Иймээс “SBL Хүлэгүүд” багийн дасгалжуулагч О.Баярцогт гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, Дэвон Кларкыг сэлгээнээс, М.Мөнхтөрийг гараанаас тоглууллаа.
Цувралын дөрөв дэх тоглолтын эхлэлийг “Танан Гарьд” баг тун сайн хийсэн. Ялангуяа Ц.Азбаяр, О.Ууганбаяр нар тун сайн тоглож байснаар, “Гарьд”-ууд 10 онооны илүүтэй болж чадсан. Эхний үед “Гарьд”-уудаас Ц.Азбаярын довтолгоо бүр амжилттай болж 11 оноо, О.Ууганбаяр 8 оноо авчээ. Ингэснээр эхний үе 21:14-ийн харьцаатай “Танан Гарьд”-ын давамгайллаар өндөрлөсөн.
Гэсэн ч тоглолтын хоёрдугаар үеэс “SBL Хүлэгүүд” баг илүү зохион байгуулалттай тоглолт үзүүлж эхэлсэн. Мөн тэдний холбон тоглогч М.Бадрах гэмтлээс эргэн ирж, энэ үед талбайд гарсан нь “Хүлэгүүд”-ийн сэргэлтэнд нөлөөлсөн. Мөн “Хүлэгүүд”-ийн хийж байсан 1vs1 хамгаалалт тун гайхалтай болж, хоёрдугаар үед эсрэг багтаа ердөө 6 оноо алдсан. Харин “Хүлэгүүд”-ээс Маркус Хаммандс, Б.Билгүүн нарын довтолгоонууд амжилттай болж байснаар, 2-р үед багаараа 23 оноо авсан. Ингэснээр 2-р үе тэр чигээрээ “SBL Хүлэгүүд”-ийнх болж, оноог 37:27-ийн харьцаатай тэргүүлж эхэлсэн.
Гэсэн ч танхим дүүрэн хөгжөөн дэмжигчидтэй үргэлжилж байгаа үндэсний Супер лигийн аваргын төлөөх энэ цуврал тоглолтууд маш өрсөлдөөнтэй өрнөж, багууд хүчээ шавхан тоглолтын уур амьсгалыг ээлжлэн эргүүлсээр байгаа. Тоглолтын гуравдугаар үед “Танан Гарьд”-ын тоглолт сэргэж, хамгаалалт амжилттай болсон. Ингэснээр гуравдугаар үед “Гарьд”-уудын довтолгоо тун ширүүн байж, 35 оноо авсан байна. Мөн тоглолтын өрсөлдөөн дээд цэгтээ хүрч, оноо 62:61-ийн харьцаатай тэнцэж ирсэн.
Улмаар тоглолтын дөрөвдүгээр үед ч “Танан гарьд”-ын довтолгоонууд амжилттай үргэлжилсэн. “Гарьд”-уудаас энэ тоглолтонд О.Ууганбаяр 23 оноо, 10 самбар, Aнтионо Жонс 18 оноо, 9 оновчтой дамжуулалт, дөрвөн бөмбөг таслалт, Ц.Азбаяр 16 оноо, Фрэддье Вүүдс 11 оноо, 18 самбар, 7 блок, Б.Мөнхболд 11 оноо, 12 самбар авчээ.. Харин “Хүлэгүүд”-ээс энэ тоглолтод Маркус Хаммандс 20 оноо, 15 самбар, Б.Билгүүн 18 оноо, 11 самбар, 5 бөмбөг таслалт, Крис Лаусон 16 оноо авч, 6 оновчтой дамжуулалт өгчээ.
Тоглолтын төгсгөлд “Гарьд”-ын хамгаалалт амжилттай болсон. Ингэснээр энэхүү тоглолтод 83:77-гийн харьцаатай “Танан Гарьд” баг хожлоо. Ингэснээр тэд дараалсан 3 дах ялалтаа авч, цувралын харьцааг 3:1 болголоо. Цувралын шийдвэрлэх тав дахь тоглолт маргааш буюу лхагва гарагт 19:00 цагаас Спортын төв ордонд болно.