Сурч чаддаг нэг нь байлгүй л яахав. Хичээлтэй зүтгэлтэй хүн мэдлэгийг багшгүйгээр ч гэсэн олоод авна. Гэвч ийм хэсэг багахан хувийг эзэлж байгаа. Тийм хичээл зүтгэлтэй нь дээд боловсролоо чанартай эзэмшиж болдоггүй юм уу. Манайх ямар төлөвлөгөө норм биелүүлж байгаа биш. Эзнээрээ шилбүүрдүүлсэн хонин сүрэг хашаа руу замбараагүй орж байгаатай зүйрлэмээр.
Малчны хотонд очоод харъя. Насаараа мал маллаж, буяныг нь эдэлсэн аав, хүүхдээ “Газар дээрх ганц хүүгээ дээд боловсролтой хүн болгоно оо хө” гэх. Чигээрээ зүтгэж санасандаа хүрнэ. Хэдэн саяар нь мөнгийг зарлагадаж байгаад диплом өвөртлүүлнэ. Гэтэл хүүдээ сайн санасан биш амьдралаа аваад явах чадваргүй цагаан гартан болгосноо ухаарахгүй. Хүү нь их сургуулийн дөрвөн жил сурч мэдэхээсээ илүүтэй дарвиж, цэнгэж, сурсан мэдсэнээр дундуурхан төгсөнө. Хүний төлөө сурч байгаа юм шиг багшаа арын хаалгадаж дүн авахыг хичээнэ. Энэ бол нийтлэг дүр төрх. Яаж ийгээд диплом өвөртөлсөн залуу хотын гудамжнаа цээж төвгөр алхаж, ажлын хувцас өмссөн нэгний хажуугаар толгой гэдгэр зөрж, “дээд боловсролтон” гэдгээ батална.
Ажлын байранд гологдоно. Олон газрын хаалга тогшино. Түүний өвөртөлсөн диплом нь зүгээр л бэлэг тэмдгийн төдий зүйл гэдгийг ухаарна. Явж явж ажил олсон чинь хийж чадахгүй юм байна гэдэг гашуун үнэнийг ч мэдэрнэ. Мэргэжлээрээ ажиллах хэмжээнд сурч чадаагүй гэдгээ ухаарахад тэр хэдийнэ лааз өшиглөж эхэлснээ анзаарах ч үгүй нь өрөвдөлтэй.
Манайд улсын, хувийн нийлсэн 100 гаруй их дээд сургуульд жил бүр зуу гаруй мянган оюутан элсэж, ойролцоогоор ная гаруй хувь нь төгсөж байна. Хамгийн сонин нь эдгээр оюутнууд бүгдээрээ зөвхөн “нэр алдар”, “цаасан дээр буулгасан боловсролд” шүтэж байгаа юм. Жинхэнэ мөн чанарыг нь олж харж, зорилго, ирээдүйгээ зөв тодорхойлж чадаж байгаа нь ховор болжээ. Нүднийх нь өмнүүр хар хөшиг татсан мэт харанхуй, амьдралын ойлголтгүй байгаа нь бүр ч өрөвдмөөр. Арван жилээ төгсөхдөө аль хэдийнэ ойлгосон байх ёстой амьдралын наад захын шалгуур шаардлагыг мэдэхгүй ирж байгаа нь бүрэн дунд боловсрол олгохдоо хэт их ерөнхийлж, хичээл талдаа анхаардгаас биш амьдрал дээр аль нь чухал вэ гэдгийг ойлгох ухамсар суулгаж өгөхгүй байгаатай холбоотой. Сохроор ирсэн хүн сохроор сонгож, тоондоо сайн байсан гээд нягтлан болж, монгол хэлээрээ гаргаадаггүй байсан гээд хэл уран зохиолын багш болох ёстой юм шиг л сэтгэнэ. Мөн чанартаа өнөөдөр ямар мэргэжил илүү олдоцтой, өндөр цалинтай байна вэ, хамгийн гол нь чи өөрөө юунд сонирхолтой юм бэ гэдгээ ухаарахгүйгээр мэргэжил сонгохдоо төөрч, сонирхоогүй ч гэсэн “сохроор” эзэмшиж байгаа нь тэр.
Манай арван жилийн ангид нэг “гавал” охин байлаа. Төгсөхдөө хүссэн, тухайлбал МУИС-ийн хятад хэлний орчуулагчийн ангийг сонгон суралцаж, төгссөн.
Төгсөөд Эрээнээс бараа зөөж байна. Яах гэж тэр их мөнгөөр, маш их цаг хугацаагаа алдан байж хятад хэлний орчуулагч болоо вэ. Арваа төгсөөд шууд хийхгүй яасан юм бол. Тэгсэн бол ядаж л дөрвөн жилд суралцсан арав шахуу сая төгрөгөө хэмнэх байж шүү дээ. Гэтэл олны ойлгодгоор тийм биш юм байна. “Дээд боловсролтой, МУИС төгссөн” гэсэн тодотгол өөрийнхөө нэрний эхэнд залгуулж бичих гэж тэгдэг бололтой. Тэртэй тэргүй хиймэлжсэн нийгэмд бас л нэг хиймэл хэлбэр маяг.
Наймдугаар ангиа төгсөхдөө муу сурч жирийн арван жилд тэнцээгүй хүүхдүүд очдог болохоор ТМС(Техник мэргэжлийн сургууль) их муу нэртэй байлаа. Уг нь төгсөхдөө адилхан л аравын гэрчилгээ авдаг харин ч тэд жолооны, нарийн боовчны, барилгачны, засварчин, гагнуурчны мэргэжлийн үнэмлэх өвөртөлж төгсдөг байж. ТМС чинь өнөөгийн МСҮТ шүү дээ. Нэрээ өөрчлөөд, өргөжөөд яваа нь энэ. Энэ хугацаанд долоон мянга гаруй хүн МСҮТ-ийг төгсөж, зуун хувь ажлын байраар хангагджээ. Миний багаасаа нэг ангид сурсан олон хүн ТМС төгссөн дөө. Гэтэл сонин юм. Тэд маань ажилтай амьдралтай, орлоготой. Нийгэмд эрэлт хэрэгцээ ихтэй амьдарч байна. Нэг найз маань жолооч хийж, ярих болгондоо өөр өөр аймгийн төвөөс залгах юм. “Миний найз нэгжтэй юу? Нэгж явуулах уу? Найзаасаа мөнгө зээлэх үү” гэж асуух юм. Нөгөө нэг нь бялууны цех байгуулж “Манайхаар ирээрэй, хэчнээн бол төчнөөн цөцгийн тос байна, төрөл бүрийн жигнэмгээр гэдсээ даахгүй болтол чинь дайлъя” гэх. Тэд аль хэдийнэ амьдралтай, ханьтай, үр хүүхэдтэй, өөрийн гэсэн орлоготой, ажлын байртай болжээ. “Дээд боловсролтонгуудаас” нэг битгий хэл алхам түрүүлжээ.
Бодоод үзээрэй. Таны хүүхэд ажлын байрны хэрэгцээнд таарсан боловсон хүчин болсон нь дээр үү, дээд боловсролтой хүн болоод хаа сайгүй гологдож явсан нь дээр юм уу. Моод өөрчлөгддөг. Боловсрол, мэргэжил сонголт, эрэлт хэрэгцээгээ дагаад хувьсаж байна.
Бодоод үзээрэй мэргэжил сонголтын өмнө тулгарч ирсэн дүү минь. Хүн дуртай, орлоготой ажлаа хийж байж амьдардаг юм шүү. Нийгэм боловсон хүчин, ажиллах хүчийг захиалж байна. Захиалгыг боловсрол, түүний систем, хувь хүний ухаан биелүүлэх ёстой. Ингэвэл өгсөн авсандаа өлзийтэй зүйл болох нь дамжиггүй.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин