“Алтай кашмир” ХХК 1993 онд байгуулагдсан бөгөөд энэ жил 20 жилийн ойн баяр болж байгаатай холбогдуулан компанийн хамт олон нийгмийн хариуцлагаа биелүүлж, хүмүүнлэгийн үйлсийг дэмжих зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Сувилагчдаа тусалъя” нэг сарын аяныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 29-ний хооронд зохион байгууллаа. Аяны хүрээнд “Алтай Кашмир” компанийн ажилтнууд нэг сарын хугацаанд ЭХЭМҮТ-д ажилласан байна. Сувилагч нар ачаалал ихтэй ажилладаг, дээр нь хүн хүч дутмаг байдаг тул Хүндрэлтэй төрсөн эхчүүдийн тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн хүлээн авах тасгийн ажилд биечлэн оролцож, тусалжээ. Мөн тус компанийн ажилчид Нялхсын тасагт өөрсдийн гараар хийсэн хөнжил, өлгийг бэлэг болгон өгсөн байна. Жил бүрийн Хүүхдийн баяраар ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд, хорвоод мэндэлсэн бяцхан үрс чихэр, боов, амттанаар бялхдаг бол энэ жил ноолууран болон ноосон хөнжил, өлгий гардлаа.
Энэ удаагийн аян “Сувилагчдаа тусалъя” уриатай байсан бол дараагийн аян “Асрагчдаа тусалъя” уриатай байх бөгөөд энэ үйл ажиллагаа нь бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх юм байна.