Майкл Дугласын хавдрын шалтгаан “HPV”

Хуучирсан мэдээ: 2013.06.03-нд нийтлэгдсэн

Майкл Дугласын хавдрын шалтгаан “HPV”

Сүүлийн үед бие нь эргээд сайжирч эхлээд буй талаар чихэнд чимэгтэй мэдээг фэнүүддээ хүргэх болсон нэрт жүжигчин Майкл Дуглас саяхан “The Guardian” сэтгүүлд ярилцлага өгөхдөө улаан хоолойн хорт хавдраар өвчилсөн шалтгааныхаа талаар сонирхолтой яриа дэлгэжээ. Өдгөө 68 настай жүжигчин эхэндээ тамхи болон согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс уг өвчнийг туссан хэмээн үзэж байсан ч сүүлдээ “HPV” буюу бэлэг эрхтэн, бусад арьс салстад хоргүй болон хортой хавдрыг үүсгэдэг “Хүний Папиллома Вирус” өвчний шалтгаан гэдгийг эмч нар оношлосон байна.

“The Guardian”-ий ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс таны улаан хоолойн хорт хавдар архи, тамхи ихээр хэрэглэсэнээс болсон уу? хэмээн асуухад тэрээр  хариуд нь “Үгүй ээ. Өвчний хамгийн гол үүсгэгч нь “HPV”. Энэ бол Хүн бүрийн тэр бүр мэдээд байдаггүй өвчин үүсгэгч вирус юм” гэжээ.

Анагаах ухаанд бол  “HPV” буюу Хүний Папиллома Вирүс (ХПВ) нь бэлгийн замын халдварт өвчний дунд дэлхийд тархсан эмгэг төрөгч гэнэ. ХПВ нь бэлэг эрхтэн болон бусад арьс салстад хоргүй болон хортой хавдрыг үүсгэдэг төдийгүй улаан хоолойн хавдартай хамааралтай байх магадлалыг олон судлаачид орчин үед судалдаг аж.

Дуглас 2011 онд улаан хоолойн хорт хавдраар өвчилсөн нь өөрт нь болоод түүний ойр дотныхонд ялангуяа Холливудын од, эхнэр Кетрин Зета Жонст хамгийн их сэтгэлийн дарамт болж байсан. Харин сүүлийн үед түүний биеийн байдал өмнөхөөсөө илүү сайжирч байгаа талаар эмч нар нь мэдэгдээд байгаа юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж