“Page” хөтөлбөрийн нэгээр Монгол Улсыг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

“Page” хөтөлбөрийн нэгээр Монгол Улсыг зарлалаа

“Page” хөтөлбөрийн эхний долоон улсын нэгээр Монгол Улсыг зарлалаа

Дэлхийн байгаль хамгаалах өдрийн хүрээнд “Ногоон хөгжлийн үндэсний чуулган” Төрийн ордны их танхим өнөөдөр боллоо. Хуралдааныг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун даргалсан юм. 

Хүн төрөлхтөний сүүлийн 250 жилийн хөгжлийн сөрөг үр дагавар нь озоны давхаргын нимгэрэл, хүлэмжийн хийн нэмэгдэл болж байна. Үүний нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт явагдаж,  дэлхийн дулаарал дунджаар  0,7-аар нэмэгдсэн бол Монгол Улсад түүнээс гурав дахин их буюу 2.1 хувиар нэмэгджээ. Энэ нь манай улс бусад улсын хөгжлийн нөлөөнд хохирч байгаагийн илрэл юм. Үүнийг зөв болгохын тулд судлаачдын анхаарлыг хандуулж төвлөрүүлэх нь чухал байгаа аж. 

Тиймээс мэргэжлийн яамнаас Ногоон хөгжлийн стратегийг боловсруулж Засгийн газраар батлуулахаар ажиллаж байгаа. Үүний анхны төслийг Засгийн газарт өргөн бариад хэлэлцүүлж байна. Тус төслөө чуулганаар хэлэлцүүллээ. Ногоон хөгжлийн үзэл баримтлалд тусгасан нэг сонирхолтой санаа нь соёл иргэншлийг хамгаалах талаар оруулсан явдал аж. Хөгжил гэдэг нь байгаль орчинд хамгийн бага нөлөөтэй, хүн хэвийн сайхан амьдрах боломж орчин бүрдүүлэхийг хэлдэг. Тиймээс уламжлалт соёлуудаас авч үлдэх нь чухал. Үүний нэг жишээ нь цаатан иргэдийн амьдралын хэв маяг юм.

Ногоон хөгжил гэдэг нь зөвхөн байгаль хамгаалах гэж ойлгож болохгүй. Байгаль дэлхийгээ хайрлах нь иргэн бүрт байх ёстой хандлага. Хамгийн гол нь улс орнууд эхлээд мөнгөтэй болж, иргэдээ сайхан амьдруулсны дараа байгаль дэлхийгээ хамгаалъя гэдэг. Гэтэл эхлээд мөнгөтэй болж байтал байгаль орчин сүйдчихдэг. Сүйдсэний дараа иргэд сайхан амьдарч чаддаггүй. Тиймээс өмнө нь хөгжил, байгаль орчныг хамгаалах хоёрыг жигнэж үздэг байсан бол хамтдаа байж хөгжил ирдэг гэдгийг ойлгодог болжээ. Байгаль орчингүйгээр хүний хөгжил байхгүй, хүний хөгжилгүйгээр байгаль орчин байхгүй юм.

Байгаль орчноос бусад зам, барилга, уул уурхай зэрэг салбар байгаль орчинд хэр хор хөнөөлтэй байдаг билээ. Үүний хөнөөлийг хэрхэн бууруулж чадсан бэ гэдгээр л ногоон хөгжлийг тодорхойлох юм.

Дэлхийн улсуудаас ямар улс ногоон хөгжлөөр тэргүүлдэг нь сонирхол татаж байна уу. Гэтэл ногоон хөгжлөөр тэргүүлж яваа улс одоогоор  байдаггүй юм байна. Тиймээс НҮБ-аас долоон улсыг жишиг улс гэж аваад бүх төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан дэмжлэг үзүүлэхээр болжээ. Үүний дараа ногоон эдийн засаг, ногоон  хөгжил гэж Монголыг хэлж байгаа юм гэх зэргээр жишээ татах боломжтой болох аж. Өнөөдөр НҮБ-аас хэрэгжүүлэх “Page” хөтөлбөрийн эхний долоон улсын нэгт Монгол Улс багтсаныг хэллээ. Тэгэхээр 2020 он хүртэл НҮБ-ийн эдийн засаг, хөдөлмөр, үйлдвэрлэлийн чиглэлийн бүх төсөл хөтөлбөрүүд манай улсыг “ногоон” болгохоор чиглэгдэх юм.

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж