Залилан үйлдсэн Малайзчуудын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Залилан үйлдсэн Малайзчуудын ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хуурамч картаар их хэмжээний залилан хийсэн  Малайз улсын Тэ Ю Лин нарын таван хүнд холбогдох хэргийг тавдугаар сарын 31-нд өдөр хянан хэлэлцэж, ялыг хэвээр үлдээжээ.

Малайз улсын иргэн Тэ Ю Лин, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингапур улсын иргэн Хор Чи Чай нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Монгол Улсад өөрсдийнх нь нэр бүхий олон улсад ашиглагддаг “Master”, “Visa” төлбөрийн картуудыг хуурамчаар үйлдэн оруулж ирэн, түүнийгээ ашиглан 12 хоногийн дотор нийт 133 сая төгрөгийн барааг хуурч мэхлэх аргаар худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн болохыг шүүхээс тогтоосон юм. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Тэ Ю Линд 10.2 жил, Вон Жиан Лу, Су Го Ши, Чуа Син Ви, Чиа Гуан Сун, Сингапур улсын иргэн Хор Чи Чай нарт 10.1 жилийн хорих ял шийтгэж, чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэ гэмт хэрэгт Тэ Ю Лин нь худалдаа үйлчилгээний төвүүдийг зааж өгөх, дагуулж явах, замчлах, авсан бараа бүтээгдэхүүнийг нь хадгалах, хураан авах зэргээр оролцжээ. Харин үлдсэн гэмт этгээдүүд нь 49 ширхэг хуурамч картаар “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Хаан” банкаар дамжуулан гүйлгээ хийж, “Централ тауэр” худалдааны төвд байрлах “Hugo boss”, “Burberry” дэлгүүрүүд болон “Скайтел” ХХК,  “Скай”, “Наран”, “Номин” компанийн зарим салбар дэлгүүрээс гар утас, цүнх, хувцас зэргийг худалдан авч, Худалдаа хөгжлийн банкинд 43 сая, “Голомт” банкинд 83 сая, “Хаан” банкинд зургаан сая төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж