Дуут дохио журамлууллаа

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Дуут дохио журамлууллаа

Замын нэгдүгээр эгнээ, эсрэг урсгал ялгалгүйгээр өнгө алагласан гэрэлтэй хачин жигтэй чанга дуу хангинуулан давхих гэрлэн болон дуут дохиотой автомашинууд ихэсч, эрх мэдэлтэй гэсэн бүхэн л машин дээрээ ямар нэгэн дохио “залах” дөхөөд байгаа. Угтаа бол тусгай дуут болон гэрлэн дохиог эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газар гээд иргэдэд яаралтай тусламж үзүүлдэг байгууллагууд шаардлагатай тохиолдолд ашиглах ёстой ч одоо бол дуут дохиогоор бараг хэн ч хамаагүй гангарч байгаа гэхэд хилсдэхгүй. Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох, автомашин түгжирсэн үед эсрэг урсгалаар хөдөлгөөнд саадгүй, хурдан шуурхай, давуу эрхтэйгээр оролцох гэсэн арга зальтнууд нэмэгдсэн нь албаныхныг журмаа шинэчилэхэд хүргэсэн байна.

Тодруулбал, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газартай хамтран “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио хэрэглэх” журмыг өөрчилж, тавдугаар сарын 31-нд шинэчлэн боловсруулж дуусчээ.

Энэ журмаар албан үүргээ гүйцэтгэж байгаа хүн, мал эмнэлгийн түргэн тусламжийн машин, аваар осол гэмт хэргийн дуудлагын цагдаагийн болон онцгой байдлын газрын автомашинууд, төрийн гурван өндөрлөгийн тусгай хамгаалалтынхан,  хууль хяналтын байгууллагын онц аюултай гэмт хэрэгтэн баривчлах үүрэг бүхий ажилчдын тээврийн хэрэгсэл зэрэг автомашинуудад л дуут болон гэрлэн дохио эзэмших эрхийг олгох аж. Цагдаагийн ерөнхий газраас энэ эрхийг олгож хэрэгжилтийг замын цагдаагийн газраас хянах бөгөөд  шинэ журам ирэх долдугаар сарын 03-наас эхлэн хэрэгжих юм байна.

Мөн дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашин нь дээрхи байгууллагуудын лого, байгууллагын нэр, харилцах утасны дугаар, үйлчилгээний чиглэл зэргийг автомашимны хажуу хэсэгт ойлгомжтойгоор байрлуулсан байх ёстой юм байна. Ингээд дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон автомашинд тавигдах шаардлагыг хүргэе.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж