Оросын нэрт яруу найрагч Борис Пастернак өөд
болохоосоо арваад хоногийн өмнөөс цонхийсон цагаан царайтай явдаг болжээ. Учир
нь нэг найзынх нь гэрт байсан түүний гипсэн цээж баримал гэнэт нурж унасаныг
сонссон юмсанж. Тэр ч бүү хэл, "Би удахгүй энэ ертөнцөөс явна" гэж
ярьж байсан аж. Пастернакийн энэ байдлыг харсан хүмүүсийн зарим нь зохиолч яруу
найрагч нарт үе үе илэрдэг сэтгэлийн хөөрөл гэж үзжээ. Харин түүнийг сайн
мэддэг ойр дотны хүмүүс нь "Борис сүүлийн үед уруу царайтай явдаг боллоо.
Үйл хэрэг нь л бүтэмжгүй байгаа юм байх" гэцгээж байсан аж. Харин Борис
Пастернак түүний гипсэн цээж баримал хагарч унаснаас яг арав хоногийн дараа
нас баржээ. Нэг үгээр хэлэхэд, түүнд үхлийн совин татаад байж. Хүн ер нь зөн совиндоо
итгэх хэрэгтэй юу? Зөн совин үнэн байдаг уу?
Энэ асуултанд янз
бүрээр хариулдаг. Америкийн Индианагийн их сургуулийн эрдэмтэн мэргэжилтнүүдийн
гурван зуун хүний дунд явуулсан судалгаанаас үзэхэд, гурван хүний нэг нь зөн
совиндоо итгэдэг гэж хариулсан байна. Харин хоёр хүний нэг нь энэ тухай ярихаас
ч эмээдэг. Муу ёрлож, яршиг удсан юмнаас холуур явах хэрэгтэй гэж үзжээ.
Үнэндээ зөн совинд итгэх хэцүү аж. Гэхдээ хүнд зургаа дахь мэдрэхүй нь эртнээс
бий болжээ.
Үүнийг тэд зөн совин
хэмээн хэлж заншиж. Зарим хүний зургаа дахь мэдрэхүй бусдаас илүү хөгжсөний
ачаар аливаа үйл явдлыг урдаас төсөөлөн хэлэх чадвартай болдог аж. Тийм ч
учраас хүн төрөлхтний түүхэнд Нострадамус, Вольф Мессинг, Ванга зэрэг домог мэт
яригддаг зөнч олон бий. Тэдний хэлсэнд итгэх нь ч бий, үгүй нь ч байдаг.
"Хүн яагаад муу совиндоо итгэдэг нь сонин юм". Үүнийг эрдэмтэд хүний
эмзэг сэтгэлтэй холбон тайлбарлажээ. Насанд хүрсэн ямар ч хүн аз жаргалыг хүсэн
мөрөөддөг. Харин тэдний мөрөөдөлд саад болох гэнэтийн азгүй явдал, өвчин, үхлээс
айдаг байна. Чухам хүн бүрт байдаг энэ далд айдсыг өдөөж өгдөг муу совинд
амархан итгэдэг байна. Бас үүнд хүний амьдралд тохиолддог санамсаргүй явдлууд
нөлөөлдөг аж.
Австрийн сэтгэл зүйч
Зигмунд Фрейд утсаар ярихаас үхтлээ айдаг байжээ. "Утасны цаанаас хүн
дуугарах нь шөнийн харанхуйд сүнс амилах шиг болж муу ёр дууддаг" гэж Фрейд
хэлж байсан гэдэг. ХХ зууны нэрт сэтгэл зүйч утсаар ярихаас ингэтлээ айдаг
байсан нь хэнд ч инээдэмтэй санагдах биз. Энэ алдарт хүнд яагаад ч юм бэ, утсаар
ярьсны дараа ямар нэг хачин явдал тохиолддог байжээ. Нэг удаа тэр утас
дуугарахаар нь авах гэж яваад хамгийн хайртай барималаа татаж унагааж хагалаад
бөөн хараал зүхэл болж байж. Мөн утас дуугарсаны улмаас тэр бүдэрч унан хөлийн
шагайгаа гэмтээж байсан аж.
Алдартай хүмүүсийн
амьдралд тохиолдсон явдлаас иш татсан зөн совинтой холбоотой ийм жишээ олон
байдаг. Гэхдээ жирийн амьдралд, энгийн хүмүүст ч бас зөн совин байдгийг мартаж
болохгүй. Харин түүний нууцыг тайлахад л бэрх аж. Амьдрал дэндүү үнэ цэнэтэй
эд. Хүн өөрийгөө болзошгүй аюул, хувь заяаны гэнэтийн хувиралаас хамгаалахыг
хүсдэг. Үүнийг ойлгосон бурхан тэнгэр хүмүүст зөн совин илгээсэн байж болох.
Зургаа дахь
мэдрэхүй гэж юу юм бэ? Хүнд байгалиас заяасан үгээр илэрхийлэхэд хэцүү мэдрэмж
байдаг аж. Тэр нь тухайн этгээдийн амьдралд тохиолдох сайн муу явдлыг урьдаас
зөгнөн "дохио санамж" өгдөг байна. Жишээ нь: Та бусдад муу үйл хийсэн
хүнтэй санамсаргүй тааралджээ. Хэдийгээр түүнийг та танихгүй ч гэсэн тэр этгээд
нүдэнд тань хүйтэн харагдаад байж болох. Тухайлбал нохой эзнийхээ үхлийг тэвчиж
чаддаггүй амьтан аж. Тиймээс эзэн нь "нутаг буцах" нь ойртоод ирвэл
гэнэт алга болчих юм уу эсвэл учиргүй их боргож хуцдаг байна. Харин муур арай
өөр. Эзнээ амьсгал хураан хураатал нь дэргэд нь байдаг гэнэ. Санаа муутайдаа бус
ямар нэгэн таагүй явдлыг тэвчиж өнгөрүүлэх чадвартайдаа муур ийм араншин
гаргадаг аж. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, аливаа амьтны зургаа дахь
мэдрэхүй өөрт нь тохиолдсон гэнэтийн явдлаас цочирч үүнээс, хэт хөгждөг гэнэ.
Өөрөөр хэлбэл хүний зөн билэг эмгэнэлээс эхтэй аж. Тухайлбал ХХ зууны
"Албин чөтгөр" гэгддэг Вольф Мессинг багадаа бие султай, шөнө сарны
гэрэлд унтаагаараа явдаг, аймхай нэгэн байсан аж. Нэг удаа айсанаасаа
хойш гэнэт далдыг хардаг болж. Мөн Ванга гэнэт сохорсоныхоо дараа үзмэрч
болсон ч гэдэг. Гэхдээ энэ нь зөнч мэргэч нарт хамааралтай хэрэг л дээ.
Харин жирийн хүний
хувьд, тэр өөрт тохиолдох аливаа явдлаа төрөлх зөнгөөрөө мэдэрч, тэр совин нь
янз бүрийн хэлбэрээр дамжин илэрдэг байна. Тухайлбал, хэн нэгний эрхэмлэж явдаг
шүтээн гэнэт хагарч эвдрэх жишээтэй. Бас янз бүрээр зүүдлэх нь байдаг. Хүн
эмгэнэлт явдлыг урьдаас мэдэрдэг. Америкийн домогт жүжигчин Мэрилин Монро нас
барахаасаа долоо хоногийн өмнө муухай зүүд зүүдлээд байна гэж уйлдаг болсон
байна. Түүнд зүүдээр нь дамжиж үхлийн совин татсан бололтой. Тэгвэл домогт
Битлзийн Жон Ленноны эхнэр Йоко Оно нэг үе түүнтэй цуг байх нь там болж байлаа
гэж дурссан байдаг. Жон нас барахаасаа бараг сарын өмнөөс гэртээ дандаа нүцгэн,
зөвхөн шаахайтайгаа явдаг болжээ. Түүнийг ийнхүү чөлөөтэй байхад нь гэрийн бүх
зүйл цэвэр цэмцгэр байх ёстой гэж үзэж байсан юмсанж. Тэгээд тэр нэг удаа
тамхины үнсний саванд нь үс наалдсан байхыг хараад, Йоко Оног үнсний сав
цэвэрлэсэнгүй гэж үхтэл нь занчжээ. Нэг үгээр хэлэхэд түүнд төрсөн далдын муу
совин ямагт тайван биш байлгаж, зовоож байсан бололтой.
Мичиганы сургуулийн
эрдэмтийн бас нэг судалгаа хүнд зөн совин хачирхалтай нөлөөлдөгийг харуулжээ.
Хүн сайн совин татахад хайхрамжгүй бараг тэдэнд тоглоом шоглоом болгон ханддаг
аж. Холливудын нэрт жүжигчин Брюс Уиллис арван гурав хүртлээ "зүггүй
тархи" байсан гэдэг. Нэг удаа Оскарын шагнал гардуулах ёслолыг үзэж байна
гэж зүүдэлжээ. Ажил сургуульгүй, ямар нэгэн тодорхой зорилгогүй явсан жаалхүү
энэ зүүдээ бараг зохиол мэтээр дэвэргэн үеийнхэндээ нэмэр хачиртай ярьсан аж.
Зүүд зүүдэлснээс хойш нэлээд хэдэн өдөр түүнд ямар нэгэн баяртай явдал
тохиолдох юм шиг санагдаад байсан гэнэ. Гэвч Брюс Уиллис гудамжинд зодооны
хэрэгт орооцолдсоноор мөнөөх "баярт зөн" дуусчээ. Энэ явдлаас хойш
тэрээр зөн совиндоо итгэхээ больсон гэж ярьсан байдаг.
Энэ мэтчилэн олон
тоо баримтуудыг дурдаж болох. Тэгэхээр зөн совиндоо итгэх итгэлээс маань
хамаарч бидний ирээдүйд болох үйл хэрэг эерэг эсвэл сөрөг болох нь шийдэгдэх
аж. Гэхдээ "Зөн совин", "Зургаа дахь мэдрэхүй" гэх зүйлсийг
бидний хэлээр яг яаж оновчтой тайлбарлахыг хэн ч хэлж мэдэхгүй билээ…