&#34Алтан ордоны яруу найраг&#34 ном хэвлэгджээ

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

&#34Алтан ордоны яруу найраг&#34 ном хэвлэгджээ

Уралаас нааших, Европийн хагас, Сибирийг бүхэлд нь эзэлэн оршсон Алтан Ордоны улсын түүх бол яахын аргагүй Монголын түүхийн нэгэн том хэсэг билээ. Нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй бээр Зүч, Цагаадай, Бат хааны болон тэдний цэргүүдээс үлдэж хоцорсон “иргэд”-ийн яруу найргийг орчуулан хэвлүүлжээ.

“Алтан ордоны яруу найраг” хэмээх эл номонд орсон шүлэгчдийн бүтээлүүд нь урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаж байсангүй, намтар цадиг нь ч тодорхойгүй ажээ. Уг номонд орсон бүтээлүүдийг ихэнхийг Татарын нэрт  яруу найрагч, нийгэм соёлын зүтгэлтэн агсан Равиль Бухараев орос хэл рүү хөрвүүлж, “Алтан Ордоны улсын алтан гургалдайн хүрээлэн” хэмээх өмнөтгөл үг бичиж хэвлүүлснийг орчуулагч Ж.Нэргүй номынхоо эхэнд хөрвүүлэн нийтэлсэн байна. Энэхүү өмнөтгөл бол утга зохиолын төдийгүй түүх, соёл судлалын томоохон сурвалж болох нь дамжигггүй хэмээн орчуулагч өгүүлсэн байна. Эдүгээгээс 700 орчим жилийн өмнөх Алтан ордоны улсын мэргэд сэхээтэнүүд бичгийн болоод сэтгэлгээний ямархан өндөр түвшинд хүрсэн байсныг эл бүтээлээс тольдон уншаарай.

Орчуулсан Ж.Нэргүйн 1300-гаад оны эхэн үеийн яруу найрагч Хорезмийн нэгэн Газель шүлгийг тольдуулж байна.

Газель

 
Майлс модон адил нарийн гоолиг чи минь ээ.
Мэхийвээс, диваажингийн орны эзэгтэй мэт эрхэмсэг ээ.
 
Сарнайн дэлбээ хөвсөлзөнхөн чам лугаа туялзах нь
Саяхан нахиалсан модыг үнсэх лүгээ адил аа.
 
Хацрын чинь туяанд сувдан ээмэг бөнжийгээд,
Хайрын дохио илгээх нь олон гариг анивчих нь адил аа.
 
Зааран анхилт үсний чинь хонгорцог бүхэн бөмбийгөөд
Задуулийн ангаахай дэрхийн, алган дотроос нисэх адил аа.
 
Улаахан уруул чинь биндэрьяа адил гэрэлтэвч
Уухилан хүрэх амьсгаанд хариу үгүй нь магад аа.
 
Харц чинь мөн бугуйлаас мэргэн, суран эрчит ажээ.
Хараа чинь бас түрэг харваачийн сум адил хурц аа.
 
Эгшин ирвээс бүү алдаач, эрхэмсэгхэн минь, чи.
Эмэгтэй хүн бүрийн аалийг даган аашил аа.
 
Үлэмж гоогийн сэнтий дээр хатан адил залрах чи минь
Үгүй гээд яах вэ дээ, ганцхан агшныг амла аа.
 
Аливаа бүхнийг чинь магтья аа, боол чинь больё оо.
Алтан гургалдайн дуугүй цэцэрлэг гэж байх уу даа.
 
Хагацлын мананд умбасан Хорезми шүлэгч бивээр
Хараа сунган чамайгаан даллав, наддаан ир дээ.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж