Тухайн үед тус хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Даваадоржоос алдагдсан гэх автомашины даатгалтай холбоотой асуудлаар асуулт тавьж байж.
Тухайлбал “Б.Даваадорж нь Германд ажиллаж байхдаа ажлын бус цагаар албаны машин унаж яваад хулгайд алдсан. Яг одоо миний асуусан асуултад тайлбар өгөхийг хүсч байна” гэжээ.
Харин гишүүний асуултад одоогийн УИХ-ын гишүүн Сү. Батболд дараах хариултыг өгсөн байдаг. Тэрбээр “Бид энэ асуудлыг сайтар нягталж үзсэн. Автомашины асуудал Б.Даваадоржид огт хамаагүй юм билээ. Тэгээд ч даатгалаас автомашины нөхөн төлбөрийг гаргуулж чадсан” гэсэн хариулт өгч байж.
Үүний дараа тус хуралдаанд оролцсон Б.Даваадорж “Алдагдсан автомашины тухай сайд хэллээ. Хулгайд машинаа алдахдаа би өөрөө унаж явсан. Намайг нэг газар руу ороод гараад иртэл машин алга болсон байсан. Гэхдээ машинаа буцааж олсон шүү дээ. Даатгалын компаниас нөхөн төлбөр авахдаа алдсан машинаа улам сайжруулсан.
Харин үүний дараа танай машиныг оллоо, авах уу гэж тус газраас асуусан. Бид уг машиныг буцааж аваагүй” гэж хариулсан байдаг. Дээрх үйл явдал нь 2009 оны УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан асуудлууд билээ.
Харин эндээс хэд хэдэн зүйлийг онцлоход алдагдсан автомашиныг Германы “Альяанс” нэртэй даатгалын компанид даатгуулж байжээ. Тухайн үедээ уг автомашиныг маш өндөр үнээр худалдаж авсан байдаг.
Харин уг автомашиныг хулгайд алдсан гэдэг үндэслэлээр дээрх даатгалын компаниас нөхөн төлбөр авсан нь сүүлд илэрсэн.
Хамгийн хачирхалтай нь хулгайд алдагдсан автомашин нь тун удалгүй бүрэн бүтнээрээ олдсон явдал. Эндээс нэгэн хачирхалтай зүйл ажиглагдаж байгаа юм.
2009 онд хуралдсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр алдагдсан машин эргээд олдсон гэж ярьсан мөртлөө “Машин яагаад олдов, ямар учраас алга болов, “Альяанс” даатгалын компаниас яагаад татгалзах болов” гэдэг олон асуудлыг шалгаагүй нь асуудалтай.
Тухайлбал ЭСЯ дээрх даатгалын компаниас татгалзаж гэрээгээ цуцалсан мөртлөө хувийн даатгалын компанитай гэрээ хийснийг нь олж тодруулах шаардлагатай байсан юм.
Хэрвээ одоогийн даатгуулсан компанид ЭСЯ-ны ажилчид хуурамчаар бүртгүүлсэн бол яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Нэг ёсондоо хэн нэг нь азгүйтэн автомашины осолд орох юм бол албан тушаалаа хуурамчаар бүртгүүлсэн ажилтнууд нь илэрч бас л Монгол Улсын нэр хүнд сэвтэхийг үгүйсгэх аргагүй.
Товчхондоо манай улсын ЭСЯ даатгалын компанийн өмнө шившигтэй байдалд орно гэсэн үг. Тэгэхээр анхнаасаа будлиантай байсан томилгоо нь аль эрт 2009 онд болсон үйл явдлыг эргээд сөхөж байна гэдэг нь өөрөө маш том асуудал гэж ярих хүн ч олон байгаа юм.
Хэрвээ тухайн үед алдагдсан машины талаар нухацтай авч хэлэлцсэн бол өнөөдөр ийм асуудал дэгдэхгүй байхыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь яагаад даатгалын компаниас гэрээгээ цуцлав гэдэг нь ихээхэн сонирхолтойгоос гадна түүний ард ямар нэгэн булхай нуугдаж байж ч болзошгүй юм.
Ямартай ч 2009 онд ХБНГУ-д амьдарч байсан Монгол иргэд автомашины тухай мэдээллийг цахим хуудастаа тавьж байж.
Энэ удаа ч мөн тус улсад амьдарч буй олон иргэн МУ-ын нэр хүнд Герман улсад навс унах хандлагатай байна хэмээн мэдэгдэж байгаа нь анхаарвал зохих асуудал мөн.
Монгол Улсын нэрийн өмнөөс ХБНГУ-д элчин сайдаар сууж буй Б.Даваадорж гээч эрхмийн тарьсан хэрэг төвөг, гай балаг дуусах яагаа ч үгүй бололтой дог оо.
Үргэлжлэл бий..
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"