-Өмнө нь хуульч мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан, 25 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр шүүгч болох боломжтой байлаа. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар маш олон нэмэлт шалгуур тавьсан гэж сонссон. Түүний талаар тодруулъя?
-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчид тавьдаг шаардлагыг нэлээд нарийсгалаа. Тухайлбал, шүүгчид мэргэжлийн, ёс зүйн, эрүүл мэндийн болон зан суртахууны шалгуурыг тогтоолоо. Энэ бол Үндсэн хуулийн заалтыг нарийвчлан дэлгэрүүлсэн хэрэг. Шүүгчид тавих шаардлага өндөр байх олон үндэслэл бий. Жишээ нь, шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлдэг, хууль ёс, хүний эрх, шударга ёсны баталгаа болдог гээд олон хариуцлагатай чиг үүрэгтэй. Шүүгчийг “ярьдаг хууль” гэж нэрлэдэг нь түүнд тавьж буй нийгмийн шаардлага юм. Хамгийн шийлдэг хуульч шүүгч болдог, тийм байх ёстой гэсэн үнэлэмж дэлхий нийтийн чиг хандлага. Манай улс ч гэсэн тэр зүг рүү явж байгаа нь хуулийн энэ зохицуулалт, шаардлагаар харагдаж байна. Шүүгчдээ тавьдаг шаардлагаа өндөрсгөж байгаа нь хүний эрх, шударга ёсонд оруулж байгаа хөрөнгө оруулалт гэхэд хилсдэхгүй.
-Энэ нарийвчилсан зохицуулалтыг иргэд, зарим хуульчдын зүгээс хүний эрх зөрчсөн, Үндсэн хуульд зааснаас илүү шалгуур тавьсан гэсэн шүүмжлэл гардаг?
-Шүүгчид ийм нарийсгасан шалгуурыг зөвхөн хэн нэгэн албан тушаалтан биш, харин хуулиар тогтоодог болж буй нь давуу тал гэж үзэх ёстой. Тийм учраас түүнийг шүүмжлэх бус, харин шүүхийн шинэтгэлийн нэг амин чухал тал гэж харах нь зөв. Шүүгч болох гэдэг нь хүний үндсэн эрх, эрх чөлөө биш. Харин шударга шүүхээр хамгаалуулах нь хүний үндсэн эрх, эрх чөлөө. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ёстой шүүх, түүнд ажиллах шүүгчид өнөдөр шаардлага тавьж эхэлж байгаа нь шүүхийн шинэтгэлийн нэг чухал бодлого гэж би хувьдаа харж байна.
-Таны хэлж байгаагаар хуульд заасан энэ өндөр шалгуур, шаардлагуудыг хангасан шүүгч хүний эрх, эрх чөлөөг хамгаалж чадна гэж бодож байна уу?
-Тэгэлгүй яахав. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан 9 төрлийн шаардлагыг хангасан хэн ч шүүгчийн албан тушаалд өрсөлдөх боломжийг нээж өгсөн. Харин энэ хуулиас гадуур аливаа нэмэлт шалгуур, шаардлага тавихгүй юм. Ер нь ямар ч иргэн “25 нас хүрсэн, хуулийн сургууль төгссөн хүнээр маргаанаа шийдвэрлүүлэх”-ийг, эсхүл “….. ийм ийм шаардлага хангасан хүнээр маргаанаа шийдвэрлүүлэх”-ийг илүүд үзэх үү гэдэг нь ойлгомжтой байх. Дахин хэлэхэд тохиолдлын хүн шүүгч болохгүй, шүүхийн үүд хаалга хатуу, босго нь өндөр болох эхлэл тавигдлаа.
-Мэргэжлийн болон ёс зүйн өндөр шаардлагаас гадна өөр бусад шаардлагууд тухайлбал, ийм ийм зан чанартай байна гэж хуульд заасан байгааг юу гэж үзэх вэ?
-Шүүгчийн ажил нь өөрөө мэргэжлийн өндөр ур чадвараас гадна хүнлэг, төлөв төвшин, төвийг сахисан, бодь чанарыг шаардаж байдаг. Жишээлбэл, “бусдын саналд хүндэтгэлтэй хандана” гэдэг нь гаднах зан байдлаараа хүндэтгэлтэй, эелдэг төдийгүй, дотоод сэтгэлийн хувьд ч тэр бусдын гаргаж буй учир шалтгаан, тайлбарт анхааралтай хандах, дүгнэн цэгнэж байхыг шүүгчээс ажил нь шаарддаг. Аливаа асуудлыг дэнсэлж, шүүхийн тулд бүх л талаас нь харж, тунгаан, сэтгэлийн аливаа хөдлөлөөс ангид байж л аль болох зөв бөгөөд бодитой шийдэлд хүрнэ. Энэ нь өөрөө шүүгчийн үндсэн ажил учраас ийм зан чанартай байх шалгуур тавихаас өөр аргагүй юм. Шүүгч бол бурхан биш “хүн” учраас тэрээр хүнд байдаг сөрөг, муу чанар, сэтгэл бий болохгүй гэх баталгааг хэн ч өгөхгүй тул бусдын шүүмжлэлийг хүлээн авах, өөрөө өөрийгээ цэгнэх чадвартай байхыг мөн хуулиар шаардаж байна.
-Шүүгчид тавигдах ёс зүйн шаардлага нь бусад хуульчдад тавигдах ёс зүйн шаардлагаас өөр байх уу?
-Шүүгчийн ёс зүйн асуудал бол ганц манай улсын төдийгүй, олон улсын хэмжээний, дэлхий нийтийн асуудлын нэг. Энэ шүүгч ёс зүйтэй байна уу, үгүй юу гэдгийг бусад хүмүүс л үнэлнэ. Хуульчдад тавигдах нийтлэг ёс зүйн шаардлага болох шударга ёсыг эрхэмлэх, хүний эрхийг дээдлэх зэрэг шалгуураас гадна “бусдын нөлөөнд автахгүй, бие даан шийдвэр гаргах чадвартай” гэдэг нь шүүн таслах ажлыг хийхэд заавал байхгүй бол болдоггүй зүйл. Бусдын нөлөөнд автахгүй байхын тулд мэдлэг чадвар, туршлага, дээр дурдсан зан суртахууны шинж чанарыг өөртөө төлөвшүүлсэн байх хэрэгтэй гэж би бодож байна.
-Та шүүгчид тавигдах ёс зүй, зан байдлын талаар ярилаа. Мэргэжлийн хувьд ямар нарийвчилсан шалгуур байна вэ?
-Ямар ч мэргэжлийн ажлыг эрхлэхэд мэргэжлийн шалгуур тавигддагийн адил шүүгчид тухайн дагнан ажиллах салбарын, жишээлбэл эрүүгийн, иргэний, захиргааны зэрэг эрх зүйн аль нэг салбараар мэдлэг туршлагатай, монгол хэлний бичгийн болон ярианы соёл, компьютер, бичиг хэргийн программыг ашиглах чадвартай байхыг хуульд заасан.
-Хэрэг, маргааныг шийдвэрлэхийн тулд уг асуудалтай холбоотой хууль, түүний мөн чанарыг танин мэдсэн, хуулийг хэрхэн зөв хэрэглэхээ мэддэг байхаас гадна, яагаад ийм шийдвэр гаргаснаа бичгээр болон амаар ойлгуулах чадвартай байж гэмээ нь хараат бус, шударга шүүгч болж чадна.
-Манай улс шүүхийн анхан, давах, хяналтын гэсэн 3 шатны шүүхийн тогтолцоотой байгаа. Эдгээрт ажиллах шүүгчийн хувьд тавигдах шалгуур хэр ялгаатай вэ?
-Түрүүн бид 2-ын ярилцаад өнгөрсөн шүүгч хүнд, шүүгч болохоор зорьж байгаа хүнд тавигдах 9 төрлийн шалгуур, шинж чанар бүх л шатны шүүгчид хамааралтай. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг процессийн, хууль хэрэглээний зэрэг талаас нь хянан үздэг дээд шатны шүүхэд ажиллахын тулд ажлын туршлагын хувьд арай олон жилийн шаардлага тавигдсанаас гадна, энэхүү туршлага дээрээ үндэслэн судалгаа, дүгнэлт хийж, хууль хэрэглээний болон хуулийг сайжруулах талаар санал дэвшүүлэх чадварыг эзэмшсэн байхыг шаарддаг.
-Шүүгч бол судлаач биш биз дээ, заавал судалгаа шинжилгээ хийдэг, санал онол дэвшүүлдэг байх гэсэн шаардлага хэр оновчтой юм бол доо?
-Тэр үнэн, заавал судлаач байх шаардлагагүй л дээ. Гэхдээ онол, практикийг хослуулах нь шүүх, хууль хоёрын уялдаа холбоог улам сайн болгоно гэж үздэг. Тухайлбал, шүүхээс гаргаж буй шийдвэрээс хүмүүс юуг хийвэл зөвдөх, юуг хийвэл буруудахыг харж байдаг. Шүүгч хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргаж чадвал хууль өөрөө бодитой хэрэгжих, түүний нөлөөн дор хүмүүсийн хооронд үүссэн тэгш бус, зүй ёсны бус байдлыг арилгаж байдаг. Шүүхээр шийдвэрлэгдэж буй хэрэг, маргааны шалтгаан нөхцөл, нийгэмд, хүмүүст үзүүлж буй нөлөөллийг хамгийн түрүүнд мэдэрч, ойлгох боломжтой хүмүүс бол шүүгч юм. Ийм учраас хууль хэрэглээний болон хуулийг сайжруулах санал дэвшүүлэх чадвартай байх нь шүүгчид байх давуу тал юм.
-Шүүгчид тавигдах шаардлага, шалгуурын талаар яриад байвал дуусахгүй бололтой. Гэвч энэ удаа цаг заваа гарган товч ярилцлага өгсөн танд баярлалаа
-Тийм ээ. Энэ сэдэв өөрөө маш өргөн, олон талаас нь харж болох сэдэв л дээ. Энэ талаар өөрийн бодож явдаг зүйлээ илэрхийлэх боломж олгосон танд ч мөн баярлалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин