ДАШТ-ий бөмбөгийн талаарх маргаан

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий бөмбөгийн талаарх маргаан

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрт зориулж тэмцээний үеэр хэрэглэх албан ёсны бөмбөгийг шинээр танилцуулдаг. Гэхдээ шинэ бөмбөг болгон ямар нэг асуудал, маргаанд өртөхгүй өнгөрөх нь үгүй. Аливаа тоглогч, эсвэл дасгалжуулагчид бөмбөгийн талаар ямар нэг санал гомдол, шүүмж хэлэлгүйгээр өнгөрсөн дэлхийн аваргыг нэрлэе гэвэл олдох нь юу л бол.
2002 оны Япон, Өмнөд Солонгост болсон дэлхийн аваргад ашигласан Adidas компанийн “Fevernova” бөмбөг нь өмнөх жилүүдийн бөмбөгөөс хөнгөн жинтэй байсан учир тоглогчдоос техник, ур чадвар илүү шаардана хэмээн тэмцээний өмнө дүгнэж байсан. Дэлхийн шилдэг хаалгачдын нэг Италийн Жанлуижи Буффон “Fevernova”-г “сахилгагүй жаалын ойдог бөмбөг” хэмээн тодорхойлж байсан бол 2006 онд Германы хаалгач Оливер Канн мөн л Adidas-ын “Teamgeist” бөмбөгийг “довтлогчийн хүсэл сонирхолд нийцүүлэн хийсэн бөмбөг” хэмээн шүүмжилж байв.

Харин энэ жил Өмнөд Африкийн ногоон зүлгэнд гарах “Jabulani” бөмбөгтэй тоглогчид энэ долоо хоногт анх удаагаа “учрав”. Гэхдээ шүүмжлэлийн тухайд өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь аль ч байрлалд тоглодог тоглогчид бөмбөгийн талаар ам муутай байна.

Өнгөрөгч ням гаригт Саудын Арабтай хийсэн халаалтын тоглолтын дараа Испанийн хаалгач Икерь Касильяс “Jabulani”-г тун дурамжхан байдлаар элсний хөлбөмбөгийн бөмбөгтэй зүйрлэжээ. Түүнчлэн Японтой хийсэн нөхөрсөг тоглолтын дараа Английн шигшээ багийн тоглогч Дэвид Жеймс мөн л дэлхийн аваргын бөмбөгийг шүүмжилсэн байна. Тэрбээр “Бөмбөг үнэхээр аймшигтай. Өмнөх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийн үед ашиглаж байсан бөмбөгөөр оруулах боломжгүй тийм гоолууд энэ удаад олноороо орох байх. Зарим тоглогчдод олон гоол оруулах боломж олгож байна, гэхдээ энэ нь зарим хаалгачдыг үнэхээр тэнэг мэтээр харагдуулах байх” гэжээ.

Дэлхийн цомын тэмцээнд оролцох 32 шилдэг багийн топ тоглогчид дор бүрнээ хөнгөн жинтэй бөмбөг нь удирдахад хүндрэлтэй, мөн агаарт хөөрч байгаа үед чиглэлийг нь таамаглахад бэрхшээлтэй гэж үзэж байна.

Англи болон Японы багийн хооронд болсон нөхөрсөг тоглолтод өрсөлдөгчийнхөө ч, өөрийнхөө ч хаалганд гоол оруулж амжсан Маркос Тулио Танака “Jabulani”-г тодорхойлохдоо “хамгаалагчид бөмбөгтэй харьцахад бэрхшээлтэй юм” гэжээ. Мөн Италийн шигшээ багийн довтлогч Жампаоло Паццини ч үүнийг хүлээн зөвшөөрч, “Шинэ бөмбөг довтлогчдын хувьд том асуудал болох нь. Хурдан, бас ердийн бөмбөгнөөс хөнгөн юм” хэмээн ярьжээ.

Тэмцээн эхлэхийн өмнө гараад буй эдгээр шүүмжлэл, маргааныг үл ойшоож, Adidas-ын удирдлага “Jabulani” бөмбөгөө “хамгаалсаар” байна. Тэдний хэлж буйгаар энэ бөмбөгийг тоглогчдыг дэмжих зорилгоор зохион бүтээснээс гадна хөлбөмбөгийн технологийн хамгийн сүүлийн үеийн шинэ аргыг нэвтрүүлсэн гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж