртний түүх архелоги, архитектур, соёлын дурсгалын үнэт зүйл олноороо байдагтай холбоотой. Энэхүү цайз ба ордны цогцолбор нь тус хотын хамгийн өндөрлөг хэсэгт байгалийн үзэсгэлэнт газарт оршдог. Энэхүү цогцолбор нь дэлхийн олон орны жуулчдын сонирхолыг ихэд татдаг юм. Казань хотод 67 улс орноос оюутнууд суралцдаг ба нийтдээ 200000 оюутан залуучууд Казаний 44 их, дээд сургуулиудад суралцаж байна. Казаний их сургууль нь 1804 онд байгуулагдсан түүхээрээ ОХУ-ын Москва, Санкт Петербургийн их сургуулийн дараа 3-р байрт ордог байна. Энэ сургуульд ЗХУ-ыг үүсгэн байгуулагч, пролетарийн хувьсгалын их удирдагч В.И.Ленин сурч байсан түүхтэй. Тус хотын Туполевын нэрэмжит техникийн их сургууль, Холбооны их сургууль, Казанийн технологийн их сургууль зэрэг нь ОХУ, бүс нутагтаа болон олон улсад ихээхэн алдартай юм.

Казань-2013 наадмын спортын төрлүүд

Анхны зуны Универсиад наадам 1959 онд Италийн Турин хотноо спортын 7 төрлөөр явагдаж байсан бол 54 жилийн дараагаар ОХУ-ын Казаньд болох наадам нь түүхэнд хамгийн олон буюу спортын 22 төрлөөр явагдан шинэ дээд амжилтыг тогтооно.

Наадмын үндсэн 10 төрөл болох хөнгөн атлетик, сагсан бөмбөг, туялзуур жад, хөл бөмбөг, гимнастик (спортын болон уран сайхны), жудо, усан спорт (сэлэлт, усанд үсрэх, усны бөмбөг, уран сайхны сэлэлт), ширээний теннис, теннис, волейбол зэрэг Универсиадын албан ёсны спортууд орно. Үүнээс гадна  ОХУ-ын ЗБХорооны хүсэлтээр нэмж 12 төрлийг шинээр оруулсан. Бокс, буудлага, сэлүүрт завь, самбо бөх, чөлөөт бөх, бүстэй барилдаан, шатар, хүндийн өргөлт, регби-7, зүлгэн дээрх хоккей, бадминтон, элсний волейбол зэрэг төрлүүдээр наадам явагдана. "Универсиад" их наадмын хөтөлбөрт анх удаагаа зүлгэн дээрх хоккей, уран сайхны сэлэлт, бүстэй барилдаан, регби-7, самбо бөх, бокс зэрэг спортын төрлүүд орсон нь чухал онцлогтой болж байна. Эдгээрийн зарим  төрлүүдээр зөвхөн оюутны дэлхийн аваргын тэмцээнүүд явагддаг байсан юм.

Универсиадын таних тэмдэг ба бэлэгдэл

ОУОСХ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй аливаа оюутны спортын арга хэмжээний таних тэмдэг нь заавал "U" үсгийг  зайлшгүй багтаан оруулах  уламжлалтай.

Универсиад наадмын таних тэмдэг нь "Универсиад", Казань, "ОХУ", "2013" гэсэн бичлэг болон ОУОСХ-ны брэнд болсон 5-н таван хошуугаар алтан зул цэцгийг дүрслэн оруулж босоо тэгш өнцөгт хэлбэртэй байрлуулжээ. Цэцэг нь зун цагийн бэлэгдэл бөгөөд оюутан залуучуудыг цэцэг шиг дэлбээлж байнга эрч хүчтэй, цог золбоотой болгож, хөгжил, цэцэглэлтийг бэлэгдэж байна. Энэ утгаараа ОХУ-ын Татар үндэстэнүүдийн бэлэгдэл болсон алтан зул цэцгийн дүрсийг Универсиадын таних тэмдэгт  шингээж өгчээ.

Наадмын бэлэгдлээр Бүгд найрамдах Татарстан улсын үндэсний билэг тэмдэг болсон цагаан өнгийн барсын зулзагыг сонгон авчээ.  Сэргэлэн, цовоо, хөгжилтэй барсны гарт таван өнгийн галын дөл бадарч, түүнд бамбарыг атгуулсан байдлаар дүрсэлжээ. Казань-2013 их наадмын уриа үг бол "You are the world" буюу "Та бол дэлхий ертөнц" гэсэн уриа байгаа нь "Универсиад" бол дэлхий ертөнц гэсэн 2 утгыг давхар илэрхийлжээ.

Татарстан улсын спортын хөгжилт

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Казань хотыг "ОХУ-ын спортын нийслэл хот" гэж албан ёсоор 2012 онд бахархан нэрлэсэн билээ. Татарстаны БНУ-ын хүн амын нийгмийн бодлогод биеийн тамир, спортын асуудал хамгийн чухал үүрэгтэй байдаг. Татарстаны хүүхэд залуучуудыг багаас нь эрүүл чийрэг, бие бялдрын хөгжил сайтай, спортоор хичээллэдэг болгох, түүгээр дамжуулан хүмүүжүүлэх асуудлыг төрийн бодлогын үндсэн хэсэг гэж  чухалчлан үздэг. Татарстан улсын хүн амын биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгчдийн тоон үзүүлэлт нь ОХУ-ын хэмжээнд хамгийн өндөрт ордог ба олон улсын түвшинд ойртож яваа ажээ. Энэ улсад хүүхэд бүр ямарваа нэгэн спортоор хичээллэх сонирхол, дуршилтай байдаг гэнэ. Эцэг эхчүүд нь хүүхдийг заавал спортын секц, дугуйланд хамруулан оролцуулж, тэднийг төрөөс нь байнга дэмждэг юм.

Тус БНУлсын спортын багуудын амжилт нь зөвхөн ОХУ-д төдийгүй Европ, дэлхийн түвшинд алдартай. Татарстан улсын Набережны Челны хотод байдаг "Казань-Мастер" авто машины баг тамирчид Парис-Дакар авто ралли уралдааны олон удаагийн аварга болж байсан түүхтэй. Татарстаны Ерөнхийлөгч Р.Н.Минниханов бол авто уралдааны дэлхий аварга хүн юм. Казань хотын хоккейн "Ак Барс" баг нь ОХУ-ын болон Евро лигийн тэмцээний эхний байруудад орж байв. Хөлбөмбөгийн "Рубин" баг нь сүүлийн жилүүдэд Оросын дээд лигт 2 удаа түрүүлж цахиур хагалж байлаа. Казаний сагсан бөмбөгийн "УНИКС" багийг манай спорт сонирхогчид андахгүй мэднэ.  Тэд ОХУ-ын дээд лигт тогтмол эхний 3 байранд орж байдаг юм. Волейболын эрэгтэй, эмэгтэй "Зенит", "Динамо", зүлгэний хоккейн "Динамо”, усны бөмбөгийн "Сентиз” багуудын  нь ОХУ-ын дээд лигийн тэмцээний олон удаагийн аварга ба Европ, дэлхийн лигид амжилттай оролцож, зарим тамирчид нь Лондонгийн 2012 оны олимпийн аварга болсон.

Эдгээр багуудыг ивээн тэтгэх, ажиллуулах бүх талын нөхцлийг Татарстан улс бүрэн хангаж чадсан ба энэ багууд нь Орос ба Татар үндэстэний бахархалыг зүй ёсоор төрүүлж, олон мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг ба хүүхэд багуучуудыг спортоор хичээллэхэд нь нөлөөлж байдаг ажээ. ОХУ-ын спортын сайд асан, хоккейн алдарт тамирчин, олимп, дэлхийн аварга В.Фетисов нь  хоккейн “Ак Барс” багийн тамирчидын байнга амьдардаг зочид буудлын байр, бэлтгэлийн танхим, тоглолтын ордон, тренежерийн заал, усан бассейн зэрэг зөвхөн энэхүү багийн хоккейчдод зориулсан байгууламжийг үзэж сонирхсоны дараа АНУ, Канад улсын хойд америкийн мэргэжлийн хоккейн багуудад ийм сайхан байгууламжтай газар байдаггүй хэмээн шүүрс алдаж хэлсэн удаатай юм. Казань хот нь 2015 оны усны спортын төрлүүдийн ДАШТ-ий эрхийг авч бэлтгэлээ хангаж, зохион байгуулахаар бэлтгэж байгаа ба ОХУ-д 2018 онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн болон хагас шигшээ тоглолтууд "Казань Арена" төв цэнгэлдэх хүрээлэнд явагдахаар төлөвлөгджээ. Универсиадын үеэр Казаньд 26 хэм орчим дулаан байх ажээ.

                                        
ОУОСХ-ны Ерөнхий ассамблей ба эрдэм шинжилгээний хурал болно

Их наадмын үеэр буюу 7 сарын 1-2-ны өдрүүдэд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, Ерөнхий Ассамблейн их хурал нь 7 сарын 3-4-ны өдрүүдэд Корстон зочид буудлын цогцолборт болно. Ерөнхий Ассамблейн их хуралд дэлхийн 163 орны Үндэсний ОСХ-ны удирдлагууд оролцож тухайн байгууллагын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ. Харин ОУОСХ-ны эрдэм шинжилгээний их хурал 7 сарын 14-17-ны өдрүүдэд Казаний их сургууль дээр явагдах юм. Хурлын ерөнхий сэдэв нь "Оюутны спорт ба олимпийн спорт: Хоёр загвар-Нэг зорилго" гэсэн ерөнхий нэр дор явагдана. Эрдэм шинжилгээний их хуралд 50 гаруй орны 450 эрдэм шинжилгээний илтгэл ирүүлсэн ба үүнээс 160 илтгэлийг 8 салбар хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн бусад илтгэлийг ханын самбарт байрлуулан олон нийтэд дэлгэцээр харуулж, сурталчлан мэдээлэх юм.

Зохион байгуулах хороо ба бэлтгэл ажил

Универсиадын бэлтгэл ажлыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар 2008 оны 12 сарын 23 нд албан ёсоор эхлүүлж Зохион байгуулах хороо байгуулагдсан юм. Казаний Универсиадыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ойр ойрхон шалгаж, өөрийн биеэр очиж наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцан үүрэг, чиглэл өгч ажиллаж байна. Наадмын ЗБХ-ны даргаар ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч И.Шувайлов ажиллаж байна. Тэрээр Засгийн газрын түвшин дэх бүх ажлыг хариуцаж байгаа бол ЗБХ-ны орлогч дарга ОХУ-ын спортын сайд В.Мутко нь холбооны Засгийн газрыг төлөөлөн, үйл ажиллагааг зохицуулан удирдаж байна.  Харин Татарстан улсын түвшинд тус улсын Ерөнхийлөгч Р.Минникханов ЗБХ-ны орлогч даргын хувиар бүх ажилд хяналт тавин газар дээр нь зохион байгуулан ажиллаж байна.

Наадмын өдөр тутмын ажлыг наадмын Гүйцэтгэх хороо хариуцаж даргаар нь Казань хотын захиргаанд ажиллаж байсан, залуу удирдагч В.Леоновыг томилсон юм.  Тэрээр хотын дарга И.Метшины хамтаар наадмын эрхийг авахын төлөөх марафоныг зохион байгуулж, Татарстан БНУ-ын спорт, залуучууд, аялал жуулчлалын сайд Р.Бурганов нар оролцож байсан юм. ОУОСХ-ны ерөнхийлөгч Клода Луи Галльен болон хянан шалгагч, ОУОСХ-ны ажилтнууд, мэргэжлийн хүмүүс хуваарийн дагуу шалгалт үзлэгээ байнга явуулж байна. Одоогоор бэлтгэл ажил 98% тай явагдаж байна. Бүх ажлууд хуваарийн дагуу хийгдэж, үлдэж буй сарын хугацаанд бүх ажлууд бэлэн болсон байх юм. Наадмын тэмцээнийг Олон улсын спортын холбоодын томилогдсон төлөөлөгч нар, ОУОСХ-ны техникийн хорооны хүмүүс, нийтдээ 2500 шүүгч, үүнээс 1598 нь ОХУ-ын шүүгчид шүүн явуулна. ЗБХороо нь Универсиад наадмыг маш өндөр түвшинд, хамгийн сайн зохион байгуулалттай явуулахаар амлаж байна. Универсиадын бэлтгэл ажлын хүрээнд спортын байгууламж, зам тээвэр, бусад үйл ажиллагаанд 228 тэрбум рубль зарцуулсны 67 тэрбумыг Татарстан,  81 тэрбумыг  ОХУ-ын Засгийн газар, үлдсэн 80 тэрбумыг нь ивээн тэтгэгчдээс гаргажээ.

 Казань хот хөгжиж, дэд бүтэц нь сайжирчээ

Универсиад бэлтгэх явцад Казань хот танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Хотын гудамж, талбай, орон сууцны барилгууд бүгд өнгөө засчээ. Дэд бүтцийн чиглэлийн байгууламжууд болох засмал зам тавигдан зарим хэсэг нь засагдаж, шинэ гүүр, уулзвар тавигдаж, замын дээгүүр болон доогуур гарцнууд байгуулагдсан нь хотын замын сүлжээг улам бүр сайжируулжээ. Метроны шинэ шугам тавигдан, буудлууд нэмэгдсэн байна. Шинээр ”Казань-2” галт тэрэгний буудал 2012 онд баригдан ашиглалтанд орж үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Хуучин нисэх буудалтай зэрэгцүүлэн олон улсын нисэх буудал “Казань терминал-1А” барьж, нислэгийн зурвасыг нэмэгдүүлэн жилдээ 1,5 сая зорчигчийг хүлээн авахад бэлэн болгожээ. Энэ нисэх буудлаас хотын төв рүү 20 мин яваад хүрэх 26,5 км хурдан галт тэргэний шугам тавьж, станцуудыг байгуулан ашиглалтанд хүлээн авчээ.

Универсиадын тамирчдын тосгон

Универсиадын тосгоны эхний ээлжийг 2010 оны 9 сард ашиглалтанд хүлээн авч 3 жилийн турш Казаний олон ИДС-ийн оюутнууд энэ хотхонд байрлан ашиглаж байв. Зохион байгуулах хороо, холбооны болон БНУ-ын Засгийн газрын хөрөнгөөр 53 га газарт тосгонг барьж, 274,000 кв.м талбайгаас энэхүү байгууламж бүрджээ. Тамирчдын тосгон нь  наадмын үеэр нэг дор 12,976 төлөөлөгчдийг нэгэн зэрэг байрлуулах боломжтой. Тосгон дотроо 2 үндсэн хэсэгтэй, олон улсын төв ба амьдрах байруудын хэсэг гэж хуваагдана. Мөн байрууд нь 3 үндсэн хэсэгт цуваа байдлаар оршиж, 4-13 давхар барилгуудтай 28 байшингаас бүрдэж байгаа юм. Энэхүү тосгон нь 6 сарын 29-ны өдрөөс нээгдэнэ. Тосгонд банк санхүү, худалдаа үйлчилгээ зэрэг бүх төрлийн газруудтай ажээ.

Наадмын дараагаар Казаний их, дээд сургуулиудын оюутнуудын нэгдсэн хотхон болж, оюутнууд үргэлжүүлэн амьдрана. Мөн Волга бүс нутгийн Биеийн тамир, спорт, аялал жуулчлалын их сургуулийн оюутнууд энд амьдарна. Тамирчдын тосгон нь нисэх буудлаас ойрхон, Казань хотын Приволский дүүргийн Парина гудамж дагуу ногоон байгууламжуудын дунд байрлаж байна. Тосгон нь автобус, Проспект Победи метроны буудлуудаас холгүй оршдог. Тосгонд тамирчдын бие халаалт хийх задгай цэнгэлдэх хүрээлэн, усан бассейн, тренежерийн заал, бэлтгэлийн төвүүдийг оролцуулан байгуулжээ. Тамирчдын тосгонд байрлах “Олон улсын төв”-д тэднийг хүлээн авах, бүртгэх төвүүд байрлаж наадамд оролцох эрхийг ОУОСХ-ны хяналтын хорооноос олгоно.

Наадмын спортын  барилга байгууламжууд

Спортын 64 барилга байгууламж наадмын үйл ажиллагаанд шаардлагатай байсан (тэмцээн явуулах ба албан ёсны бэлтгэл хийх) ба үүнээс 30 спортын барилгыг шинээр барьж байгуулжээ. Зарим спортын ордон, заалыг өргөтгөн засч, тохижуулж бэлтгэсэн байна. Казань хотноо “Ак барс” бөхийн ордон, Теннисийн академи, Олимп төв, Свияга буудлагын төв, Форвард спорт цогцолбор зэрэг олон байгууламжууд шинээр баригджээ. Эдгээрээс спортын 3 том байгууламжид ихээхэн ач холбогдол өгч байсан. Үүнд: нээлт, хаалтын ёслол хөнгөн атлетикийн тэмцээн болох төв цэнгэлдэх хүрээлэн “Казань Арена”, мөн бүх төрлийн усан спортын тэмцээн явуулах төв, түүнчлэн сэлүүрт завины тэмцээнүүд зохиогдох “Казань регита” байсан. Одоо эдгээрээс  “Казань Арена”-гийн барилгын ажил дуусч, тавилга төхөөрөмжүүдээ угсарч, төгсгөлийн шатандаа оржээ. Энэ байгууламж нь  45,000 хүний суудалтай, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт явуулахад ФИФА-гийн стандартыг бүрэн ханган баригдаж байна. “Казань Арена” төв цэнгэлдэх хүрээлэнгээс бусад бүх спортын барилга байгууламжууд төрөл бүрийн түвшины сорилт тэмцээнүүд явагдаж туршигдсан байна.  Түүний дотор Оросын аварга шалгаруулах тэмцээнүүд, Европ, дэлхийн аварга, оюутны ДАШТэмцээнүүдийг бокс, буудлага, сэлүүрт завь, каное завины төрлүүдээр өнгөрсөн 5 жилийн дотор явуулжээ.

ОХУ-д анх удаа гадаадын тамирчид визгүй зорчино

ОУОСХ-ны хүсэлт, гишүүн орнуудаас тавьсан саналыг ОХУ-ын Засгийн газар нааштай хүлээн авч, өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаадаас ирэх тамирчдыг 2013 оны 6 сарын 25 ны өдрөөс эхлэн 7 сарын 25-ны өдрийг хүртэл нэг сарын хугацааны дотор ОХУ-д визгүйгээр зорчуулах арга хэмжээг авчээ. Энэ нь гадаадын тамирчдыг анх удаагаа визгүй зорчуулж байгаа явдал юм. Гэхдээ их наадмын төлөөлөгчид визгүй зорчихын тулд холбогдох мэдээллээ тухайн улсад байгаа ОУОСХ-ны гишүүн, Үндэсний оюутны спортын холбоогоор дамжуулан Казаний ЗБХ-д тогтоосон хугацааны дотор явуулна. ЗБХ нь тамирчдыг үнэгүй зорчих үнэмлэхийг ГХЯамтай хамтран бэлтгэн үндэсний ОСХ-нд нь явуулж, тамирчин нь паспортын хамт энэхүү үнэмлэхээр ОХУ-д нэвтрэн орох журам тогтоожээ. Гадаадын тамирчдыг Москвагийн 3 нисэх буудал ба Казаний нисэх буудал, төмөр замын буудал, усан онгоцоор хүлээн авахаар төлөвлөжээ.

Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа

Универсиадын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч Игорь Крутой, алдартай найруулагч А.Сеченов нарын удирдсан менежментийн баг зохион байгуулах эрхээ авч бэлтгэж байна. Энэ үйл ажиллагаанд 90 орчим хамтран зохион байгуулагч байгууллага, компаниудыг сонгон авч ажиллуулжээ. Нээлтийн ёслол нь  2013 оны 7 сарын 6-ны өдрийн 21:30 цагаас эхлэнэ. Түүнд ашиглах зарим тусгай тоног төхөөрмжүүдийг “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг барих ажилтай зэрэгцүүлэн, хавсарч угсарч байгаа юм. Нээлтийн үеэр соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглох ба спортын төрлүүдийг харуулсан өнгө өнгийн чимэглэлүүдийг гаргаж үзүүлэх юм. Бусад арга хэмжээ нь ОУОСХ-ны протоколын дагуу явагдна. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан асар том хэмжээтэй аяган дотор “Универсиад”-ын галыг асаах ба наадмын турш бадамлан асах ажээ. Хаалтын ажиллагаа 7 сарын 17-ны өдрийн 22:00 цагт явагдаж Оросын эстрад урлагийн одууд оролцсон залуусын дуу хөгжим, шоу наадмын арга хэмжээ болохоор зохион байгуулжээ.

Казаньд соёлын "Универсиад" болно

Наадмыг зөвхөн спортын арга хэмжээ бус соёлын “Универсиад” болгоно хэмээн зохион байгуулагч нар амлаж байна. Универсиадын үеэр тамирчдын тосгонд болон хотын соёл, үйлчилгээний бүх газруудад зочид төлөөлөгч нарт зориулан бэлтгэсэн урлагын наадам, тоглолт, үндэсний урлагийн болон циркийн үзүүлбэр, кино гаргах, музей түүх дурсгалын газрууд үзүүлэх төрөл бүрийн хөтөлбөр гарган бэлтгэсэн байна. Наадамд зориулан “Универсиадын цэцэрлэгт хүрээлэн”–г Татарстаны ХААЯамнаас эрхлэн Казанка голын эргийн дагуу байгуулжээ. Татар үндэсний эртний өв уламжлал, авьяас чадварыг харуулсан цуврал тоглолтуудыг энэхүү “Универсиадын цэцэрлэгт хүрээлэн” –гийн урлагийн газруудад явагдах юм.

Наадмын галт бамбарын аялал

Наадмын бамбарын аялал нь Францын Сорбоны их сургуулиас гараагаа эхлэжээ. Энэ их сургууль дээр 1923 онд дэлхийн анхны оюутны спортын наадам зохиогдож байжээ. Бамбарыг ОХУ-ын “Седов” дарвуут завиар 45,000 миль газар далайгаар аялуулан алс дорнодын Хабаровск хотоос энэ оны 1 сарын 25 наас бамбарын аялалыг эхлүүлсэн байна. Бамбар нь ОХУ-ын Якутск, Красноярск, Новосибирск, Калинград, Москва, Санкт-Петербург зэрэг 51 хотоор дамжин Казаньд хүрнэ. Түүнчлэн Татарстаны 43 засаг захиргааны нэгж, газруудаар аялуулан наадмын нээлт болох төв цэнгэлдэх хүрээлэнд галт бамбар 2013 оны 7 сарын 6-д хүрэлцэн ирэх юм. Бамбарыг угтсан болон ирэх үеэр нь тухайн газруудад олон төрлийн баярын арга хэмжээнүүд зохион байгуулан явуулж, шилдэг тамирчид, иргэд, оюутан залуус бамбарын аялалд 1,5 сая хүн оролцож байна. Бамбар нь галт тэргээр, онгоцоор, машин зэрэг олон төрлийн тээврийн хэрэгслээр дамжин ОХУ-ын агуу том газар болох 104,000 км зам, нутаг дэвсгэрийг дайран өнгөрч байгаа юм.

Хэвлэлийн 1500 төлөөлөгч нар Универсиадыг сурвалжилна

“Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх олон улсын хэвлэлийн төвд бүх сэтгүүлч нар ажиллана. Энэ төвд нэгэн зэрэг 800 хүн ажиллах боломжтой ажээ. Хэвлэлийн 1500 гаруй төлөөлөгч нар хүрэлцэн ирж сурвалжлах мандатаа 2013 оны 4 сарын 18-ны өдрийн өмнө ЗБХ-ноос авч дуусчээ. Телевизийн дамжуулах төвд 400 хүн ажиллах багтаамжтай юм. Тэд олон улсын хэвлэлийн төвд ажиллаж өдөр,цаг тутамд мэдээлэлээ дэлхийн олон нийтэд хүргэх юм. Олон улсын хэвлэл мэдээллийн төвд гадаадын 300 гаруй сэтгүүлч нар ажиллана. Их наадмын үйл ажиллагааг ОХУ-ын ОРТ, “РТР” зэрэг томоохон телевиз, сувгууд шууд дамжуулан, Итар ТАСС, Риа новости агентлагууд мэдээлэхээр гэрээ байгуулжээ.

Тээврийн үйлчилгээнд “Хюндай” машин үйлчилнэ

Универсиадын ЗБХороо нь БНСУ-ын “Хюндай” компанитай автомашин, автобусаар төлөөлөгчдөд үйлчлэхээр гэрээ байгуулан бэлтгэжээ. Эдгээр машинуудад Универсиадын лого, бэлэгдлийг байрлуулсан байна. Тамирчидын тээврийн асуудлыг 2000 хүний жолооч нарын бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэнэ. Тэд тэмцээн, бэлтгэлийн байр, үзвэр соёлын зэрэг газрууд руу 175 чиглэлд төлөөлөгчдийг хүргэн ажиллах ажээ.

Наадмын дараа Казаньд оюутны спорттой холбоотой юу үлдэх вэ

Казань хотноо Волга бүс нутгийн Биеийн тамир, спорт, аялал жуулчлалын их сургууль байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхлэнэ. Универсиадын үеэр баригдсан олон барилга байгууламжыг энэ их сургуулийн мэдэлд шилжүүлэхээр болжээ. Казань хот ОХУ-даа томоохонд тооцогдох оюутнуудын хотхонтой болно. Их наадмын бэлтгэл ажлын хүрээнд баригдсан спортын ордон, заалны дийлэнх нь их сургуулиудын хотхон дотор баригдсан ба цаашидаа эдгээр барилга, байгууламжууд нь оюутнуудад ашиглагдана.

Түүнчлэн ОУОСХ-ны "Универсиад”-ын олон улсын боловсролын төв байгуулагдан Татарстаны Засгийн газартай гэрээ байгуулан ажиллахаар болжээ. Универсиадын музейг Казань хотноо нээн ажиллуулж эхлэнэ. Түүнчлэн Казань хот нь ОХУ-ын спортын нийслэл хотын хувьд олон улсын тэмцээн, наадмыг хүлээн авч зохион байгуулах төвүүдтэй болж материаллаг бааз бүрдэн үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын бааз суурь газар болно. Наадмаас эдгээр бодит материаллаг зүйлс үлдэхээс гадна оюутан тамирчдын гайхамшигтай тоглолтууд, залуу ур чадварын дээд үзүүлбэрүүд, оюутны спортын үзэл санаа түгэн дэлгэрч, оюуны бүтээлүүд нь хүмүүсийн  ой тархинд шингэн үлдэх болно.

Эмнэлэг, допингийн тест авна

Наадмын үеэр тамирчидын тосгонд эмнэлгийн томоохон поликлиник 24 цагаар ажиллаж тамирчидад үйлчилнэ. Казань хотын 10 гаруй эмэнэлэг, түргэн тусламжын төвүүд бэлэн байдалд ажиллаж, тэмцээн, бэлтгэлийн газруудад эмч, сувилагч өргөн нар бүрэлдэхүүнээрээ ажиллана. Тэмцээн, бэлтгэлийн газар бүрт эмнэлгийн пунк байна. Наадмын үеэр ОХУ-ын допингийн эсрэг “РУСАДА” төвөөс тестийг авах 106 ажилтан гарч ажиллана. Москва хот дах ВАДА -д бүртгэлтэй тусгай лабораторид үр дүнг гаргана.

Универсиадын түншүүд

Универсиад наадмын албан ёсны харилцаа холбооны түнш байгууллагаар харилцаа холбооны “Мегафон” компани, банкны үйлчилгээг АК БАРС банк, тээвэр зохион байгуулалтыг “Хьюндай Моторс” компани, “Waterhouse” усны компани, Аэрофлот зэрэг ОХУ-ын хэд хэдэн томоохон байгууллагууд хамтран ажиллаж байна. Түүнчлэн Coca Cola компани, “ТИССОТ” цагны үйлдвэр, СОВГАЗ газрууд оржээ. Албан ёсны түншээр PWC, Panasonic нар байгаа ба хамтран ажиллагчаар Danne, Ecolab, “Форвард” спорт хувцасны компани, “Планета” фитнесийг төв зэрэг олон арван байгууллага, компаниуд орж байна.

Наадмын хуваарь гарч, багийн сугалаа болсон

Наадмын 22 тэмцээний цагийн хуваарь аль хэдийнээ гарч вэб сайтанд нь байрлажээ.  Наадмын тэмцээнүүд 7 сарны 5-ны өдрөөс эхлэнэ. Оролцох төлөөлөгчдийн ахлагч нарын хурал 2013 оны 4 сарын 3-7-ны өдрүүдэд Казань хотноо болсон ба 50 гаруй орны төлөөлөгч нар наадмын бэлтгэл ажлын явц, байдлыг танилцуулан тэмцээн болох газруудыг үзүүлжээ. Энэ үеэр наадамд оролцох багийн спортын төрлүүдийн сугалаа болсон байна.

Тамирчдын хоолонд анхаарч байна

Наадмын үеэр тамирчид 24 цагаар үйлчлэх, нэг ээлжиндээ 3534 хүн хүлээн авах хүчин чадалтай хоолны газар ажиллана. Баг тамирчдын захиалгын дагуу тэмцээний байранд нь “Ланч бокс” бэлтгэн явуулах үйлчилгээ гаргажээ. Мөн зохион байгуулагч, сайн дурын ажилтан, харуул хамгаалалтын ажилтанууд, жолооч, спортын ордон байрны техникийн болон үйлчилгээний ажилтанууд зэрэг нийтдээ 122,000  хүнийг нэг өдөрт 3 удаа хооллохоор зохион байгуулалтын ажлыг хийсэн байна. Хоолны амт, чанар, аюулгүй байдлыг ихээр анхаарч байгаа юм. Үүнээс наадмын тосгонд 13,500 төлөөлөгчдыг нэгэн зэрэг хооллоно. Хоол бэлтгэх үйл ажиллагаанд 300 гаруй компани байгууллагууд оролцож байгаа ажээ. Наадмын үеэр 800 гаруй нэр төрлийн хоолоор тамирчид, төлөөлөгчдийг дайлах юм. Универсиадын үеэр Игорь Фельдман ахлах тогоочтой 1600 гаруй тогоочдын армийг тэр удирдан ажиллана. Нийт хоолны Европ (55 %), үндэсний (7 %), Азийн (16 %), далайн (12 %) хэмээн гал тогоог хуваан төрөл бүрийн хоолоор тамирчдыг дайлна. Мөн "McDonalds" компанийн салбар үүдээ нээж ажиллах юм.

Сайн дурын ажилтан

Универсиад наадамд сайн дураараа ажиллахаар дэлхийн 40 гаруй орны болон ОХУ-ны 60 орчим мужаас 200,000 оюутнууд  онлайнаар бүртгэл, хүсэлтээ явуулснаас ярилцлага, шалгалтанд  тэнцэн 20,000 сайн дурын ажилтан, оюутнуудыг шалгаруулан авчээ. Тэдний 4,500 нь ОХУ-ын төрөл бүрийн хотын ИДС-иас ирэх оюутнууд, 500 гадаад орнуудын иргэд нь 15,000 нь Татарстаны иргэд, оюутнууд сонгогджээ. Универсиад наадмын Гүйцэтгэх хорооны дэргэд Сайн дурын ажилтан нарын хороо 2012 оны 5 сард байгуулагдаж ийнхүү 1 жилийн дотор сонголтоо хийжээ. Сайн дурын ажилтанууд 40 гаруй чиглэлийн ажил, үйл ажиллагаанд оролцохоор хуваарилагдсан байна. Үүнд: баг тамирчдтай ажиллах, тосч аван үдэн гаргах, хүндэт зочид, тамирчдын тосгон, нээлт хаалтын ажиллагаа, мандат бүртгэл, хэвлэл мэдээлэл зэрэг олон хэсэгт хуваагдан ажиллана. Олон зуун сонгогдсон сайн дурын ажилтанууд 2009 -2011 оны өвөл, зуны Универсиад,  2010 оны өвлийн олимп болон 2012 оны зуны олимп зэрэг бусад тив, дэлхийн томоохон наадмууд дээр ажиллаж туршлага судлан, дадлага хийж байсан гэнэ. Түүнчлэн “Универсиад”-ын өмнө Казань хотноо болсон олон зуун сорилт тэмцээнүүд дээр тэдгээр сайн дурын ажилтан, оюутнууд туршлага хуримтлуулсан байна.

Билетийн борлуулалт сайн байна

Наадмын билетийн үнэ харьцангүй хямд 30-300 рубль байгаа юм. Учир нь иргэд ялангуяа оюутан залуусыг тэмцээн, наадмыг өргөнөөр үзүүлэх боломжыг нээн өгчээ. Харин нээлт, хаалтын ёслолын арга хэмжээний билет нь 750-6000 рубльд багтаж байна. Сагсан бөмбөг, волейбол, хөлбөмбөг, бокс, бөхийн шигшээ тэмцээний билет эрэлт хэрэгцээ өндөр байна. Зохион байгуулагч нар 1 сая 260 мянган билет борлуулахаар төлөвлөсөн ба билетийн борлуулалт сайн байгаа ажээ. Наадмыг ОХУ-ын олон хот, газруудаас ирсэн үзэгчид, жуулчид  очиж үзэхээр төлөвлөсөн байна.

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.kazan2013.com, www.fisu.net  болон www.facebook.com хаягаар орж үзнэ үү.

ДОКТОР Д.ЖАРГАЛСАЙХАН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж