Яваад үзвэл хотод хоггүй, цэвэрхэн далан, суваг нэг ч байхгүй. Хотын А зэрэглэлийн бүсийн далан, сувагт ч дүүрэн хог. Баянбүрдийн тойргийн хойт тал, Бөмбөгөр худалдааны төвийн замын хойт талыг дагасан далан, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулиас Ногоон нуур хүртэлх, 32-ын тойргоос Ногоон нуур хүртэлх далан, сувгийн дагуу манай сурвалжлах хэсэг явж үзлээ. Ногоон нуур хүртэлх далан зарим хэсэгтээ бетонон доторлогоотой аж. Ихэнх хэсэг нь доторлогоогүй учир сайхан ногоон зүлэг ургажээ. Гэвч ногоон зүлгэн дээгүүр дүүрэн хог. Ундаа, шар айрагны хуванцар сав, тараг сүүний цаасан сав, гялгар уут, шуудайтай хог, машины дугуй, нохойны түнтийж хөөсөн сэг гээд байхгүй юм алга. Нохойны сэг зэмийн хажуугаар өнгөрөхөд амьсгалах аргагүй үмхий… Бусад хэсэгт ч адилхан бохирын муухай үнэр хамар цоргино. 32-ын тойргоос Ногоон нуур хүрэх далангийн дунд хэсэгт хэжээл насны нэгэн эр хог шатааж байв. Түүнээс далан яагаад хогоор дүүрчихдэгийг сонирхоход “Хорооноос хог ачихгүй уддаг. Түүнээс болоод айлууд хогоо далан руу хаячихдаг” гэж хэлэв. Өөрөө далан руу хог хаяхгүйн тулд шатааж устгаж байна хэмээж байлаа. Доошоо жоохон уруудаад хүүхдээ дагуулсан хоёр бүсгүй гүүрэн дээр зогсож байв. Тэд мөн л иргэд хогоо хашаанаасаа зайлуулж л байвал боллоо гэсэн шиг далан руу аваачиж хаядгийг хэлж байв. Уг нь далан хоггүй бол ногоон зүлгэн дээр нь салхилж суумаар байгаагаа хэлсэн. Далангийн хажуугаар өнгөрч явсан сурагч охин ч оршин суугчид хогоо хаядаг нь ийм байдалд хүргэдэг гэдгийг дурьдсан. Энэ хавийн оршин суугчид авчирч хаядгаас гадна бороо орохоор их хэмжээний хог урсч ирдэг аж. Лав шавар, хог шороогоор дүүрчихсэн учир бороо орохоор заримдаа ус нэвтрүүлэх чадвараа алдаж, гудамжаар нэг бохир ус хальдаг гэнэ.
Хавар шар усны үер буухын өмнө, зун борооны улирал эхлэхээс урьтаж хот, дүүргийн захиргаанаас ихээхэн хэмжээний мөнгө гаргаж, хогийг нь цэвэрлүүлдэг ч хэзээ ч бүрэн гүйцэд, нэг ширхэг ч хоггүй болтол цэвэрлэж байгаагүй. Аман дээрээ цэвэрлэлээ гэдэг ч ачир дээрээ их нурууг нь аваад жижиг сажиг хогийг үлдээчихдэг учир хотын далангууд хэзээ ч хоггүй байж үзээгүй. Бороо их орохоор Ногоон нуурын зам доорх суваг хогондоо бөглөрч, Баянбүрдийн тойргийн зам руу нэлдээ бохир ус хальдаг гэж замын дагуу төмрийн хаягдал, хуванцар сав худалдан авч суудаг иргэд хэлсэн.
Үнэхээр ч, хэрвээ үг хэлдэг бол хог новшоор дүүрсэндээ хотын далангууд тарчилж байна уу гэлтэй харагдана. Хэрэндээ л ногоорч ургасан зүлгэн дундуур булингартай ногоон ус ёлтойх нь өр өвтгөм. Далан сувгийн ойролцоо нь хүн амьдрах нь бүү хэл хажуугаар нь удаахан алхахын арга алга. Дэнжийн мангын зүүн талын зам дагуу машин угаалга ажиллаж, жижигхэн шуудуу татан бохир усаа далан руу урсгажээ. Машин угаалга байрласан хэсэгт далан дотор цаасан хайрцаг, хувцас хунар, нохойны сэг зэм гээд мөн л дүүрэн хог. Гэвч машин угааж буй тэр хүмүүс үүнээс цэрвэх юм алга. Бохир усаар тэр хавийг тамгалан, хөрсийг бохирдуулж байгаагаа ч тоосон шинжгүй, лаг шавар дотор зогсож л байна. Энэ янзаараа бол ус ихтэй ширүүхэн бороо ороход Улаанбаатрын төв гудамж руу үерийн ус хальж, бохир усаар хот будагдахгүй гэхийн арга алга.
Бөмбөгөр захын эсрэг тал буюу хойт талын зам дугуух далан хол газар үргэлжлээгүй хэрнээ тэр хавийн айлууд, худалдааны төвийн гаднах наймаачид өдөр шөнө, өвөл зуныг ялгалгүй хог хаягдал, бохир усаа асгадгаас олон жилийн хур хог, угаадастай зууралдан дагтаршин зузаарчээ. Энэ заваан юм тэр хавийн хөрсийг, огиудас хүрэм эвгүй үнэр нь агаарыг бохирдуулж байгаа гээд төсөөлөөд үзээрэй. Далан дүүрсэн энэ хог, лаг шавар үерийн усанд туугдаж, Туул гол руу нийлдэг гэж бодохоор үнэхээр эмгэнэлтэй. Ийм бохир орчинд яаж эрүүл амьдрах юм бэ. Хотын ихэнх далан суваг үерийн далан уу, хогийн сав у гэдэг нь ялгагдахгүй болтлоо хогоор дүүрсэн байгаа.
Баянбүрд, Бөмбөгөр орчим хотын А зэрэглэлийн бүс гэдэг утгаараа Улаанбаатарын нүүр царай болдог. Нүүр царайгаа ямаршуухан байлгаж буйгаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга та нэг харчихаарай. Далан сувгийг хоггүй байлгах тийм хэцүү ажил гэж бодохгүй байна. Иргэдийнхээ ухамсарт хог хаяж болохгүй гэдгийг яагаад суулгачихаж чаддаггүй юм бэ. Гээндээ ч, гоондоо ч бий гэдэгчлэн яагаад хогны машин байн байн явуулж айлуудын хогийг ачдаггүй юм бэ. Энүүхнийг хийж чадахгүй бол дүүрэг удирдаж явахын хэрэг байна уу…
Бусад дүүрэгт энэ асуудал яг адилхан нүүрлэсэн байгаа. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинат орчимд бороо орохоор байсхийгээд үерийн далан сэтэрдэг. Даланг хогоор дүүргэснээс л ийм болж байгаа юм шүү дээ. Энэ хавийн далангаас байсхийгээд хүний цогцос олддог гэж байгаа. Арай л аймшигтай юм биш үү.
Жил болгон өчнөөн сая төгрөг зарцуулж, хогоо цэвэрлэж байна гэх ч хот маань хэзээ ч хоггүй байж үзсэнгүй. Хогоо хаяад болдоггүй юм бол тийм иргэдийн тархи толгойтой нь бус хэтэвчтэй нь харьцах цаг нь иржээ. Байнга ингэж хогон дундаа амьдрана гэж юу байх вэ. Богино хугацаанд хогноосоо салахын тулд зоригтойхон, бас санаачилгатай ажиллах хэрэгтэй байна. Эрхэм хотын дарга, дүүрэг удирдсан эрхэмүүдээ. Хог хаягдлын тухай хуулиа хүмүүст сурталчилж, хэрэгжүүлэхээс эхлээд хийх ажил их байна.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин