Увс аймагт дасгалжуулагч нарын семинар болов

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Увс аймагт дасгалжуулагч нарын семинар болов

МЧБХ болон МҮОХ хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу Увс аймгийн Мюнхен олимпийн зөвлөлтэй /МҮОХ-ны Увс аймаг дахь зөвлөлийн нэр/ хамтран тус аймгийн төв Улаангом хотод Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын чөлөөт бөхийн дасгалжуулагч нарын семинар болж уг семинарыг ҮБТДС-ын багш, олон улсын дасгалжуулагч, докторант Ц.Баярсайхан, олон улсын шүүгч Х.Ганболд нар удирдан явууллаа.

Дээр дурдсан гурван аймгийн Биеийн тамир, спортын хороо, клубын дасгалжуулагч, дунд сургуулийн биеийн тамирын багш нийт хорь гаруй хүн хамрагдсан семинараар бие халаалтын шинэлэг дасгалууд, ганцаарчилсан ба хосоор хийх дасгалууд, өсвөр үеийн тамирчдыг шилэн сонгох аргачлал, эхлэн хичээллэгчдийн сургалт дасгалжуулалтын төлөвлөлт, хөдөлгөөний үйлдэл, дасгалууд, цаг хугацааны болон орон зайн мэдрэмж сайжруулах дасгалууд, акробатикийн дасгалын үзүүлэх нөлөө, үндсэн зогсолтоос шилжилт, хөдөлгөөний үйлдлүүд, мэхний хувилбарууд, өсвөр үеийн тамирчдын бэлтгэлийн болон тэмцээнд оролцох үеийн жин хасалт, барилдааны дүрмийн өөрчлөлт, шинэлэг техник, тактикын хувилбарууд, янз бүрийн хэрэглэлтэй дасгалууд, хэвтээ болон босоо мэхүүдийг эзэмшүүлэх аргууд зэрэг олон сэдвээр хичээл зааж дараа нь ярилцлага, хэлэлцүүлэг явуулсан байна.

Увс аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Д.Төрмөнх сэтгэгдлээ ярихдаа “МЧБХ-ноос хөдөө орон нутагт шилдэг дасгалжуулагч, шүүгч нараа ирүүлж манай багш дасгалжуулагч нарт сургалт явуулсан нь манай багш нарыг шинэ мэдлэгээр цэнэглэхэд чухал ач холбогдолтой боллоо. Хойшид ийм арга хэмжээг тогтмол явуулж байвал зүйтэй юм.” гэж хэллээ.

Семинарын үеэр олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин, Улсын начин Т.Артагийн нэрэмжит чөлөөт бөхийн уламжлалт тэмцээн явагдсан байна.

Эх сурвалж: www.wrestling.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж