Венесуэлийн улстөрчид хагаралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Венесуэлийн улстөрчид хагаралдаж эхэллээ

-САУДЫН АРАБААС Ч ИЛҮҮ НЕФТИЙН НӨӨЦТЭЙ ТУС УЛСЫН ИРЭЭДҮЙ ЭРХ БАРИГЧДААС ШАЛТГААЛНА-

 
Венесуэл улсын эв нэгдэл, эрх чөлөөний билэг тэмдэг бай­сан Уго Чавез хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзээд багагүй хугацаа өнгөр­лөө. Түүний баримталж байсан бодлого, улс төрийн үйл хэргийг одоогийн Ерөнхийлөгч Н.Маду­ро үргэлжүүлж буй. Гэхдээ тэр­бээр Ерөнхийлөгч болохдоо венесуэлчүүдийг хоёр хувааж, эв нэгдлийг бэхжүүлэх тал дээр учир дутагдалтай гэдгээ батал­сан. Өөрөөр хэлбэл, сөрөг хүч­ний­хэн урьд өмнө нь байгаагүй хүчир­хэг болсон. Ерөнхийлөгчийн сон­гуулийн үеэр иргэдийн тал хувийн дэмжлэгийг авч чадсан.

Гадны хэвлэлээр Венесуэлд улс төрийн нөхцөл байдал ноцтой болж эхэллээ гэсэн мэдээлэл цацах болов. Учир нь энэ сарын эхээр тус улсын парламентын чуулганы үеэр гишүүд нь хоорондоо зодолджээ. Эрх баригч Венесуэлийн социалист нэгдсэн нам болон сөрөг хүчний төлөөлөгчид зодолдсоны улмаас тус улсын Үн­дэсний ассамблейн хуралдаан тасалдсан талаар тухайн үед орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан.  Хуралдааныг парламентын сувгаар шууд нэвтрүүлж байсан төдийгүй парламентын гишүүн сөрөг хүчний төлөөлөгчид царай нь хөх няц болсон депутат Хулио Борхесын гэрэл зургийг хэвлэлийнхэн хаа сайгүй цацсан билээ. Одоогийн Ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрөөгүй санал өгөх эрхгүй болсон сөрөг хүчний төлөөлөгчид хуралдаан эхэлсний дараа “вувузел” хэмээх үлээвэр үлээснээр зодоон гарах болсон юм.

Энэ мэтчилэн тус улсын пар­ламен­тын уур амьсгал ширүүсч, эрх баригч нам, сөрөг хүчин нь хоёр өөр хоорондоо эв түнжин тааруу болсон. Ард түмэн ч сөрөг хүчин, эрх баригч намаар хоёр хуваагдан үе, үе жагсагчид мөргөлдөөн гаргах болсон. Дээрх үйл явдалтай холбогдуулан “Тус улсын эв нэгдэл нь Николас Маду­ро байж чадах уу” гэсэн эргэлзээг нийгэмд бий болгосон юм. Дөнгөж улс төрийн амьдралд хөл тавиад байсан Н.Мадурогийн одоогийн байдал иргэдийг ч хоёр хувааж буй. Түүнийг дэмжигсэд “Бид түүнд итгэж байна. Уго Чавезийн залгамжлагч түүнийг Венесуэл улсыг авч явна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж байгаа бол “Тэр бол Уго Чавезийн нэрээр Ерөнхийлөгч болсон юу ч хийж чадахгүй хиймэл хүн” гэсэн байр суурийг илэрхийлсэн хэсэг ч байна.

Н.Мадуро сөрөг хүчнийг “Гитлерийн залгамжлагч” хэмээн нэрлэсэн удаатай. Тодруулбал, Венесуэлийн Ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа сөрөг хүчнийхэн болон түүний эсрэг босож байгаа хүн бүхнийг “Гитлерийн залгамжлагч” гэж хэлсэн нь дэлхий нийтийг гайхш­руулаад амжсан. Энэ талаар тэр­бээр “Гитлерийн зал­гам­жлагчид Венесуэлийг Кубын эс­рэг кампанит ажилд хөтөлж бай­на. Гитлерийн Германыг еврейчүүдийн эсрэг турхирсныг сануулж байна. Бид үүнийг таслан зогсоож, ард иргэдээ хагаралдуулахгүй байх ёстой” гэжээ.

Венесуэл улс эртнээс Кубатай сайн харилцаатай байсан ард түмэн. Уго Чавезийг амьд сэрүүн байхад ч хоёр улсын харилцаа сайн байсан. Харин удирдагчийг насан өөд болсны дараа сөрөг хүчнийхэн эрхийг авч, Кубын ажилчид, иргэдийг эх орноосоо гаргах нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Яг энэ үйлдэл дээр эрх баригчид санал зөрөлдөн, сөрөг хүчнийхэнтэй дахин муудалцах болсон. Тус улсад Кубын 30 мянга орчим эмч мэргэжилтэн ажиллаж тус улсын эмзэг бүлгийнхэнд эмнэлгийн тусламж үзүүлж бай­гаа билээ. Үүний хариуд венесуэл­чүүд өдөр тутам 100 мянга гаруй бар­рель нефть Кубад нийлүүлдэг. Үүнийг л сөрөг хүчнийхэн эсэргүүцэж, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн тулд эрх баригчидтай ам зөрж байгаагаа хэвлэлээр илэр­хийлсэн. Дээрх нефтийг Куба улсад өгөх­гүй байх бүхий л бололцоог эрх баригчид хаагдуулж байгааг сөрөг хүчнийхэн онцолсон. Энэ шалтгаан нь мөн л тус улсыг хагаралдуулах эхлэл болж байгаа юм.

Ер нь Уго Чавезгүй Венесуэль улсын ирээдүй хаашаа авж буй талаар ажиглагчид янз бүрийн талаас тайлбарлахыг оролдож бай­на. Латин Америкийн цогтой улс­төрч, Венесуэл улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавезийн үхэл тус улсын ирээдүйг огцом өөрчлөх талаарх мэдээлэл талийгаачийн бие тааруу байхад ч гарч байсан.
Нефтийн нөөцөөрөө Саудын Арабтай эн тэнцэх бүр илүү ч байх магадлалтай тус улсын ирээдүй их гүрнүүдийн анхааралд Уго Чавезийн үхлийн дараа зүй ёсоор орсон. Бүхэл бүтэн 14 жилийн турш Уго Чавез иргэдийн амьдарлыг хагас гуйланчлалаас дун­даж түв­шинд хүргэсэн учир ард түмний бил­эг тэмдэг болсон гэдгийг барууны­хан онцолдог. Удирдагчийгаа амьд бай­хад нефтийн худалдаанаас олсон асар их хөрөнгийг орон сууц, эмнэлэг, сур­гууль болон өргөн хэрэглээний үнийг тогтворжуулахад зориулдаг байсан. Энэ бүх зүйл Уго Чавезтай холбоотой. Тиймээс л тус улсын улс төрийн нэгдмэл байдал юу­наас ч илүү чухал гэдгийг дотоо­дын хэвлэлүүд нь онцолдог. Гэвч сөрөг хүчнийхэн болон эрх баригчдын гол маргаан улсын эдийн засаг дээр суурилсан хэрүүл болоод буй. Уго Чавезийг амьд байхад А-95 шатахуун нь монгол мөнгөөр бол 900 төгрөгийн үнэтэй байсан. Магадгүй неф­тийн асар их нөөцтэй тус улсын ирээдүй эрх баригч, сөрөг хүч­нийхний нэгдмэл байдлаас шалтгаа­лах болов уу гэдгийг хөрш орнуу­дын улстөрчид анхааруулж байсан удаатай.

 
Б.БААТАР

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж