
Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт “Төрөөс эрдэс баялгын салбарт баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн билээ. Энэхүү хуулийн талаар өнөөдөр намынхаа бүлэгт мэдээлэл хийсэн юм байна. Сайдын онцолсоноор УИХ-аас “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталсан нөхцөлд нэмж долоон орд стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах аж. Үүнд алтны орд нэг, энэ нь Гачууртын ордыг хамааруулах бол хоёр нь нүүрсний орд аж. Тодруулбал, Хөшөөтийн уурхай, Бөөрөлжүүтийн орд хоёрыг нэмж тусгахаар зааж өгчээ. Үүн дээр ховор металлын гурван орд нэмэгдэх юм байна.
Харин “Төрөөс эрдэс баялгын салбарт баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулагчийг ялгаварлахгүй байх, хувь хэмжээг ялгаварлахгүй байх, эрдэс баялгийн түүхий эдийн үнэ хэлбэлзэлтэй байдаг учраас эрх зүйн орчны аливаа шинэчлэлийг хийхдээ иргэдээр хэлэлцүүлэх зарчим барина. Мөн Монгол Улс Газрын тосны үйлдвэр байгуулах, занараас нефть, бензин зэргийг гаргаж авахтай холбоотойгоор маш сайн технологи ашиглах шаардлага үүсч байгаа тул үүнтэй холбогдох технологийн зориулалттай тоног төхөөрөмж, тусгай зориулалттай барилгын материалыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлүүлэхээр тусгаад буй юм байна.
Г.ДАРЬ