“Сувдан сондор”-ыг хэлхээд иржээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

“Сувдан сондор”-ыг хэлхээд иржээ

Монголын
түүх соёлын өвийг судлах, хамгаалах, соёлын жуулчлалыг дэмжих
зорилготой “Сувдан Сондор” аялалын баг Дорноговь аймгийн Даланжаргалан,
Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах,
Сайхандулаан зэрэг сумдын нутагт орших түүх соёлын дурсгалт газраар
соёл-эрдэм шинжилгээний аялал хийж 2000 гаруй км урт замыг туулаад
Улаанбаатар хотод аялалаа өндөрлөлөө. Энэхүү аялал өнгөрөгч тавдугаар
сарын сүүлээр болсон юм.

Говийн тавдугаар ноён хутагт
Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд зориулсан энэ аялалд
шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид болон соёлын өв-музей,
төр захиргааны байгууллагын мэргэжилтэнүүд нэгэн баг болж орон нутаг
дахь түүх соёлын дурсгалт зүйлийн өнөөгийн байдал, хадгалалт хамгаалалт,
цаашдын төлөвийг шинжлэх тогтоох явдал уг аялалын гол зорилго байлаа.
Аялалын явцад эрдэм шинжилгээ, сурталчилгаа мэдээллийн дүрс бичлэг, дуу
авиа, гэрэл зургийн үлэмж баян сан хөмрөг бүрдүүлсэн байна.

“Сувдан
Сондор” найм дахь удаагийн соёл эрдэм шинжилгээний аялалын явцад зарим
дурсгалт зүйлийг язгуураар нь сэргээн цогцлоосон онцгой содон үйл явдал
болжээ. Тухайлбал: 200 шахам жилийн тэртээ Говийн тавдугаар ноён хутагт
Данзанравжаагийн шашны зан үйлийн зориулалттай тахилын цагийн хүрдний он
цагийн уртад үгүй болж алдагдсан дурсгалыг олж илрүүлэн анх байсан
язгуур байдлаар нь сэргээсэн бөгөөд мөн урьд эрдэм шинжилгээ, судалгаа,
мэдээллийн санд бүртгэгдээгүй хэд хэдэн дурсгалыг шинээр олж илрүүлжээ.

Аялалын
үр дүнд буй болсон мэдээллийг судалж шинжилэхэд тодорхой хугацаа орох
тул ирэх есдүгээр сард “Сувдан Сондор-8” үзэсгэлэн, эрдэм шинжилгээний
бага хурал зохион байгуулж тайлангаа тавих бөгөөд тусгай ном хэвлэж
нийтийн хүртээл болгоно хэмээн тус аялалыг санаачлан зохион
байгуулагчдын нэг зохиолч Г.Мэнд-Ооёо ярьсан билээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж