Хотод энэ жил зуншлага тааруухан болж магадгүй шинжтэй. Хотод ч гэлтгүй Монгол орон даяар зуншлага муутай байна. Зуны эхэн сарын хорьд хэдийнэ гарчихсан ч тэнгэр хангай нэг л сайн дулаарч өгөхгүй байсаар зун дуусах нь уу гэлтэй. Саяхны орсон нойтон цас уулын амуудад тогтож, зун биш хаврын хуйсагнуур өдрүүд л дуусахгүй үргэлжилсээр.
Ядаж байхад энд тэндгүй барилга барьж, зам засах нэрээр газар шорооны ажил эхэлсэн нь нийслэлийн өнгийг улам гутааж, гудамжаар хэд алхаад л шороо тоосонд нь дарагдаад үс гэзэг ч бүрзийчих юм. Цонхоо ч онгойлгохын эцэсгүй шороогоор шуурч, нийслэлчүүд өвөлдөө утаандаа хордож, зундаа тоос шороондоо хахаж цацан амьдарсаар удаж байна. Хэзээ Улаанбаатар шороо тоосноосоо салж, хэзээ нэг сайхан ногоон хотод амьдрах юм бүү мэд.
Уг нь өдийд зулай төөнөсөн халуу нар шатаж, газар дэлхий дуниартан, идээ цагаа ч элбэгшчихдэгсэн. Харин энэ жил хавсрага нүдсээр байгаад намартай золгож магадгүй байна. Цастай, шороотой, бороотой өдрүүд үргэлжилсээр энэ янзаараа бол нар буцах бололтой. Нар буцахад ердөө хагас сар гаруйхны хугацаа л үлдэж. Тэгээд удалгүй наадам, наадмын дараа намар. Намрын дараа дахиад л өвөл.
Ус цаг уурын хүрээлэнгээс гаргасан мэдээнээс харахад өнөөдөр гадаа 27 градус дулаан байх ёстой байлаа. Гэтэл гадаа тэнгэр сааралтаж, шороон шуурга тавиастай гадаах дулаан 27 хэм гэхэд итгэмгүй.
Манай цаг агаар шинжээчид сүүлийн үед худлаа хэлдэг болов уу, эсвэл тэнгэр хангайн ааш учрыг олохоо больсон уу, өнөөдөр бороотой, нартай, дулаан гэсэн мэдээ нь цаг ууртайгаа нэг л тохирч өгөхгүй байх юм. Ер нь нийслэлд жаахан дулаарангуут өмхий самхай үнэртэж, шороо тоосоор салхилдаг болсоор удаж байгаа л даа. Ногоон байгууламж гэх юмгүй, байснаа сүйтгээд, барилга, барьж, зам засахаар овоолсон шороогоо ядаж л аваачаад хол асгачихгүй тэр чигт нь хаячихдагаас болоод зундаа тоос шороонд хутгалдсаар д өвлийнхөө бохир агаартайгаа золгодог нь худлаа биш.
Монгол орон угийн хуурай уур амьсгалтай, дээрээс нь газар шороогоо ухаад жилээс жилд уур амьсгал бүр ч их хуурайших боллоо. Хаврын хаварт баахан л мод тарьдаг ажилтай, тэр нь ургасан ч юмгүй дараа жил нь өмнөхөөсөө бүр ч илүү мод уулнаас авчирч байгаад л тарих юм. Үр дүн нь хаана байгаа нь ч бүү мэд. Жилийн жилд хэдэн зуугаар нь тасалж авчираад тарьсан мод нь ургадагсан бол өнөөдөр шиг өдөр шороогоор шуурч, тоосонд нь дарагдахгүй л байсан биз.
Цас борооны арга эвийг олж чадахгүй юм аа гэхэд тоос, шорооны учрыг бол олчиход болмоор л санагдах юм. Адаглаад л барилгынхан нь овоолсон хог хаягдалаа хаячих сэтгэлтэй, замынхан нь ухсан нүхнийхээ шороог тэгшилчих ухаантай, тарьсан модоо усалчихдаг, ургасан модоо устгаад хаячихдаггүйсэн бол улаанбаатарчууд шороо тоосны зовлонг мэдрэхгүй байх боломжтой юм. Харамсалтай нь бидэнд тийм сэтгэл даанч алга. Тийм болохоор зуныг хүлээгээд л сууж байхаас. Хэзээ сургуульд орохыг хэлж өгөөч эмээ минь гэж дуулдаг шиг хэзээ зун болохыг хэлээд өгөх цаг уурчин байна уу, ингэхэд.