Вень Зябаогийн айлчлал-эдийн засгийн цонхоор

Хуучирсан мэдээ: 2010.06.07-нд нийтлэгдсэн

Вень Зябаогийн айлчлал-эдийн засгийн цонхоор

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао энэ сарын 1-2-нд Монгол Улсад ажлын айлчлал хийгээд буцлаа. Энэхүү айлчлалыг “АЭ” долоо хоногийн онцлох үйл явдлаар нэрлэж байна. Ингээд айлчлалын үеэр яригдсан эдийн засгийн гол асуудлуудыг тоймлон хүргэж байна.

Түүний айлчлалыг эдийн засгийн багагүй амлалт дагасан юм. Монголын талд нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулан 50 сая юанийн буцалтгүй тусламж, мөн батлан хамгаалах салбарт зориулж 10 сая юанийн тусламж үзүүлэхээр болов. Амлалтаас  хамгийн том нь боловсруулах аж үйлдвэр, түүний дотор хөдөө аж ахуйн бүтэгдэхүүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалттай 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл байсан юм. Зээлийг хэрэгжүүлэх хугацаа, хүүгийн хэмжээ зэргийг зарласангүй. Тэдгээрийг хоёр талын холбогдох байгууллагуудаар хэлэлцсэний эцэст тохирох ажээ. Манай УИХ, Сангийн яам, БНХАУ-ын Экспорт, импорт банк гээд олон шат дамжлагаар ярилцаж байж үүнийг шийднэ гэдгийг албаны хүмүүс мэдэгдээд өнгөрсөн.

Энэхүү 500 сая ам.долларын зээл 2003 онд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн айлчлалын үеэр амлаад одоо болтол хэрэгжүүлж чадаагүй байгаа 300 сая ам.долларын түүхийг давтахгүй байгаасай хэмээн найдах үлдээд байна. Долоон жилийн өмнө БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр амласан 300 сая ам.доллар багагүй төвөгтэй түүхийг ардаа үлдээж өнөөг хүрсэн юм. ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллага маш хатуу болзолтой зээл хэмээн үзэж түүнийг авахаас татгалзахыг Монголын талд сануулж байв. Эхлээд орон сууц, дэд бүтцийн салбарт зарцуулах чиглэлтэй байсан уг зээлийн зориулалтыг долоон жилийн дотор хэдэнтээ сольсон юм. Эхний ээлжинд үндсэн зориулалтаар нь зарцуулах гэж байсан ч олон улсын санхүүгийн байгууллагуудын саналыг харгалзан УИХ-аар дахин хэлэлцэж үзэхэд үнэхээр хатуу болзолтой нь харагдаж байжээ. Хатуу болзолтой амлалтад бүхэлд нь Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргах байсанд хэргийн учир оршиж байв. Ингээд  2005 оны үед УИХ шийдвэр гаргаж зээлийн 60 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 40 хувийг Монгол Улсын Засгийн газар хариуцахаар болсон юм.

Б.Эрдэнэбатыг Эрчим хүч, дэд бүтцийн сайдаар ажиллаж байх үед 300 сая ам.долларыг бүхлээр нь Эгийн голын усан цахилгаан станц барихад зориулах шийдвэр гарсан билээ. Гэвч Эгийн голд станц байгуулбал ашиг олохоосоо хохирох нь илүү байх тооцоо гарсан тул тэгсхийгээд сураг тасарч, М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газар ч огцров.
Сүүлд мөнөөх 300 сая ам.доллар дахин “амилж” одоо Баруун бүсийн авто зам, Орон сууцны хороолол, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Мэ­дээ­лэл, холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл зэ­рэг төсөлд хуваан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Сая болсон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлалын үеэр хав дарагдсаар долоон жилийн нүүр үзсэн 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төслийн Зүтгүүрийн вагон худалдан авах дэд төсөл, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрүүдийг байгууллаа. Долоон жилийн өмнөх зээлийн хөрөнгийн амлалтын тал хагас нь одоо л ийнхүү хэрэгжих замдаа орохоор болсноос харахад сая амласан 500 сая ам.долларын зээл нэлээдгүй урт зам туулж байж ажил хэрэг болж магадгүй юм. Уул уурхай, ашигт малтмалын салбар Монголд хүчээ авах гэж буй үеийн өнцгөөс харвал боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлтэй энэ хөрөнгийг асар богино хугацаанд ашиглаж ч мэднэ. Өмнө 300 сая ам.долларын зээл өнөөг хүртэл хэрэгжээгүйгээс санаа авсан ч байж магадгүй, энэ удаагийн 500 сая ам.долларын зээлд Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргахгүй байж болно хэмээжээ.

                БНХАУ-аас Монгол Улсад үзүүлсэн зээл, тусламжийн товчоон:

1991 онд 50 сая, 1992 онд 30 сая, 1994 онд 50 сая юанийн зээлийг шаардлагатай бараа, материал худалдан авах зориулалтаар 2001, 2005 онд нийт 200 сая юанийн хөнгөлөлттэй зээлийг Сүхбаатарын цайрын орд газрыг ашиглах зориулалтаар 2003 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Баруун бүсийн авто зам, Орон сууцны хороолол, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Мэдээлэл, холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэх зориулалтаар олгохоор болжээ. Энэ нь мөнөөх долоон жилийн түүхтэй амлалт юм.

2003 он  Замын-Үүд Эрээнийг холбосон авто зам барихад 50 сая юанийн буцалтгүй тусламж
Мөн онд Нийслэлд Энхтайвны гүүрийг засахад 30 сая юанийн буцалтгүй тусламж
2004 онд 50 сая, 2005 онд хоёр удаа тус бүр 50 сая, 2006 онд 50 сая юанийн буцалтгүй тусламжийг биеийн тамирын цогцолбор байгуулах, 2000 тонн улаанбуудай нийлүүлэх, бэлчээрийн ажиглалтын станц байгуулах, чанарын хяналтын лаборатори байгуулах зориулалтаар 2007 онд 50 сая юанийн буцалтгүй тусламж, 10 сая юанийн буцалтгүй тусламжийг археологийн хайгуул, судалгаа төслийг хэрэгжүүлэхэд 2008 онд 40 сая юанийн буцалтгүй тусламж Мөн онд 10 сая юанийн буцалтгүй тусламжийг Батлан хамгаалах салбарт 2009 онд  20 сая юанийн буцалтгүй тусламжийг Монгол Улсын Засгийн газарт тоног төхөөрөмжийн зориулалтаар, мөн онд дахин 60 сая буцалтгүй тусламж 2010 онд зудын гамшгийг даван туулахад зориулж 10 сая юанийн эд материалын тусламж тус тус өгчээ.

Д.ЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж