Аваргын төлөөх цувралын гурав дахь тоглолт өчигдөр явагдлаа. Цуврал 1:1-ийн харьцаатай тэнцээд байсан тул, хожсон баг нь цувралыг тэргүүлэх байсан. Мөн өмнөх тоглолтыг өнжөөд байсан Г.Ихбаяр, М.Бадрах нар хоёр дахь тоглолтоо дараалан өнжлөө.
Тоглолт эхнээсээ сонирхолтой болж, багуудын довтолгоо тун ширүүн байлаа. Эхний үед аль аль багууд довтолгооныхоо 50 хувийг амжилттай болгосон. Улмаар “SBL Хүлэгүүд” бага зэрэг давамгайлан, 31:26-гийн харьцаатай эхний үеийг дуусгасан. Үргэлжлүүлэн тоглолтын хоёр болон гуравдугаар үеүдэд “SBL Хүлэгүүд”-ийн онооны энэ давамгайлал үргэлжилсэн. “Хүлэгүүд” эхний хагаст онооны зөрүүг 12 болгож холдуулсан. Энэ хагаст “Хүлэгүүд”-ээс Б.Билгүүн 20 оноо оноо авсан бол “Гарьд”-уудаас Антонио Жонс 17 оноо авчээ.
Харин тоглолтын гуравдугаар үеэс багуудын хамгаалалт илүү идэвхитэй болсон байлаа. Улмаар гуравдугаар үед “Танан Гарьд”-ууд зургаан оноо илүү авч, оноог ойртуулсан. Ингэснээр гуравдугаар үе 73:67-гийн “SBL Хүлэгүүд”-ийн онооны давамгайллаар дууссан.
Гэсэн ч шийдвэрлэх дөрөвдүгээр үеийн эхлэлийг “Танан Гарьд” баг тун гайхалтай хийснээр, тоглолтын уур амьсгалыг бүр мөсөн өөрийн талд эргүүлсэн. дөрөвдүгээр үеийн эхний таван минутанд “Гарьд”-уудын хамгаалалт сайн болж, “Хүлэгүүд”-д ердөө хоёр оноо алдсан. Мөн Б.Мөнхболд, М.Отгонмөнх нарын дараалсан холын зайн шидэлтүүд амжилттай болж байснаар, 15 оноо авчээ. Ингэснээр “Гарьд”-ууд 82:75-ын харьцаатай тэргүүлж эхэлсэн.
Гэсэн ч тоглолтын дараагийн гурван минутанд “SBL Хүлэгүүд” сэргэлт авч чадсан. Сэлгээгээр гарч ирсэн З.Доржсүрэнгийн холын зайн шидэлт болон Дэвон Кларкийн тохолт багаа сэргээж, оноог тэнцүүлсэн. Ингэснээр үндсэн цаг дуусахад 1 минут 30 секунд үлдээд байхад оноо 91:91-ийн харьцаатай болж тэнцээд байсан юм.
Энэ үед багтаа хожил авчирсан тоглогч нь “Танан Гарьд” багийн Антонио Жонс байлаа. Тэрээр энэ чухал мөчид хоёр дараалсан холын зайн шидэлтээ цагариганд хийж, улмаар “Гарьд”-уудын хамгаалалт амжилттай болсон. Ингэснээр энэ тоглолтонд “Танан Гарьд” баг 101:92-ын харьцаатай, хоёр дараалсан хожил авлаа. “Гарьд”-уудаас энэ тоглолтод Б.Мөнхболд, Антонио Жонс, М.Отгонмөнх нар холын зайнаас гайхалтай шидэж, нийт 15 довтолгоо буюу 45 оноог авчээ. Мөн Жонс 32 оноо, Б.Мөнхболд 20 оноо, О.Ууганбаяр 17 оноо, М.Отгонмөнх 14 оноо авчээ. Аваргын төлөөх цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр буюу даваа гарагт 19:00 цагаас Спортын төв ордонд явагдана.
Үүний дараагаар цорын ганц тоглолтоор шийдэгдэх Үндэсний Супер лигийн хүрэл медалийн төлөөх тоглолт болсон. “Эрдэнэдрийлинг Ригс” болон “Энержи Ресурс Харцага” багууд хагас шигшээд хожигдсоноор, ийнхүү хүрэл медаль, 10 сая төгрөгний төлөө тоглосон юм. Энэ тоглолтын өмнө Үндэсний Супер лигийн Улирлын үнэ цэнэтэй тоглогч болсон “Харцага” багийн төвийн тоглогч Б.Одбаярт шагналыг нь гардуулан өглөө. Тэрээр энэ улиралд 15,9 оноо, 14,6 самбар, 1,5 блок дунджилсан байна.
Тоглолтын эхлэлийг “Харцага”-ууд бага зэрэг давуу хийж, эхний үед 20-17-н харьцаатай илүүрхсэн. Гэсэн ч хоёрдугаар үед Ригсүүдийн тоглолт сэргэж Скиннэр, Ш.Сэдбазар нарын довтолгоонууд амжилттай болж байсан бол, үеийн төгсгөлд Б.Батжавхлангийн баззер шот амжилттай болсон. Ингэснээр 2- р үед Ригс 12 оноо илүү авч, 42-33-н харьцаатай илүүрхсэн.
Харин тоглолтын гуравдугаар үеийн эхэнд “Харцага”-ууд оноог ойртуулахыг хичээж, Б.Одбаяр, Г.Баттөр нарын довтолгоонууд амжилттай болж байлаа. Харцагуудаас энэ тоглолтонд Б.Одбаяр багаа тэргүүлэн 23 оноо, 19 самбар авч, 4 оновчтой дамжуулалт өгчээ. Мөн Г.Баттөр 17 оноо, Б.Нэмэхбаяр 9 оноо авсан байна.
Харин Ригсүүдээс Маркус Скиннэр тун гайхалтай тоглосон. Рисгүүдийн амжилтгүй болсон олон довтолгооныг Скиннэр нэмж, цагариган дээрээс довтолж байлаа. Ингэснээр Скиннэр 29 оноо, 10 самбар, Н.Золжаргал 12 оноо, 10 самбар, Б.Батжавхлан 11 оноо авчээ. Мөн тэд багаараа 17 бөмбөг таслалт хийсэн байна.
Улмаар эхний хагаст үүссэн онооны зөрүү үргэлжлэн явсаар, энэ тоглолтонд 87-76-н харьцаатай “Эрдэнэдрийлинг Риг” баг хожиж, хүрэл медаль, 10 сая төгрөгний эзэд боллоо. Дашрамд дурдахад Үндэсний Супер Лигийн зөвхөн плэй-оффын шагналын сан нийт 70 сая төгрөг бөгөөд аварга баг 40 сая, мөнгөн медальтай баг 20 сая, хүрэл медальтай баг 10 сая төгрөг авч байгаа юм. Мөн улирлын тоглолтуудад хожсон баг нэг сая, хожигдсон баг 450,000 төгрөг авч байсан юм.