
Аж ахуй нэгж, байгууллага дотоод хяналтыг хэрэгжүүлэхдээ байгууллагынхаа хамгийн ноцтой зөрчлийг арилгах зорилт тавьж ажиллах хэрэгтэй юм. Жишээ нь, боловсролын салбар стандарт мөрдөлт, уул уурхай, барилгын салбарынхан хөдөлмөрийн аюулгүй байдал зэргээсээ дотоод хяналтаа эхэлбэл илүү үр дүнтэй гэдгийг олон улсын байгууллагууд зөвлөлөө.
Хэдийгээр манай улс энэ тогтолцоог шинэ тутам хэрэгжүүлж байгаа ч дэлхийн улс орнуудаас хоцорсон зүйлгүй, харин ч зарим орноос түрүүлж яваа гэдгийг дүгнэж болохоор байв. Байгууллагын дотоод хяналтыг хамгийн сайн төлөвшүүлж чадсан Бороо гоулд компанийн үйл ажиллагаатай мөн энэ үеэр танилцлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан дэд захирал Л.Жаргалсайхан “Уурхай осол, зөрчилгүй ажиллах гол нөхцөл дотоод хяналт шалгалтыг төлөвшүүлэх байдаг. Тэр дундаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүнд тавигдах ёстой асуудал юм. Манай байгууллага “Осолгүй үйлдвэрлэл” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг. Уриагаа хэрэгжүүлэхийн тулд 2007 оноос дотоод хяналтын нэгж байгуулж ажилласан. Ажилтан бүр өөрийгөө болон бусдыгаа хянаж ажиллдаг. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж хамт олноороо аюулд орох эрсдэлтэй учир ингэхээс ч өөр аргагүй. Байгууллагадаа дотоод хяналтыг сайжруулахын тулд аюулыг мэдэгдэх хуудас хэмээх сайшаал, урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Энэ нь ямар нэгэн аюул, зөрчлийг мэдээлсэн ажилтан бензины талон олгох, цалингийн нэмэгдэл өгөх зэргээр урамшуулдаг” гэв. Түүнчлэн аливаа байгууллага ашгийн төлөө ажилласан ч нийгмийн хариуцлагаа мартах ёсгүй гэдгийг дурдаад, нөхөн сэргээлт хийж байгаа талаараа сонирхуулсан юм. Тус компанийн олборлолтын талбайн нөөц дууссан учир ашигласан 870 га талбайгаа техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж байгаа аж. Мөн энэ үеэр Сэлэнгэ аймгийн Тужийн нарсанд сургалтанд оролцогчид 3000 мод тарьж эх дэлхийнхээ уур амьсгалд хувь нэмрээ орууллаа. Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтыг төлөвшүүлэх зорилготой энэхүү сургалт цаашид бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд Төвийн бүсийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.