Интерпол өөр хэнийг эрэн сурвалжлах бол?

Хуучирсан мэдээ: 2013.06.04-нд нийтлэгдсэн

Интерпол өөр хэнийг эрэн сурвалжлах бол?

Олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор манай улсын хэд хэдэн иргэнийг эрж байгаа. Өчигдрийн байдлаар тус газрын цахим хуудаснаа Д.Билэгт, Н.Энхтуяа, Б.Хуяг, Т.Аятунгаа, Т.Анез, Т.Еркин, Б.Солонго гэсэн хүмүүсийн нэр харагдаж байв.

Д.Билэгтийн хувьд Монголд төр захиргааны өндөр алба хашиж байсан ч сонгуулийн өмнөхөн гадагш оргон зайлж, сураггүй болоод байгаа юм. Түүнийг экс Ерөнхийлөгчтэй холбогдох хэрэгт хамаатай гэж үзсэн учраас хууль хяналтын байгууллагууд хайж буйгаа ил тод мэдээлсэн билээ. Мөн АТГ-ынхан Интерполын товчоонд Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгын ах Б.Хуягийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны улмаас одоо ч тэдний нэр, мэдээлэл Интерполын эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн дунд байсаар. Тэднийг МАХН-ын дарга Н.Энхбаярын албан тушаалын хэрэгт холбогдуулан байцаах гэж дуудсан ч, харьд сураг тасарсан.

Мөн  Баян-Өлгий аймгийн харьяат Т.Еркин, Т.Анез нарыг Олон улсын цагдаагийн газар буюу Интерполоос эрэн сурвалжилж эхэлжээ. 24-27 насны дээрх залуусыг хулгайн хэргээр эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Харин тун саяхнаас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг мөн л интерполоор хайж буй гэсэн мэдээлэл цацагдлаа. Олон улсын сайтад нь түүний мэдээлэл ороогүйг бодвол хараахан хайж эхлээгүй ч байж мэдэх юм. Түүний хувьд сейфтэй мөнгөнийх нь асуудлаар цагдаагийн байгууллага шалгаж буй. Харин сэжигтэн хэрэгт шалгагдахаасаа өмнө олон улсын хуралд оролцохоор  гадаад яваад эргэж ирээгүй тул түүнийг ийнхүү эрэн сурвалжлахад хүрчээ. Ямар ч байсан түүний талаарх эрүүл мэндийн олон улсын хуралд оролцож илтгэл тавьж, удахгүй эх орондоо эргэн ирэх учиртай гэсэн албаны хүмүүсийн мэдээлэл ташаа байсан бололтой.

Энэ бүхний эцэст манай хууль хяналтын байгууллага олон улсын хил дамжуулан гэмт хэрэгтнийг эх оронд нь авчирч, ял асуух чадалтай гэдгээ харуулсан. Мөн огт хайхгүй 10 гаруй жил байж чадахаа хангалттай нотолсон. Одоо дээрх сэжигтнүүдийн тухайд дийлэнх хэрэг нь улс төрөөс гүн хамааралтай учраас тийм ч амар олдохгүй гэдэгт олон хүн эргэлзэхгүй байна. Тэр ч үүднээсээ хэзээ нэгэн цагт улс төрийн нөхцөл байдал эргэвэл юу ч болоогүй юм шиг нутагтаа ирж, эргээд дарга болж суухаа бодоод явж байж ч мэдэх вий.

Хуулийг үл хүндлэн оргон зайлж буй энэ үйлдлийг эх орноосоо урвасан хэрэг гэж үзэх нэгэн ч байна. Ямар ч байсан эх оронд нь байхад сэжигтнээр татаж, байцааж чадаагүй нь тэднийг ямар гүн шалбаагт хутгалдчихсан, үнэхээр авлига, гэмт хэргийн том сүлжээ бий болчихсон, тэр нь юу юугүй илрэх гээд байгаа мэт нөхцөл байдал анзаарагдахад хүргэж байна.

Т.БЭХ
Эх сурвалж: www.time.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж