Ари, романс дуулаачдын уралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Ари, романс дуулаачдын уралдаан эхэллээ

СУИС-иас зохион байгуулдаг Хөгжмийн урлагийн сургуулийн багш, Гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн нэрэмжит ари, романс дуулаачдын олон улсын II уралдаан энэ сарын 5-7-нд зохион байгуулагдах юм. Өнөөдөр уг уралдааны нээлт СУИС-ийн “Оюутан” театрт боллоо. 2009 онд анх зохион байгуулсан энэхүү уралдаанд эмэгтэй дуучдаас ДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жужигчин С.Мөнгөнцэцэг түруүлж байсан бол эрэгтэйчүүдээс ДБЭТ-ын гоцлол дуучин А.Сайнбаяр тэргүүн байр эзэлж, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин  удаалж байсан юм.

Монголын төдийгүй дэлхийн сонгодог урлагт дуудах нэр, дуурсах алдартай яваа эдгээр уран бүтээлчийг төрүүлсэн ари романс дуулаачдын олон улсын уралдаанд энэ жил манай уран бүтээлчдээс гадна БНХАУ, ОХУ-аас дуурийн дуучид оролцож байгаа юм.

Гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн нэрэмжит ари, романс дуулаачдын олон улсын уралдааны Гран при шагналтан гурван сая төгрөгийн эзэн болох бол нэгдүгээр байр эрэгтэй, эмэгтэй төрөл тус бүрт нэг уран бүтээлчийг шалгаруулан, хоёр сая төгрөг, хоёрдугаар байрт эрэгтэй, эмэгтэй уран бүтээлч бүрт нэг сая төгрөг, шилдэг концертмейстерт нэг сая төгрөг, тусгай байрын шагналтанд 500 мянган төгрөгийн шагнал тус тус олгох юм.  Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт маргааш, хоёрдугаар шатны шалгаруулалт 6-нд болж, 7-нд шилдгүүдийг тодруулах гала тоглолтыг СУИС-ийн концертын танхимд явуулах ажээ.  

 Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж