Францын эрх баригчид 1200 ногоон лонх тоолов

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Францын эрх баригчид 1200 ногоон лонх тоолов

Өнгөрсөн
долоо хоногийн сүүлээр Парист нэгэн ер бусын дуудлага худалдаа явагдав.
Европ дахин эдийн засгийн хямралд нэрвэгдээд байхад үнэтэй дарс өч
төчнөөнөөр нь хадгалж байх ичгэвтэр гэж үзсэн тул Елисэйн ордон (Palais
de l’Elysee) буюу Францын Ерөнхийлөгчийн өргөө дарсны цуглуулгынхаа нэг
хэсгийг худалдаж борлуулахаар шийдсэн юм. Эдийн засгийн хямралаас болж
тансаг дарснаасаа салахаар шийдсэн нь ганц францчууд биш бөгөөд Шведийн
хаан, Их Британийн Засгийн газар ч энэ талын зардлаа хэмнэхээр болсон
байна.

Елисэйн ордон Ерөнхийлөгчийн цуглуулгаас нийтдээ 1200
лонх дарсыг худалдахаар шийдвэрлэсэн юм. Гэхдээ энэ нь 1947 оноос хойш
өргөөний зооринд хуримтлагдсан нөөцийн ердөө 10 хувь ажээ. Энэ удаад
Францын дарсны өлгий Бордо, Бургундын дарснуудыг худалдахаар шийдсэн
бөгөөд Елисейн ордонд болсон бүхий л хүлээн авалт дээр эдгээр дарснуудыг
өгч, тэр ширээний ард төрийн чухал шийдвэрүүд гардаг байсан нь
тэдгээрийг үнэд хүргэх шалтгаан болно хэмээн тооцоолсон байна. Гэхдээ
тэдгээр нь дааж давшгүй үнэтэй зүйл ч бас биш, заримыг нь 15 еврогоос
эхлэн дуудсан бол ихэнхийг нь 100 евро хүрэхгүй үнээр худалдан авч
болохоор байв. Бас 1990 оны “Petrus” зэрэг 2200 еврогоос эхлэн дуудсан
өндөр үнэтэй дарс тэр дунд цөөнгүй байсан нь мэдээж. Гэхдээ дуудлага
худалдааны эхний өдөр борлогдсон дарснуудаас хамгийн хямд нь 350
еврогоор эзэндээ очсон бөгөөд Елисейн ордны цуглуулгад байсан гэдгээрээ
дарснуудын дундаж үнэ анхныхаасаа хоёр дахин нэмэгдсэн байна. Дээр нэр
гарсан “Petrus” гэхэд л 5.8 мянган еврогийн үнэ хүрсэн бол дуудлага
худалдаанд орсон хамгийн хуучны дарс болох 1936 оны “Chаteau Latour” 3.5
еврогоор зарагджээ.

Елисейн ордон энэ арилжаагаараа багагүй
мөнгө олсон гэдэг нь эргэлзээгүй бөгөөд дуудлага худалдаанд Хятад, АНУ,
Орос, Япон зэрэг олон орны төлөөлөл оролцсон юм. Одоо тэдгээр дарсыг
Елисейн ордны цуглуулгад байсан хэмээн дэлхийн олон орны томоохон
ресторан, зочид буудалд сурталчилж худалдах нь мэдээж.

Ордны
зоориноос дарс худалдах болсон нь, уг цуглуулгыг шинэчлэхэд зарцуулах
хөрөнгө бүрдүүлэхээс гадна улсын төсөвт нэмэр болох зорилготой байв.
Дуудлага худалдаанаас ойролцоогоор 250 мянган евро олохоор төлөвлөсөн
бөгөөд энэ хөрөнгөөр төрийн дайллага цайллагад хэрэглэх арай хямд дарс
авч үлдсэнийг нь төсөвт оруулах юм. Дарс авсны дараа хэчнээн хэмжээний
хөрөнгө үлдэх нь тодорхойгүй. Гэхдээ хэчнээн ч үлдсэн тэр нь Францын
төсөвт бодитой нэмэр болохоор хэмжээний хөрөнгө байж үнэндээ чадахгүй
билээ.     

Францын эрх баригчид ард түмний тусын тулд иймэрхүү
бэлэг тэмдгийн чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан нь нэг бус.
Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд л Бургундын төв хот Дижоны эрх баригчид
нийгмийн тодорхой хэрэгцээнд зарцуулах хөрөнгө хуримтлуулах зорилгоор
дарсны нөөцийнхөө тэн хагасыг дуудлагаар худалдсан юм. Тэд Елисейн ордны
худалдсанаас хэд дахин ихийг зарсан боловч ердөө 150 мянган евро олсон
билээ. 2006 онд Парис хотын захиргаа мөн зоориноосоо нэг хэсэг дарс
гаргаж худалдсан юм. Ерөнхийлөгч асан Жак Ширак Францын тэртээ 70-аад
онд нийслэлийн захирагч байх үедээ тэрхүү цуглуулгын эхийг тавьсан
бөгөөд Ж.Ширак ямар дарс авахыг өөрөө шийддэг байжээ. Заримыг нь
харьцангуй хямд авсан боловч нэлээд олон жил хадгалсан тул үнэ нь нэлээд
өссөн байв. Хотын захиргааны хүлээн авалтад зориулан цуглуулсан дарс 30
шахам жилийн хугацаанд 5000 шахам лонх хуримтлагдсан байжээ. Цагийн
эргэлтэд тэдгээрийг байлгаж байх шаардлага баахан буурсан, тухайлбал
70-аад оны үеийг бодвол хотын захиргааны цайллага дээр дарс уух нь
багассан байв. Уухгүй дарсыг хадгалах зооринд зардал гаргах нь ялангуяа
хямрал нүүрлэж эхэлсэн 2000-аад оны дунд үеэс утгагүй
болжээ.                      

Тансаг зэрэглэлийн ундаанд
зарцуулдаг хөрөнгөө Европын бусад орон ч хэмнэж эхэлсэн байна. Хэдэн
жилийн өмнө Их Британийн сайд нар дарсны нөөцөө худалдахаар шийдсэн
бөгөөд шалтгаан нь францчуудынхтай ижил байв. Дарсны зоорийг арчилж авч
явахад зарцуулдаг хөрөнгө өсч, нэмж мөнгө гаргах аргагүй болсноос гадна
сайд нар 10 мянган паундын үнэтэй дарс авахын тулд нийгмийн халамжид
зарцуулах хөрөнгийг танадаг гэж мэдээд ард иргэд тэртэй тэргүй хилэгнээд
эхэлчихсэн байжээ. Ингээд Засгийн газар дарсны зоорийг ядаж өөрийг нь
өөрөөр нь санхүүжүүлье хэмээн шийдээд хамгийн үнэтэй гэсэн дарснуудаа
зарж, цугласан хоёр сая паундыг (2.3 сая евро) нь үлдсэн дарсыг хадгалах
зоорины зардалд хэрэглэхээр болсон юм.         

Тэгвэл Шведэд
шулуухан хааны гэр бүлийнхнийг “чангалахаар” шийджээ. Юу гэвэл Кальмар
мужийн захирагч Стефан Карлссон хааны гэр бүлийнхэн болоод дагалдан явах
хүмүүст нь хямдхан дарс өгч, ингэснээр төсвийн хөрөнгийг үнэтэй дарсанд
үрдгээ байя гэж шийдсэн бөгөөд гуравдугаар сард тус улсын хаан Карл XVI
Густав болон хатан хаан  Сильвия, улмаар дагалдан ирсэн 50 зочныг нь
2010 оны “Ecologica Berlina” хэмээх дарсаар дайлсан байна. Ийм дарс
Шведийн захын дэлгүүрт 59 крон буюу ойролцоогоор долоон еврогийн үнэтэй
байдаг бол хоол ундны сэтгүүлүүдэд бичсэнээр үүнээс ч хямд байдаг гэнэ.
С.Карлссон нь албан ёсны хүлээн авалтад бусад мужийн захирагчаас хавьгүй
бага хөрөнгө зарцуулдгаараа Шведэд алдаршсан хүн юм. Тэрбээр 2012 оны
хоёрдугаар сард мужийн захирагч болсноосоо хойш ийм арга хэмжээнд
зориулан төсвөөс ердөө 14 мянган крон буюу 1600 евро гаргажээ.

Б.АМГАЛАН

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж