Азийн эдийн засаг улам бүр хамааралгүй болж байна

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Азийн эдийн засаг улам бүр хамааралгүй болж байна

Нийтийг хамарсан эдийн засгийн хямрал ард хоцорч байна. Гэхдээ дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэн мандсан хэмээн ярих нь арай эртэдсэн хэрэг болно. Ялангуяа хэмжээ хязгаарыг нь том хэмээн то­дорхойлохоос аргагүй Ев­ро­пын эдийн засаг сүүлийн хэдэн сарын турш “үхэх сэхэх”-ийн заагт  үзэж тарч байгааг дэл­хийн мэдээллийн агентлагууд онцолдог.
Харин энэ хооронд Азид амьд­рал урьдын адил үргэлжилж, дэлхийн эдийн  засгийн  чи­чир­гээг анзаарсан шинжгүй ажил хэрэг урагшилдагаараа ураг­шилсан хэвээр. Энэ нь экспертүүдийн дунд Азийн эдийн засаг хөгжингүй эдийн засагтай улс орнуудаас хамааралгүй хөгжих боломжтой гэсэн мартагдаад байсан мар­гааныг дахин сэдрээхэд хүргэлээ. Маргалдаанд орол­цогч экспертүүдийн ихэнх нь Азийн бүс нутгийн эдийн засаг Баруунаас хамааралгүй хөгжиж чадна хэмээн итгэдэг бол нөгөө хэсэг нь хөгжингүй орнуудын эдийн засгийн тогтвортой байдалгүйгээр хөг­жих боломжгүй гэцгээж байна. Энэ нь даяарчлагдаж буй дэлхийн хөгжлийн чиг хандлага хэмээн тэд тодотгодог.  Гэсэн хэдий ч хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт улам бүр удааширсаар байна. Тухайлбал, саяхан АНУ-ын Холбооны нөөцийн газар тус улсын Атланта болон Чикагогоос бусад хотод эдийн засгийн өсөлт царцанги байгааг онцлов. Иймэрхүү мэдээ Европоос ч бас чих дэлсч байна. Европын Төв банк энэ оны сүүлийн хагаст бүс нутгийн эдийн засгийн өсөлт огцом саарна хэмээн оношилжээ. Тухайн бүс нутгуудын эдийн засгийн иймэрхүү дүр байдал мөнөөх шинжээчдийг дахин маргаанд дуудаж, Ази хийгээд Барууны эдийн засаг тус тусдаа  харилцан хамааралгүй хөгжиж эхэлсэн, хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт саарч байгаагийн эсрэг Азийн бүс нутгийн орнууд эдийн засгийнхаа хурдацтай өсөлтийг харилцан дэмжиж байгаа талаар цэц булаалдаж эхэллээ.  Энэ тохиолдолд дэмжлэг гэдгийг Азийн орнуудын экспорт импортод голчлон хамааруулж авч үзжээ. Ажиглагчдын харснаар Азийн орнуудын гадаад худалдааны баланс G-3 буюу АНУ, Европын холбоо, Японоос огт хамааралгүй болсон гэнэ. Нэрт эдийн засагч Роб Саббараманы тооцоолсноор  энэ онд Азийн нийт экспортын 62 хувь нь  /Японыг оролцуулалгүйгээр/ “Их гурвал”-ыг тойрч байгаа аж. Түүнчлэн Ази тивийн нийт импортын барааны 68 хувь бүс нутгийн орнуудад ногдож байна. Энэ бүхний үндсэн шалтгааныг Роб Саббараман бүс нутгийн эрчимтэй хөгжилтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тухайлбал, Хятадын орон сууцны зах зээлийг сонирхож үзье. “Луу”-гийн орныхон барилгын материал болон  мебель бүтээгдэхүүнийг Латин Америк, Африк, Австралиас импортолдог. Газрын тосоо ч гэсэн “Их-3”-ын аль нэгээс бус Ойрхи Дорнод, Африкаас авдаг. Ажиглагчдын тооцож байгаагаар энэ орны экспорт ч  бас сүүлийн үед Африк, Латин Америк болон  Саудын Араб руу түлхүү чиглэж байгаа гэнэ.  “Азийн орнууд хөгжиж буй зах зээлтэй эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлснээр  хөжингүй орнуудын хамаарлаас улам бүр алсарч, бие даасан шинжээ олсоор байгааг”  нэр нөлөө бүхий эдийн засагчид нотолсоор байна. Гэхдээ үүнийг хүлээн зөвшөөрдөггүй хэсэг ч бий. Тухайлбал, “Goldman Sachs”-ийн шинжээчид энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд Азийн эдийн засгийн өсөлтийн хурд  3.2-3.5 хувь хүртэл саарна гэсэн дүгнэлтийг хийгээд байна.  “Credit Suisse”-ийн эдийн засагч  Роберт Приор-Вандерсфорд ойрын 9-12 сарын турш Азийн эдийн  засгийн өсөлт саарна гэсэн урьдач таамгийг гаргаад байх жишээний. Гэхдээ энэ дүгнэлтдээ Японыг оролцуулсангүй. Түүний хэлснээр “Азийн эдийн засгийг АНУ-ынхаас хараат бусаар авч үзэхийн  тулд БНХАУ-ын хэрэглээний бүтцэд гүн гүзнзгий өөрчлөлт гарах хэрэгтэй болно” хэмээн дүгнэж байна.

Гэхдээ л өнгөрч буй хямралын үр дагавраас харахад дэлхийн эдийн засгийн тэргүүлэх байр суурин дээр Ази тив гарч ирсэн гэдэг нь маргах аргагүй үнэн болж байна. Эдийн засгийн өсөлтийн хурдаараа тэргүүлж буй орнуудын тэргүүн эгнээнд  БНХАУ, Энэтхэг явж байгаа нь тодорхой. Сүүлийн таван жилд Ази тивийн эдийн засаг барагцаалахад 50 орчим хувь өссөн нь сайн үр дүн гэдэг нь маргаангүй. Бүр маш сайн гэж тодотгож болмоор. Энэ хөгжил хөдөлгөөн нь бүс нутгийн нэр нөлөөг улам бүр нэмэгдүүлж,  дэлхий нийтийн эдийн засаг, санхүүгийн асуудлыг хэлэлцэхэд тэдний  санал бодлын жин бан мэдэгдэхүйц нөлөөтэй болж байна. Эдүгээ хүчирхэг эдийн засагтай дэлхийн “Их-20”-ын бүрэлдэхүүнд Ази, Номхон далайн бүс нутгийн зургаан орон багтдаг болсон.  Түүнчлэн ОУВС-ийн саналын 20 хувь нь энэ тивийн орнуудад оногдож байна.

Гэхдээ энэ бүхэн Ази тив асуудалгүй болсон гэсэн үг хараахан биш юм. Хүн амын амьжиргааны түвшин, хүнсний хангамж одоо ч бэрхшээл хэвээрээ байна. 2010 оны байдлаар Ази тивд 14 сая хүн ядуу зүдүү амьдарч байна гэсэн тоо баримт байсан. Эдийн засгийн өсөлтийг хүн амын нийгмийн хамгаалалттай зөв уялдуулан хөгжүүлэх  явдал орхигдсон хэвээр байгаа юм.

П.БУЛГАН

Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж