Анодын хувьцаа эзэмшигчид Дээд шүүхэд ханджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Анодын хувьцаа эзэмшигчид Дээд шүүхэд ханджээ

Санхүүгийн алдагдалд орж, эдийн засгийн эргэлтгүй болсны улмаас татан буугдсан “Анод” банкны хувьцаа эзэмшигчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Анх 2008 оны тавдугаар сард гаргаж байсан “Анод” банкны үнэт цаасыг хэтдээ эдийн засгийн үр өгөөж сайтай хөрөнгө болж чадна гэсэн найдвартайгаар иргэд худалдаж  авч байжээ. Тэгвэл 2010 онд “Анод” банк үйл ажиллагаа явуулж чадахгүй хэмээн тогтоогдож татан буугдсанаар олон жижиг хувьцаа эзэмшигчид хохирч үлдсэн. Тиймээс хувьцаа эзэмшигчид эрх ашиг нь зөрчигдсөн талаар сүүлийн жилүүдэд тасралтгүй тэмцсээр байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй тул хохирлоо барагдуулахаар Улсын дээд шүүхэд давж заалдахаар болжээ.

Энэ талаар “Анод” банкны жижиг хувьцаа эзэмшигчдийн өмгөөлөгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн Г.Баяржаргалаас тодрууллаа.

-Анод банкны хувьцаа эзэмшигчид хохирогчдын асуудал шийдвэрлэгдэж чадалгүй өдийг хүрлээ. Ер нь Анод банк татан буугдсанаар хэдэн хүн хэдий хэмжээний хохирол амссан бэ?

-Үнэт цаасны зах зээлд хувьцаа гаргах эрх өгдөг бүх л эрх мэдэлтэй байгууллагуудын зөвшөөрлөөр Анод банк 2008 онд тавдугаар сарын 19-23-ны хооронд үнэт цаасаа гаргаж байсан. Ингээд хувьцаанаас нь худалдаж аваад байж байтал банк санхүүгийн чадваргүй гээд татан буугдснаар нийт 1245 хүн 9.3 тэрбум төгрөгийн хохирол амссан.

-Энэ хугацаанд хохирлоос тодорхой хэмжээгээр барагдуулсан уу?

-Нэг ч хүний хохирлыг бага ч хэмжээгээр барагдуулаагүй. Тиймээс бид үргэлжүүлэн тэмцэнэ.

-Үнэт цаас гаргаж, олон нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлсэн бүхэл бүтэн банк татан буугдаж, хувьцаа эзэмшигчид нь хохирч үлдэхэд юу нөлөөлсөн юм бэ. Юунаас болоод ийм байдалд хүрчихэв ээ?

-Үнэт цаасны зах зээл болон арилжааны банкны тогтолцоог хариуцдаг Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо гээд хоёр ч том газар байна шүү дээ. Арилжааны банкны хувьд хувьцаа гаргаж болно гэсэн зөвшөөрлийг олгосон энэ хоёр байгууллага эдийн засгийн чадамжгүй банкинд яах гэж зөвшөөрөл өгсөн юм бэ. Эрсдэлтэй гэдгийг нь тооцоолж байж олон нийтийн хөрөнгийг татан төвлөрүүлэх үнэт цаас гаргах хэрэгтэй.  Хувьцаа эзэмшигчид банкаа дампуурна гэж яаж төсөөлөхөв. Зөвшөөрөлтэй  үнэт цаас гаргаад эхлэхээр л хувьцаа авсан. Үүнээс л хамаг юм болсон шүү дээ.

-Энэ асуудлыг нэг бус удаа шүүхээр хэлэлцсэн. Ямар дүгнэлт гарч байв?

-Ер нь анодын хэрэг хамгийн анх 2012 оны зургадугаар сард шүүхэд очсон боловч хэрэг буцаагдаж, хойшлогчдсоор байгаад энэ оны нэгдүгээр сард анхан шатны шүүхээр орсон юм. Ингээд Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хурлаар анодын холбогдолтой хэргийг шүүж үзээд удирдлагуудад ял оноосон. Тухайлбал, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны буруутай үйл ажиллагааны улмаас олон нийтэд хувьцаа гаргасан гэсэн үндэслэлээр төр хариуцлага хүлээнэ гэсэн шийдвэр гарсан.  Гэтэл сая дөрөвдүгээр сард Нийслэлийн давж заалдах шүүхээр хэргийг дахин хэлэлцэж, хохирлыг төрөөс барагдуулах нь буруу гэсэн шийдвэрийг гаргасан.

-Тэгэхээр хохирлыг хаанаас гаргуулна гэж?

-Төр хариуцахгүйгээр, нэгдүгээр сард гарсан шүүхийн шийдвэрээр яллагдагч нараас гаргуулахаар болсон. Гэтэл яллагдаж байгаа банкны экс удирдлагууд Н.Даваа, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нар юугаараа 9.3 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулахав дээ. Төрийн байгууллагын буруутай  үйл ажиллагаанаас болж хохирсон байгууллага, иргэний хохирлыг Засгийн газрын нөөцийн сангаас гаргах ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр Засгийн газар анхаарах ёстой. Ингэж асуудлыг шийдэхгүй бол ямар ч хохирол барагдуулах чадваргүй яллагдагч нараас ав гээд орхидог нь буруу.

-Цаашдаа хохирлоо барагдуулахаар яаж тэмцэх вэ?

-Бид хохирлоо барагдуулахын тулд үндсэндээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нийслэлийн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгуулахаар Улсын дээд шүүхэд материалуудаа явуулсан. Шүүх хурлын тов долдугаар сард гарах байх гэж бодож байна. Ер нь тухайн үед хувьцаа авах гэж байраа зарсан иргэдээс эхлүүлээд янз бүрийн л амьдралтай хүмүүс байна шүү дээ. 100 мянган төгрөгнөөс хэдэн арван сая төгрөг хүртэлх төгрөгөөрөө хувьцаа аваад одоо хоосон сууж байгаа хүмүүс хохирсон чигтээ үлдэх учиргүй. Бид ямартай ч хохирлоо барагдуулахын тулд бүх чадлаараа тэмцэх болно.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж