Тавантолгой үүцээ дэлгэтлээ удах нь | News.MN

Тавантолгой үүцээ дэлгэтлээ удах нь

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Тавантолгой үүцээ дэлгэтлээ удах нь

Удтал хүлээлгэсэн Таван­толгойн
ордын хөрөнгө оруу­лал­тын гэрээний төсөл УИХ-д орж ирлээ. Өнөөдөр намын
бүлгүүдээр хэлэлцэж эхлэх гэрээний төслийн талаар гишүүд тийм ч ам
сайнгүй байна. Гэвч гэрээний төсөл рүү орохоосоо өмнө бага сага баримт
сэлт дурдья. Тавантолгойн орд бол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын
нутагт, сумын төвөөсөө баруун урагшаа 15 км, аймгийн төв Даланзадгадаас
зүүн тийш 98 км-т орших нүүрсний томоохон орд. Ордын нийт нөөцийг 6.4
миллиард тонн хэмээн үнэлдэг. Үүнээс бага зэрэг бууруулан 4.9 миллиард
тонн гэж нэг хэсэг нь хэлдэг ч Засгийн газрын зүгээс албан ёсны тоо
хэлээгүй байгаа.

Ямартаа ч уг ордын хайгуулыг төсвийн хөрөнгө
оруулалтаар хийж нөөцийг тогтоосон гэж үзээд лицензийг нь төр 100 хувь
мэдэлдээ авсан учраас эрх биш баримжаа байдаг биз. Нийт нөөцийн 70 орчим
хувь нь цахилгаан станцуудад шатаадаг “инергийн” буюу эрчим хүчний
нүүрс, үлдсэн 30 хувь нь 5000-6000 калоритой, дэлхийн зах зээл дээр
хамгийн их эрэлттэй байгаа коксжих нүүрс эзэлдэг. Энергийн нүүрсний
хувьд манайх жилд дотооддоо 7-8 сая тонныг шатааж, мөн энэ хэмжээний
нүүрсийг “жижиг” Тавантолгой хэмээх орон нутгийн компани Хятад руу
экспортолж байгаа.

Тэгэхээр инергийн нүүрсний хувьд монголчууд
дангаараа сая жил шатаагаад ч барахгүй гэсэн үг. Гадаад худалдан авагч
нь ганц Хятад улс, эрчим хүч, хайлуулах үйлдвэрүүддээ авдаг гэсэн. Харин
коксжих нүүрсний хувьд угаагаад, боловсруулаад гаргасан тохиолдолд Орос
ч, Хятад ч, Солонгос, Япон ч авна. Тиймээс л Засгийн газар Тавантолгойн
ордын стратегийн ач холбогдол бүхий хоёр дахь том орд хэмээн үзэж,
төслийн ажлын хэсгийг өнгөрсөн оны эцсээр байгуулсан. Ажлын хэсгийнхэн
үүнээс хойш олон улсын 11 компани, консерциумтай эхний яриа хэлэлцээг
хийж, одоо долоон компани сонгогдож үлдээд байгаа.
Ерөнхий сайд
Тавантолгойн ордод ач холбогдол өгсөн цагаасаа эхлэн ордын ашиглалт дээр
монголчуудын оролцоог дэмжих, хөрөнгө оруулагчдаас авах урьдчилгаа
татварыг дээд хэмжээнд барих, тус ордод түшиглэсэн кокс,  хими, ган 
төмөрлөгийн үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэхийг амлаж ирсэн.
Харин энэ амлалт одоо оруулж ирээд байгаа
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ямархуу байр
эзэлсэн юм бол.

Хөрөнгө оруулалтын хэмжээг хэлсэнгүй

Ажлын
хэсгээс боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өнгөрөгч
дөрөвдүгээр сарын 21-нд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн тэмдэглэлд
гэрээ байгуулах ажлыг оны эхний хагаст багтаан дуусгахаар тусгасан
байна. Одоо хэлсэн хугацааны талаас илүү өнгөрчихөөд байгаа. Ашигт
малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Тавантолгойн ордын
лицензийг эзэмшигч, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компани болон ордыг
хамтран ашиглахаар шалгарсан стратегийн хөрөнгө оруулагчтай Засгийн
газар гурван талт оролцогчийн гэрээ байгуулж, лиценз эзэмшигч компани нь
хөрөнгө оруулагчтай нүүрс олборлолтын гэрээ байгуулах юм байна.

Гэрээний
төсөлд энэ гэрээг байгуулсан өдөр үйлчилж байсан Татварын ерөнхий
хуулийн долдугаар зүйлд заасан бүх татвар /аж ахуйн нэгжийн орлогын
албан татвар, гаалийн  албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар,
ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, зарим бүтээгдэхүүний үнийн
өсөлтийн албан татвар, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай
зөвшөөрлийн төлбөр, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх эд
хөрөнгийн албан татвар/-ыг төлөх, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 29
зүйлийн 1.1-д заасанчлан зарим татваруудыг тогтворжуулах /царцаах/-аар
тусгажээ. Гэхдээ аль татварыг тогтворжуулах талаар дурьдсангүй. Мөн
хөрөнгө оруулагч тал гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хэдий хугацааны
дотор олборлолтын ажлыг эхлүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг хэдий
хугацаанд ямар хэмжээгээр нэмэгдүүлэх нь тодорхойгүй. Хуульд заасанчлан
Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулахаар тусгасан
хэрнээ хэдий хугцааны дотор ямар графикаар хөрөнгө оруулалт хийх нь
тодорхойгүй.

Харин гэрээний долдугаар зүйлд хөрөнгө оруулагч тал
орон нутаг болон бус нутгийн хөгжлийг дэмжих арга замын тухай,
наймдугаар зүйлд Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн бараа үйлчилгээ,
тоног төхөөрөмж, түүхий эд, хангамжийн материал, сэлбэг хэрэгслийн үнэ
өртөг, нийлүүлэх хугацаа, тоо хэмжээ, чанар нь өрсөлдөхүйц түвшинд байх
тохиолдолд тэдгээрийг тэргүүн ээлжинд худалдан авах тухай заасан байна.
Гэвч шударгаар хэлэхэд, монголчуудын өрсөлдөх чадвар ямархуу тувшинд
байх нь ойлгомжтой л доо. Хүмүүсийн хамгийн их сонирхож байгаа хөдөлмөр
эрхлэлтийн асуудал гэрээний есдүгээр зүйлд орсон бөгөөд хөрөнгө оруулагч
болон түүний туслан гүйцэтгэгчийн нийт ажиллагсдын 90-ээс доошгүй хувь
нь Монгол Улсын иргэн байх, үйлдвэрлэлийн өмнөх шат буюу барилгын ажил
гүйцэтгэх хугацаанд нийт ажиллагсдын 60-аасдоошгүй хувьд монгол
ажилчдыг  ажиллуулах, гадаад улсаас ажиллагсдын тоо хэмжээ гэрээнд
заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн ажлын байр тутамд Засгийн
газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг хөрөнгө оруулагч болон туслан
гүйцэтгэгч компани төлөхөөр зохицуулсан аж. Монгол инженер, ажиллагсдыг
сургаж бэлтгэх ажлыг ч мөн л хөрөнгө оруулагч талд үүрүүлжээ.

Гүйцэтгэгч
тал бүх эрсдлийг хүлээнэ

Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд
төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК болон хөрөнгө оруулагч компанийн
хооронд байгуулах нүүрс олборлолтын гэрээг хавсралтаар оруулж, гэрээт
талбайд нүүрс олборлох эрхийг гүйцэтгэгч /хөрөнгө оруулагч болон түүний
Монгол Улсад байгуулсан компани/-ид олгох, баяжуулалт, тээвэрлэлт,
борлуулалтын ажиллагаа, санхүүжилт, бүтээгдэхүүн хуваалт, үнэ тооцох
аргачлал зэрэг үндсэн үйл ажиллагаа болон талуудын эрх үүрэг зэрэг
харилцааг зохицуулжээ. Гэрээт талбайд үндсэн үйл ажиллагаа явуулах
эрхийг Засгийн газрын шийдвэрээр гүйцэтгэгчид олгож, гэрээнд заасан эрх
үүрэг, түүнтэй холбогдох хариуцлага, эрсдлийг гүйцэтгэгч дангаараа
хүлээх, харин төрийн өмчит компани /“Эрдэнэс Монгол”ХХК, цаашид “ТӨК”
гэж явах/-ийн хувьд гүйцэтгэгчийн үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн
үйл ажиллагаанд Монгол Улсын хууль тогтоомж, гэрээгээр олгосон эрхийн
хүрээнд хяналт тавьж ажиллах аж. Тухайлбал гүйцэтгэгч тал бүтээгдэхүүний
үнийг тогтоохдоо ТӨК болон Эрдэс баялаг, эрчим хүчний асуудал эрхэлсэн
төрийн төв байгууллагатай харилцан тохиролцож шийдвэрлэх юм байна.

Энд
ч мөн аанай л нэг асуудал тодорхойгүй үлдсэн нь  монголчуудын хүсч
мөрөөдөөд байгаа баяжуулах/угаах/ үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулж,
хэдий хугацааны дараа хүчин чадлыг нь ямар хэмжээнд хүргэх вэ гэдэг
асуулт. Нэг үгээр хэлбэл өмнө нь Оюутолгойн орд дээр байгуулсан хөрөнгө
оруулалтын гэрээтэй харьцуулахад Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын
гэрээний төсөлд ямар ч шинэ зүйл алга. Монгол Улсын эдийн засгийн
хөгжилд стратегийн онц чухал ач холбогдол бүхий Тавантолгойн ордын
Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл биш, харин аль нэг улсад хэрэглэгдэж
байсан энгийн л нэг загвар гэрээг хуулаад аваад ирсэн мэтээр харагдаж
байна. Мэдээж хөрөнгө оруулагч тал нь тодорхойгүй, хэлэлцээрийн ширээнд
суух хүн байхгүй, техник эдийн засгийн үндэслэл гараагүй гэдгээр
шалтаглаж болох ч үүнээс илүүтэйгээр Засгийн газар энэ удаа анхаарал
татсан гол гол асуудлууд дээр зориуд хариуцлагаас бултаж, хөрөнгө
оруулалтын гэрээг задгайгаар УИХ дээр оруулж, маргааныг хагалахыг хүсээ
юу гэлтэй. Ядахдаа л Монголын тал хэдий хэмжээний урьдчилгаа төлбөр авах
вэ гэдэгт хариулт өгөх хүн байхгүй байна. Сангийн сайд С.Баярцогт нэг
удаа “Наад зах нь нэг тэрбум ам.долларын урьдчилгаа авах боломжтой” гэж
хэлээд хэлээ сугалуулах шахсанаас хойш Засгийн газар энэ талаар ам
ангайхаа больсон. Төслийн ажлын хэсгийн ахлагч, Эрдэс баялаг, эрчим
хүчний сайд Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг өргөн барьсныхаа дараа ч
урьдчилгаа төлбөрийн хэмжээг хэлэхээс татгалзсан.

Оюутолгойн
ордын гэрээнээс бид зөвхөн ганцхан төрлийн урьдчилгаа татвар авсан бол
Тавантолгойн ордоос гурван төрлийн урьдчилгаа татварыг, тэгэхдээ
хүүгүйгээр авах боломжтой гэж Сангийн сайд тэр үед ярьж байсан. Харин
өнөөдөр Засгийн газар зөвхөн Тавантолгойн орд ямар үнэтэй орд вэ гэдэгт ч
хариулт өгч чадахгүй байна. Уг нь энэ бол хөрөнгө оруулагч нь хэн
байхаас, түүний боловсруулах ТЭЗҮ-ээс нэг их шалтгаалаад байх зүйл биш л
дээ. 

Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, түүний
хавсралт болох нүүрс олборлох гэрээний төслүүдтэй хамт  тендерт оролцох
компаниудын сонгон шалгаруулалтын журмыг мөн УИХ-д оруулж ирээд байгаа.
Хөрөнгө оруулагч нь тов тодорхой байсан Оюутолгойн ордын гэрээг батлах
гэж УИХ бүтэн зургаан сар хэрэлдсэн юм чинь Тавантолгойн ордын хөрөнгө
оруулалтын гэрээг батлах гэж “зуун жил” болох нь л дээ. Тэгээд ч
хөгжлийн иймэрхүү том төслүүд дээр, юм болгон дээр УИХ оролцоод, мэдэх
мэдэхгүй нөхдүүд хошуу амаа нэмж, нэрмээс болж байхаар Засгийн газартаа
эрхийг нь өгөөд хариуцлагыг нь үүрүүлээд явах нь илүү дээр ч юм шиг.
Учир нь УИХ-ын шийдвэр олонхийн шийдвэр байдаг учраас хариуцлага хүлээх
хүн үгүй. Харин Засгийн газар алдаа гаргасан цагт Ерөнхий сайдтай ч,
танхимтай ч хариуцлага тооцож болдог.

Б.СЭМҮҮН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2010-06-07 202.126.91.35

Ene Mongoliin bayalgiig iim hurdan hugatsaand buun buunuur ni ashigtai ashiggui gadniihand ugch ashigluulah sonirhol haanaas garaad bga ni sonin bna Lav mongoloo gesen chin setgeltei humuus ingehgui dee

Avatar

irgen 2010-06-07 182.160.33.255

Tavan tolgoin uurhai ashuglah asuudlig aj uildverin kompkeks barih asuudaltai hamtad ni tsogtsoor ni oruulah heregtei Zasgin gazart bolovsruulaad tsaasan deer buulgachihsan bodlogo alga daaBayartsogt Zorigt nar Ouy Tolgoin geree shig l um hiigee biz

Avatar

Зочин 2010-06-07 124.158.111.6

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Таван толгойн нүүрсний ордыг эргэлтэнд оруулах асуудал үйлдвэр уурхай байгуулах асуудал үнэхээрийн далайцтай том чухал гэдэг нь тодорхой Харин манай энэ асуудлыг шийдвэрлэх шатан дээр манай төр засгийн тэргүүн удирдлагууд нэгдсэн үзэл баримтлал нэгдсэн байр суурьтай байж чадахгүй байгаа нь энэ Таван толгойн уурхайн асуудлыг Оюутолгойн уурхайтай адил замхаруулах талруу оруулах вий Улс орны ирээдүйн хөгжил үндэсний үйлдвэр эдийн засгийн хувь заяаг тодорхойлох боломжтой чухал асуудлыг Монголчуудын эрх ашгийн үүднээс зөв шийдвэрлэх хариуцлага чадавхи энэ төрд үгүй гэдэг нь харагдаад байна Ажиглагдаж байгаагаар Засгийн газар гадны том пүүс компани нэртэй зальтангуудын аманд бүрэн багтаад байна

Avatar

Зочин 2010-06-07 202.72.245.189

Ipad iphone zarna 88686973

Avatar

95128870 2010-06-07 180.235.175.28

Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Англи Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Англи Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Англи Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Англи Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Англи Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Англи Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870Хөлбөмбөг сайн чанарын Аргэнтин Франц Испани Холланд Англи Итали Бразил Португал Амэрик улсын шинэ өмсгөл 95128870

Avatar

болд 2010-06-07 202.131.238.186

Зөвшдээ Монгол999 үндэсний нэгдэлийг дэмжиж байна

Avatar

www.Freecall.mn 2010-06-07 202.170.67.217

Hizgaargui yarih erh chelee

Avatar

Boldoo 2010-06-07 219.241.31.58

Ter Bayartsogtiin heliig suga tatchihgui deehe he heolon yum shal shal gehgui amar baihgui yu tee Semuuneehe he

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж