Тодруулбал, эхнийх нь гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд тэтгэлэг олгох тухай хуулийн төсөл санаачлахаар болсон аж. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тайлбарласнаар өмнөх УИХ-ын үед МАН-ын бүлгийн гишүүд гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд сар бүр тэтгэмж олгох тухай хуулийн төсөл санаачлан УИХ-д мэдүүлснээр хэлэлцэх эсэхийг нь дэмжээд байсан. Гэвч өнөөдрийн УИХ дахь Ардчилсан намын бүлэг тухайн үед эсэргүүцэж завсарлага аван, хоёр жилийн турш гацааж эцэст нь төслийг батлах боломжгүй болгосон. Одоо харин энэ намынхан өөрсдөө олонхи болонгуутаа гурав болон түүнээс дээш хүүхэдтэй эхчүүдэд тэтгэлэг олгох хуулийн төслийг УИХ-аар батлуулна гэж байна. Уг нь энэ санаачлагыг гаргасан нь одоогийн цөөнх. Гэтэл ийм санаачлагыг одоо л Ардчилсан намын бүлгийн гишүүд гаргаж байгаа юм шиг ойлголт төрөх сурталчилгааг өнгөрсөн өдрүүдэд хийлээ. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд өмнөх УИХ-д өргөн мэдүүлж байсан төслөө улам боловсронгуй болгож ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлнэ" гэлээ. Өмнөх парламентад өргөн мэдүүлсэн төсөлд гурван хүүхэдтэй эхэд сард 70 мянга, дөрвөн хүүхэдтэй эхэд 140 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор заасан байжээ.
УИХ-д өргөн мэдүүлэх хоёр дахь хуулийн төсөл нь их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудыг үнэ төлбөргүй сургах тухай аж. Оюутнуудад сар тутамд тэтгэлэг олгохоос өмнө малчин өрхөөс гурван хүүхэд их, дээд сургуульд суралцаж байгаа бол нэгийг нь төрийн зардлаар сургах. Төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийг төрөөс даах зэргээр сургалтын төлбөрийг нь улсаас даадаг байсан. Энэ үед их, дээд сургуулиудын санхүүжилтийн 80 хувь нь төрөөс төлбөрийг нь даадаг суралцагчдынхаас бүрддэг байсан гэнэ. Тиймээс оюутнуудыг үнэгүй сургах хуулийн төслийг УИХ-аас баталсан нөхцөлд эдийн засагт нэг их дарамт учруулахгүй гэж бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийсэн гишүүд мэдэгдлээ. Мөн тэд зургаадугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Алдарт эхийн I, II зэргийн одонг эхчүүдэд олгосон явдал нь сонгуулийн хуулийг зөрчсөн байх магадлалыг өндөрсгөж байгаа. Тиймээс төрийн тэргүүнийг хуульд захирагдан сонгуулийн сурталчилгаагаа хийхийг хүсэж байна гэж мэдэгдлээ.
Мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Бямбацогт нар хийлээ.