Алсаас “Хар хун” ирэх нь

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Алсаас “Хар хун” ирэх нь

“Монголын Урлагийн зөвлөл” дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор алдарт “Нью Йорк Сити” балетийн компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолтыг энэ сард зохион байгуулах гэж байгаа юм.

“Нью Йорк Сити” балетын компанийг Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар 1948 онд байгуулсан түүхтэй. Тус компани нь 90 бүжигчин, 66 хөгжимчний бүрэлдэхүүнтэй симфони найрал,  урын сандаа 150 гаруй бүжгэн жүжигтэй Америкийн томоохон урлагийн компанийн нэг юм. “Нью Йорк Сити” балетын компани Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацийн эзэн “Хар хун” уран сайхны киноны бүжгийн компаниар сонгогдон, дэлхийн үзэгчдэд Жорж Валленчинийн найруулсан “Хунт нуур” бүжгэн жүжгээрээ танигдсан байдаг.

Монголын үзэгчдэд хүргэх “Америкийн бүжгийн одод” тоглолтын  хөтөлбөрт Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан бөгөөд “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар, цагаан хунгийн бүжгийн хэсгээс онцлон хүргэхээр хөтөлбөртөө багтаажээ. Америкийн авьяаслаг балетчдын тоглолт зургадугаар сарын 13, 14-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох ба ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга билэг” этно жааз хамтлагийнхан оролцоно.

“Америкийн бүжгийн одод” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Монре” даатгал, ивээн тэтгэгчээр, Хас банк, АНУ-ын ЭСЯ, ноён С.Рагчаа, “Төгөлдөр сан”, “Таван богд” групп, “Мон эм импекс” концерн, “Сайнд оф Монголия” ХХК оролцож байна.

Г.ДАША 



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж