Н.Хүрэлбаатарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Н.Хүрэлбаатарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд сайдын  сэнтийд “заларч” байсан Н.Хүрэлбаатарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хилээр гарсан байж болзошгүй бөгөөд одоо аль улсад байгаа нь тодорхойгүй байгаа юм. Түүнийг эрэн сурвалжлах болсон нь их хэмжээний сейфтэй мөнгөтэй холбоотой юм байна. Тодруулбал Н.Хүрэлбаатарын нууц хүү Х.Энхбатын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хотхоны 5-А байрны 35 тоотоос  их хэмжээний сейфтэй мөнгө алдагдсан дуулиан өнгөрөгч дөрөвдүгээр сард дэгдсэн. Хууль хяналтынхан түүний нууц хүү гэгдээд буй Х.Энхбатыг цагдан хорьсон бөгөөд сейфтэй их хэмжээний мөнгө Н.Хүрэлбаатарынх, өөрт нь хадгалуулж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Н.Хүрэлбаатарын нууц хүү гэгдээд буй Х.Энхбат нь найз охинтойгоо /Б.Болортуяа/  хамтран сейфтэй мөнгөнөөс авах гэж байснаас  сейфтэй мөнгө алдагдсан гэх шуугиан дэгдсэн бололтой.

Х.Энхбатын хувьд хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж эхлэх үед сейфэнд байсан хоёр сая 245 мянган юань (тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг) болон 6000 ам.долларыг эхлээд бизнес эрхэлж олсон мөнгө гэж байснаа удалгүй “III хороололд байх, миний залбирдаг Христийн сүмийн Болд гэдэг пасторынх” гэж улайж “сейф олдсон тул хэргийг хааж өгнө үү” гэсэн байдаг. Гэвч  хуулийн байгууллага тухайн мөнгөний эх үүсвэр хаанаас эхтэй болохыг тогтоохоор шалган, Х.Энхбатыг цагдан хорьсон байна. Тэрээр цагдан хоригдсоныхоо дараа их хэмжээний мөнгө аав болох Н.Хүрэлбаатарынх болохыг хүлээн зөвшөөрчээ.

 УИХ-аас өнгөрөгч тавдугаар сарын 31-ний өдөр Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг батлаад байгаа. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар банкуудаар хийгдэж байгаа 20 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй мөнгөн гүйлгээг / сэжигтэй гүйлгээ шалгах болж байгаа.

Өдгөө эх орноосоо гарсан сайд асан Н.Хүрэлбаатарын сейфэндээ хадгалж байсан их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг тогтооохоор түүнийг эрэн сурвалжилж, нууц хүүг нь цагдан хориод байна.

С.ОТГОНСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж